Алиса Жамбалова Универсиадад гурав дахь удаагаа аваргалжээ


Оросын Красноярск хотноо болж буй оюутан залуучуудын Универсиад наадамд буриад цаначин бүсгүй Алиса Жамбалова хувийн уралдаан, дагах уралдаанд дараалан түрүүлж хошой аварга болсныхоо дараа нэлээд ядарсан тухайгаа “ТАСС” сонины сурвалжлагчид ярьж байсан билээ. Иймээс ч богино зайны спринтийн уралдаанд хүрэл медалийн оосроос атгах шахан дөрөвдүгээр байр биз ээ.

Харин 3х5 км-ийн буухиа уралдаанд Оросын багийн шийдвэрлэх сүүлчийн буюу гуравдахь шатанд өрсөлдөгчдөөсөө хол тасран барианд орж Яна Кирпиченко, Екатерина Смирнова нарын хамт аваргалан гурав дахь алтан медалиа зүүсэн байна. Багийн буухиа уралдаанд Япон мөнгө, Итали хүрэл медаль хүртжээ.

Буриадын Мухар Шэбэрэй аймгийн Сагаан Нуур тосгонд төрсөн 25 настай тэрээр өнөөдөр Универсиадын бөөн гарааны уралдаанд мөн өрсөлдөх юм.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ