Жаран тэрбумын "хөх" хамгаалагчид Эрдэнэтийн 49 хувиар элэгдүүлж байна

        Ээлжит бус чуулганы сургаар хаврын улс төр  хачин жигтэй мэдэгдлүүдээр үргэлжилж байна. Хараад байхнээ эрх баригчид гэхээсээ илүү Ардчилсан намд байсан, байгаа, одоо удирдаж байгаа нөхдүүд ээлжлэн гарч ирээд нэгнээ намнахчаа аядаж байх шиг.  "Жаран тэрбумын "хөх хамгаалагчид" хэмээгдэж УИХ-д бүлэггүй болтлоо навс нүдүүлээд байсан АН-ын дарга нар Эрдэнэтийн 49 хувийг авах Засгийн газрын давуу эрхээс тагалзуулж чадсан луйварчид хэмээгдэж эхлэв.  Тэдний хэлсэн хийсэн үйлдлүүд цагаан дээр хараар тодорч, олон нийтэд ч ил болж эхэлсэн. Тухайлбал УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга асан Д.Эрдэнэбат гэгч этгээдийг МАНАН бүлэглэлийн хөх хамгаалагчдын нэг, Багануураар тоглож, Эрдэнэтийн хууль бус ажиллагаанд голлох рольтой оролцсон нөхөр хэмээн цоллож байна. Түүнээс намынхан нь ч нүүр буруулж эхэлсэн нь Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнайгийн: 

 -"Эрдэнэтийн 49 хувийг хэрхэн авсан тухай зурагтаар үзсэн. Зурагтын нэвтрүүлэг үзэж байхад тэнд гэмт хэргийн шинжтэй зүйлүүд ажиглагдсан. Хэрвээ Бүлгийн дарга Д.Эрдэнэбат эрүүгийн хэрэг хийсэн нь тогтоогдвол хариуцлагыг нь тооц" гэсэн ярианаас нэвт ажиглагдаж байлаа.  Хуучнаар бол МҮДН-ийхэн хэмээгдэх  Н.Батбаяр, Д.Эрдэнэбат тэргүүтэй нөхдүүд Ардчилсан намдаа суудал өнцөгдсөөр байгаа тул засал ном хийлгэхээс өөр аргагүй болжээ.

  Үнэндээ хашааны гадаа байсан Р.Амаржаргалыг дуудаж дарга болгосон нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын Ардчилсан намаас гарсаны маргааш юм шүү дээ. Ер нь тэгээд ээлжилж гарч ирээд бие биенээ намнахчаа аядаад байгаа нөхдүүдийг сэтгүүлчид лав хайрлахгүй л байх. Жаран тэрбумын шокноосоо ч гарч чадалгүй, Эрдэнэтийн 49 хувиар элэгдүүлээд эхэлчихсэн Ардчилсан намынхан одоо л жинхэнэ утгаараа шинэчлэгдээсэй билээ.

    Намын даргыг бол тэгж ингээд аймаг дүүргүүдээ багцалж магцалаад сонгочихдог шүү дээ. Түүнийгээ бүх ард түмнээс сонгогдчихсон мэт шинэчлэл гэж мөн ч олон сар жил ярилаа даа. Үзэл санаа,үнэт зүйл,бодлого ярьж шинэчлэгдээсэй.

   Тойрог горьдож амаа үдүүлж явсаар, тойрхоо зуруулсан хойноо бие дааж нэр дэвшихчээ аядаж, бие биенээ хорлож, олон мянган ардчилсан үзэлтэй хүмүүсийн зүрх сэтгэлээр л битгий тоглоорой. 


Д.Галт      


СЭТГЭГДЭЛ БИЧИХ