Төрийн албаны зөвлөлийг Б.Баатарзориг даргална
Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогийн үүрэгт хугацаа дууссан учир УИХ-ын намрын чуулганаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байсан.
Тэгвэл түүний оронд Б.Баатарзоригийг Төрийн албаны зөвлөлийн даргаар томилжээ.
Төрийн албан зөвлөлийн 5 гишүүн Төрийн албаны хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу даргаа дундаасаа сонгон томилдог бөгөөд зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн нууцаар санал хурааж, олонхийн санал авсан Б.Баатарзоригийг Төрийн албаны зөвлөлийн даргаар томилжээ.
Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нь багш мэргэжилтэй, боловсролын болон хууль зүйн магистр, Төрийн захиргааны тэргүүн зэргийн тэргүүн түшмэл зэрэгтэй, төрийн албанд 30 дахь жилдээ ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагч юм.
Б.Баатарзориг ажлын гараагаа багшийн мэргэжлээр эхэлсэн бөгөөд аймгийн боловсролын газрын дарга, Шинжлэх ухаан боловсролын яам, Гэгээрлийн яаманд газрын дарга, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч зэрэг алба хашиж байсан. 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан.
Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр ажилласан гурав дахь жилдээ тус зөвлөлийн даргын үүрэгт ажилд сонгогдон томилогдож байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ