Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX наадам эхэлжээ
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Красноярскийн хязгаарын захирагч А.В.Усс-ын урилгаар Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд хүндэт зочноор оролцжээ. Наадмын нээлтийн ёслолд 6000 гаруй зочин төлөөлөгч, албаны хүмүүс, 59 орны 3000 гаруй тамирчин, дасгалжуулагч, 1000 гаруй уран бүтээлчид оролцсон байна.
Элчин сайд Б.Дэлгэрмаа арга хэмжээний хүрээнд “Универсиадын хотхон”-д зочилж, тус наадамд оролцож байгаа Үндэсний багийн хамт олонд хүндэтгэл үзүүлэн, Монгол Улсын төрийн далбааг Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадмын тэнгэрт мандуулах ёслолын ажиллагаанд оролцож, үндэсний баг тамирчиддаа амжилт хүсч, хамт зураг авахуулж, наадмын Зохион байгуулах комисст бэлэг дурсгалын зүйл гардуулав.
Манай үндэсний баг тамирчид цана, цанын орон зай баримжаалах спорт, шорт трейк, уран гулгалт, фристайлын спортын таван төрөлд 16 тамирчин, 6 дасгалжуулагч, албаны 4 нийт 26 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Монголын баг тамирчид 1991 оны Японы Саппоро хотноо болсон Өвлийн Универсиад наадамд эхлэн оролцож байсан түүхтэй. Түүнээс хойш оюутан тамирчид 14 дэх удаагаа өвлийн Универсиад наадамд хүчээ сорьж байна.
Элчин сайд Б.Дэлгэрмаа Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадамд оролцож байгаа манай үндэсний баг хамт олныг хүлээн авч, шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлж, “Азийн хүүхдүүд 2020” олон улсын спортын наадмын зохион байгуулах хорооны гишүүдийг туршлага судлах боломжийг бүрдүүлэхэд идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа Монгол Улсын өргөмжит консул Е.А.Кузминыг сайшааж, талархал илэрхийлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ