Ерөнхийлөгч Х.Баттулга нийслэлийн гурван музейн байр, ашиглалтын асуудалтай танилцав


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг болон яам, нийслэлийн соёлын асуудал хариуцсан албаныхантай Үлэг гүрвэлийн төв музей, Дүрслэх урлагийн музей болон Монголын үндэсний музейд очиж, музейн байр, ашиглалт, үзмэрийн хадгалалт, хамгаалалтын асуудлаар санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “…музей нь хүүхэд, залуусын хүмүүжил, соён гэгээрлийн ажилд маш тустай…” тул салбарын сайд, ажилчдыг байлцуулан музейн байр, ашиглалт зэрэг энэ салбарт тулгарч байгаа зарим асуудлын хүрээнд санал солилцон, шийдвэрлэх гарц эрэлхийлэхээр зарим музейн үйл ажиллагаатай танилцаж байгаа гэдгээ хэлэв.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ

Монголын үндэсний музей 1924 онд нээгдсэн Монгол Улсын нийт музейн үзмэрийн 30 гаруй хувийг буюу 60 мянга орчим нэгж үзмэрийг хадгалан хамгаалж, судлан шинжилж иржээ. Нийт үзмэрийн 10 гаруй хувийг байнгын үзүүллэгийн танхимаар үзүүлдэг байна. Мөн өнөөдрийн байдлаар Нэн эртний Монгол орон, Эртний улсууд, Монголын эзэнт гүрэн зэрэг сэдэв, агуулгад хуваан дэглэсэн 9 танхимтай, мөн хүүхдийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх музейн боловсролын өрөөг тохижуулан ажиллаж байгаа юм байна.

Музейн байранд нуралт, хазайлт зэрэг асуудал байхгүй ч музейн байр бүхэлдээ агааржуулалтын системгүй, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст музей үзэхэд зориулсан цахилгаан шат байхгүй зэрэг асуудлууд тулгамдаж байгаа аж.

Мөн музейн удирдлагууд “…харьяа байгууллагууд, хууль, цагдаагийнхан зарим аймгийн нутгаас олддог булш бунхныг бүртгэлжүүлэх, хамгаалах асуудал тулгамдаж байгаа…” талаар судалгаа, баримтад тулгуурлан ярьсан юм. Жишээ нь, Хөвсгөл аймгийн нутагт байх 100 гаруй булшийг хууль бусаар булш ухагсад ухаж, алт, үнэт эдлэл зэргийг нь авах төдийхнөөр эртний дурсгал, түүхэн олдворуудыг үгүй хийсэн явдал гарч байжээ. Гэтэл музейн зүгээс тэдгээр хууль бус ухагчдын гараар орж, сүйдсэн газарт археологийн хээрийн шинжилгээ, малтлага, судалгаа хийхэд л 1,000 гаруй олдвор олдсны дотор дэлхийд хосгүйд тооцогдох хас хээтэй торго, нарийн сийлбэртэй ясан сая зэрэг олдож байжээ. Тиймээс булш, хиргисүүр зэрэг газруудыг харж, хамгаалах зайлшгүй шаардлагатай байгаа гэсэн юм.

ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МУЗЕЙ

Үлэг гүрвэлийн музей нь харьцангуй хожуу буюу 2013 онд Засгийн газрын тогтоолын дагуу байгуулагдсан. Мөн Монгол Улсын музейн түүхэнд анх удаагаа өөрийн музейн концепцийг боловсруулж зохиогчийн эрх авсан байгууллага юм. Одоогоор 1,000 гаруй м.кв талбайд үзмэр, үзүүлбэрээ дэлгэжээ.

Тус музейн захирлын танилцуулснаар 2013-2019 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд 190 мянга гаруй том хүн, 139 мянга гаруй хүүхэд, 75 мянга гаруй гадаадын жуулчинд музейгээ үзүүлж, улсын төсөвт 358.8 сая төгрөгийн орлого оруулжээ.

 
 
 
 

Тус музейн барилгыг 1974-1980 онд тухайн үеийн Соёлын яамны захиалгаар улсын төсвийн хөрөнгөөр бариулсан бөгөөд өдгөө хэсэгчилсэн засвар, урсгал засвар зэргээр музейн хэвийн үйл ажиллагааг хангаж байгаа юм байна. Хэдийгээр энэ музейн барилга муудсан хэдий ч аль болох хуучны байшинг арчилж, тордоод байнгын үйл ажиллагаа явуулахаар музейн хамт олон зорьж ажиллаж байгаа гэлээ.

ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙ

Дүрслэх урлагийн музей нь одоогийн байршилдаа 1966 оноос эхлэн анхны үзэгчдээ хүлээн авч байсан ч барилга нь 1905 онд баригджээ. Чулуун суурьтай, тоосго, мод хослуулсан угсарсан зузаан хана, газрын давхар бүхий өвөрмөц хийцтэй энэ барилгад музейн 17 танхим, 4 сан хөмрөг бий аж. Гэсэн ч барилгын зай талбай болон бусад шалтгаанаар 20 мянга гаруй үзмэрийн ердөө 10 хувийг олон нийтэд дэлгэн үзүүлдэг юм байна.

Музейн барилгын хана, суурийн угсралт, бэхэлгээг тухайн үеийн нарийн технологиор хийсэн тул одоо хэр нь тэсч байгаа ч зарим хэсгээрээ суулт өгч, жил бүр засвар шинэчлэлийн ажил хийх шаардлагатай болдог байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ