1990-ээд оны секс бэлгэдэл Шaрон Стоун 61 нас хүрчээ


1992 онд дэлгэцнээ гарсан найруулагч Пол Верховений “Үндсэн зөн” (“Basic Instinct”) эротик триллер киноны гол дүрд тоглосныхоо дараа дэлхий даяар секс бэлгэдэл гэгдэж байсан Холливудын од Шaрон Стоун өчигдөр 61 нас хүрчээ. Хэдий тийм ч тэрээр гоолиг биетэй хэвээр, наснаасаа хавьгүй залуу харагдсаар байгаа аж.

АНУ-ын Пенсилвани мужийн Мидвилл гэх жижигхэн хотод 1958 оны гуравдугаар сард төрсөн тэрээр 1975 онд дунд сургуулиа дүүргээд дээд сургуульд элсэн орохын сацуу гоо бүсгүйн нэгэн тэмцээнд оролцсоныхоо дараа моодны агентлагтай гэрээ хийн Парис, Миланд хүртэл загвар өмсөгчөөр ажиллаж байжээ.

Харин алдарт найруулагч Вуди Аллений ”Оддын тоосонцрын тухай дурсамж” (“Stardust Memories”) эмгэнэлт инээдмийн кинонд галт тэргэн дахь бүсгүйн зурвасхан дүрд тоглосныхоо дараа кино бизнест хөл тавьсан аж. Эхэндээ телевизийн олон ангит кинонуудад тоглож байсан тэрээр нэлээд хожуу, гучин нас гарсныхаа дараа Холливудын том дэлгэцийн кинонуудад гол дүр бүтээж эхэлсэн юм.

Шарон Стоун 1990 онд Арнолд Шварценеггертэй “Бүхнийг сана”(Total Recall), 1992 онд Майкл Дугластай “Үндсэн зөн”, 1994 онд Силвестр Сталлонетей “Мэргэжилтэн” (”The Specialist”), Ричард Гиртэй “Уулзвар” (“Intersection”), 1995 онд Роберт Де Ниротой “Казино” (Casino), Жин Хекмен, Леонардо Ди Каприо нартай “Хурдтай ба үхсэн” (”The Quick and the Dead“) зэрэг кинонд гол дүрд тоглон нэр алдар нь хурдан түгсэн билээ.

Тэрээр Мартин Скорсезегийн “Казино” киногоор шилдэг эмэгтэй жүжигчний номинациар “Алтан бөмбөрцөг”-ийн шагнал хүртэж, “Оскар”-ын шагналд нэр дэвшиж байв. 

Шарон Стоун хувийн амьдралынхаа талаар ярих дургүй бөгөөд гурван удаа гэрлэхдээ хүүхэд төрүүлээгүй юм. Сүүлийн нөхрөөсөө салсныхаа дараа тэрээр хоёр хүүхэд үрчилж авчээ. Мөн Италийн сэтгүүлч Энцо Курсиотой дотно харилцаатай гэнэ.

Б.Туг


 





СЭТГЭГДЭЛ БИЧИХ