СЕХ: МАХН-ын дарга Н.Энхбаярын сонгуульд нэр дэвших эрх нээлттэй
УИХ-ын сонгуулийн Хэнтий аймаг дахь 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн талаар СЕХ-ноос мэдээлэл хийлээ.
СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдбаатар "Одоо мөрдөгдөж байгаа сонгуулийн тухай хуулинд нөхөн сонгууль зургадугаар сарын сүүлийн ням гариг, аравдугаар сарын эхний ням гаригт болно гэж хуулинд заасан байдаг. Энэ хуулийн заалтыг үндэслэж, УИХ-аас нөхөн сонгуулийг товлон зарласан байгаа. СЕХ-ны зүгээс дээд шүүхэд бүртгэлтэй 31 намаас нь 27 намд нь зөвлөж маягаар албан бичгээ хүргүүлсэн. Төрийн албан хаагч, Төрийн өмчийн компанийн захирал, дэд захирал, Төрийн өмчийн оролцоотой компанийн эрх бүхий албан тушаалтнууд сонгуульд нэр дэвшихдээ УИХ-аас сонгууль зарлан товлосноос тав хоногийн дотор албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөх ёстой. Тэгэхээр нэр дэвших сонирхолтой эрхмүүд энэ сарын 15-ны дотор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө гэсэн үг.
Мөн сонгуулиас 120 хоногийн өмнө нэр дэвшигчийн болон сонгуульд оролцож байгаа намын сонгуулийн зардлын дээд хэмжээг аудитын газраас тогтоож өгөх ёстой. Тодруулбал, гуравдугаар сарын 1-нээс өмнө тогтооно" гэлээ.
Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Сонгууль явуулахад хэчнээн төгрөг зарцуулах вэ?
-Сонгууль явуулах зардлыг УИХ-ын чуулганы хоёрдугаар сарын 2-ны хуралдаанаар баталсан. 287,6 сая төгрөг зарцуулна. Үүнээс 246,1 сая төгрөг нь СЕХ-ны нэр дээр, 32 сая гаруй төгрөг нь Улсын бүртгэл, 8 сая гаруй төгрөг нь цагдаагийн байгууллагад зарцуулагдана. 21 хэсэгт санал хураалт явагдана. 21 хэсэгт 500 орчим хүн ажиллах тооцоолол байна.
-Сонгуулийн ирцийг бүрдүүлэхэд СЕХ хэрхэн яаж анхаарах вэ?
-Сонгогчдын тоо 17450 байна. 2016 онд 16519 сонгогчтой байсан. 900-гаад сонгогчид нэмэгдсэн. Ирц дээр санаа зовох нь гайгүй болов уу. Учир нь 2016 онд энэ тойргийн сонгуулийн ирц 80 хувьтай байсан. 80 хувь гэдэг бол өндөрдөө орно. Нөхөн сонгуулийн ирц бол 50+1. Гэхдээ ирц дээр бид анхаарч ажиллана.
-Шилжилт хөдөлгөөнийг хэзээнээс эхэлж хааж эхлэх вэ?
-УИХ-ын тогтоол албан ёсоор тэр газартаа хүргэгдээгүй байна. Тогтоол энэ долоо хоногт хүргэгдэх байх. Тогтоол хүргэгдсэнээр Улсын бүртгэлийн газраас шилжилт хөдөлгөөнийг хаана.
-МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвших эрх нээлттэй юу?
-Нээлттэй.
-Сонгуулийн дүнг шууд дамжуулах уу?
-Шууд дамжуулахаар төлөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ