Байцааны тухай сонирхолтой баримтууд
Одоо болтол эрдэмтэд байцааг хаанаас гаралтай тухай нэгдмэл санаа бодолд хүрээгүй байгаа билээ. Хувилбар болгон Хятад, Газрын дундад тэнгис болон тэр ч байтугай Англи, Ирландыг нэрлэдэг байна. Гэхдээ хүмүүс манай эринээс өмнө байцаа тарьж байсан нь тодорхой юм.
Байцаа буюу “капуста” гэдэг үг нь эртний Грекийн “капутум” (толгой) гэсэн үгнээс гаралтай бөгөөд энэ уг ногооны өвөрмөц хэлбэрийг онцлосон хэрэг.
Эртний Египетэд байцааг хаадын зоогонд өгдөг байсан нь түүнийг тансаг хоолонд тооцож байснаас тэр гэнэ. Харин байцааг Хятадад анх дарж эхлэсэн бололтой. Хятадын цагаан хэрмийг барьж байсан тэр цагт барилгачдыг гоньд, цоохор майлз бүхий дарсан байцаагаар хооллодог байж. Ийм хоол нь хүмүүсийг хүчийг сэлбэж, ядаргааг тайлдаг хэмээн үзэж байжээ.
Эртний Грекийн нэрт математикч Пифагор ч байцаа тарьж байсан гэдэг. Энэ ногоо нь хүнийг хөгжилтэй, сэргэлэн байлгаж, түүнчилэн тархи мэдрэлийг тайвшируулдаг гэж тэр үзэж байжээ.
Эртний грекчүүд болон ромчууд арав орчим төрлийн байцаа тарьж байсан байна. Арванесдүгээр зуунд байцааны төрөл гуч орчим, одоо нэг зуу гаруй болжээ.
XVI зууны Оросын утгазохиолын дурсгалт бичиг болох “Домострой” гэдэг номонд байцаа тариалах аргуудыг дэлгэрэнгүй бичсэн байдаг байна. Тийнхүү эртний оросууд байцааны үрслүүрийг тавдугаар сарын 18-ний өдөр суулгах нь сайн ургац авахын баталгаа хэмээн үздэг байжээ.
Бөөрөнхий байцааны хамгийн амттай хэсэг нь түүний гол гэж хуучин Зөвлөлт Холбоот Улсад үздэг байсныг хүмүүс одоо болтол санадаг байна. Гэвч энэ нь хамгийн хортой гэнэ. Юу гэвэл нитратын ихээхэн хэсэг нь чухамхүү байцааны голд хуримтлагддаг гэж эрдэмтэд үздэг байна. Байцаа нь тарвасыг бодвол, нитратыг илүүтэй агуулдаг аж.
XIX зууны Оросын нэрт сонгон үржүүлэгч Ефим Андреевич Грачев олигтой боловсрол олж авч чадаагүй нэгэн байжээ. Тэр Санкт-Петербург хотын захын дүүрэгт төрсөн байна. Эцгийг нь нас барсны дараа энэ айлын амь зуулгын хэрэгслийн гол эх сурвалж нь ногооны талбай болжээ. Үрийг шилж сонгох талаар хийсэн амжилттай туршилт нь боловсрол тааруу Ефим Грачевт 1877 онд Парисын хөдөө аж ахуй, аж үйлдвэр, худалдааны академийн гишүүн болох боломж олгосон гэнэ. 1873 онд Венийн хүнсний ногооны үзэсгэлэн дээр бүтэн 10 дэлэм буюу 71 сантиметрийн диаметр бүхий асар том бөөрөнхий байцаагаараа тэр үзэгчдийн гайхширыг төрүүлж байжээ.
Америкийн Нью-Жерси муж улсын хуулиар, ням гарагаас бусад өөр ямар ч өдөр байцаа худалдахыг зөвшөөрдөг гэнэ. Харин чухамхүү юу ийм хачирхалтай хориг тавих шалтгаан юу болсныг хэн ч мэддэггүй аж.
Харин баруун Виржинид байцаа дарж болдоггүй гэнэ. Дарсан байцаа нь эвгүй үнэр гаргаж, хүмүүсийн тайван байдлыг алдагдуулдаг байж болох юм гэж үздэг ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ