Д.Эрдэнэбат: Cанхүүгийн хувьд төр худалдаж авах боломжгүй нь үнэн

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн давуу эрхээсээ татгалзах болсон Засгийн газрын шийдвэрийн талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат тайлбар хийлээ. Тэрбээр “Засгийн газрын тэмдэглэл ил болсон нь зөв” хэмээгээд ОХУ-ын “Ростех”-ийн захирлаас ирсэн захидалд яагаад Засгийн газар давуу эрхээсээ татгалзах болсон шалтгаан бий гэсэн юм.

Д.Эрдэнэбат үргэлжлүүлэн “Оросын талаас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг зарах саналтай байгаа тухай захиа ирсэн. Захидалд төлбөрийн хугацааг ажлын 12 хоногт багтаахыг заасан байсан. Энэ бичиг 2016.06.01-нд үйлдэгдээд Засгийн газарт ирсэн. Уг бичгийн дагуу ажлын 12 хоногийн хугацаанд Оросын зарах гэж байгаа 49 хувийг Монголын төр эрхзүйн шийдвэр гаргахын тулд 400 сая ам.доллар босгож амжих уу гэдэг асуудал үүссэн. Ярих амархан. Засгийн газар үүнийг ярьсан. Миний танилцуулга дээр санхүүгийн хувьд төр худалдаж авах боломжгүй нь үнэн, 12 хоногийн хугацаанд багтахгүй байсан. Ээлжит бус чуулган завсарлачихсан байсан” гэсэн юм.

Мөн “Эцсийн эцэст би сайдын хувьд зарчим бодлого хоёрын шийдэлд тулсан. Нэгэнт төр худалдаж авах боломжгүй учраас хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэг зарчмыг барьсан. Монгол Улсад 49 хувь орж ирээд “Эрдэнэт” 100 хувь Монгол Улсад орж ирсэн нь улс төрийн зөв шийдэл байсан.

49 хувийн хулгай гэдэг өөр асуудал. Оросын талаас худалдах санал оруулж ирсний дагуу “Эрдэнэт” үйлдвэрийг Монголд оруулж ирсэн явдал нь хулгай биш. Засгийн газрын шийдвэр зөв гэж ойлгож байна. Энэ үйлдвэр 100 хувь Монголын өмч болсон. Ганцхан энэ үйлдвэр цаашдаа улс төрийн бус эдийн засгийн хэлээр ажиллаасай гэж хүсч байна” гэлээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ