“Эрдэнэс Тавантолгой” эрдэмтэдтэй хамтран ажиллана
“Эрдэнэс Тавантолгой- Инноваци, үйлдвэрлэл” зөвлөгөөн өнөөдөр “Туушин” зочид буудалд боллоо. Уг зөвлөгөөнийг “Эрднэс Тавантолгой” ХК, Эрдэмтдийн зөвлөл хамтран зохион байгуулав. Тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлэх хүрээнд дэвшилтэт технологиудыг нэвтрүүлж, эрдэмтэн, судлаачдын бүтээл, санааг компанийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг тус компани зорьж байгаа аж. Энэ хүрээнд эл уулзалтыг зохион байгуулж, Эрдэмтдийн зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
Түүнчлэн эрдэмтэд нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргаж авах, эко болон ногоон технологи нэвтрүүлэх, уурхайн ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах чиглэлийн 10 гаруй илтгэл хэлэлцүүлэв. Тухайлбал, метан хий олборловол эдийн засагт ач холбогдолтой гэдгийг эрдэмтэд онцлов. Үүнийг урд хөршид ихээхэн сонирхож буй бөгөөд метан хийнээс эхний ээлжинд 800 мВт эрчим хүч экспортлох боломж бий хэмээн тооцоолжээ. Тооцооллоор Тавантолгойн орд газар 10 орчим тэрбум шоо метр метаны нөөцтэй гэнэ. Өөрөөр хэлбэл, нэг шоо метр метан хий литр дизелийн түлштэй энергийн хувьд тэнцдэг аж. Ингэхээр 10 тэрбум литр дизелийн түлшний нөөцтэй хэмээн тайлбарлав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ