Хөгжлийн банкны 1.3 их наядын төгрөгийн санхүүгийн зөрчлийн задаргаа
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Цагаан сарын дараа Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүдтэй уулзаж, үүрэг даалгавар өглөө. Тэрээр зээлийн төлөлт, чанаргүй зээлийн эзлэх хувь зэргийг яаралтай нэгтгэж, энэ мягмар гаригт танилцуулахыг үүрэг болгов. Мөн бондуудын эргэн төлөлтөд шалгалт оруулахаар шийдвэрлэсэн байна.
Одоогоос хоёр жилийн өмнө Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяраар ахлуулсан Ажлын хэсэг Хөгжлийн банкны төсөл, хөтөлбөр, санхүүгийн зарцуулалтад шалгалт хийсэн байдаг. Уг шалгалтаар нийтдээ 1.3 их наяд төгрөгийн зөрчил илрүүлсэн гэдгийг мэдэгдэж байсан. Гэхдээ хоёр жилийн өмнө хийсэн шалгалтын дүнг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон Засгийн газарт танилцуулсан байдаг. Тухайн үед нийтэд мэдээлж байсан шалгалтын дүнгээс анхаарал татсан мэдээллүүдийг эргэн сануулъя.
Хөгжлийн банкинд хийсэн шалгалтаар 1.3 их наяд төгрөгийн зөрчил илэрчээ
Тухайн үед шалгалтын дүнг Хууль зүй дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр танилцуулсан байдаг.
Хөгжлийн банкинд хийсэн шалгалт 2011-2016 оны хоорон дахь үйл ажиллагааг нь хамарчээ. Хөгжлийн банк нь УИХ-ын тогтоолын дагуу үйл ажиллагаагаа явуулах үүрэгтэй. 2011 онд Хөгжлийн банкинд УИХ-аас чиглэл өгсөн тогтоол гаргасан байна. Харин үүнээс хойш УИХ-ын төдийгүй Засгийн газрын хяналтаас гарч, үйл ажиллагаагаа явуулсан байна. Уг дүгнэлтэд “Хууль дүрэм мөрдөөгүй, хуулиас гадуур эрх олгосон байна. Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхгүй төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж явсантай холбоотой хяналтын удирдлага алдагдсан. Бүхэлдээ хууль ёс дээдлэх бодлого алдагдсан” гэж ажлын хэсэг дүгнэлээ. Хөгжлийн банкны эх үүсвэрийг 4 төрлийн валютаар төвлөрүүлсэн байна. Тодруулбал 1.5 тэрбум төгрөг, 1.7 тэрбум ам.доллар зэрэг нийт 3.6 их наяд төгрөгийн эх үүсвэр төвлөрсөн байна. Монгол төгрөгөөр 2.2 их наяд төгрөг, 1.7 тэрбум ам.доллар, 32.1 сая евро, 34 тэрбум иень байршуулсан. Ингээд нийт 5.6 их наяд төгрөг төвлөрсөн.
Нийт илэрсэн 1.3 их наяд төгрөгийг зөрчлийг задалбал:
-Нэгд, Чингис бондын эх үүсвэрийг Хөгжлийн банкинд ам.доллараар байршуулаагүйгээс эргэн төлөлтийн нийт хүүгийн зөрүүнээс Засгийн газар хүлээж байгаа алдагдал 694 тэрбум төгрөг болсон. Энэ нь Хөгжлийн банкны удирдлагын ажилдаа хайнга хандсан үйлдлээс улбаатай гэж Ажлын хэсэг дүгнэсэн.
-Хоёрт, Монголбанкнаас шаардсаар байхад биелүүлэхгүй байсаар векселиэс 1.9 тэрбум тэрбум төгрөгийн алдагдлыг Хөгжлийн банк үүрч байна.
-Гуравт, шинэ төмөр зам төслийн ажлын гүйцэтгэлийг харахад хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2 сая ам.доллар , техникийн зөвлөх үйлчилгээнд 3 сая, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая, Хаан банкны зээл хүүгийн төлбөрт 6.5 сая ам.долларыг Хөгжлийн банкнаас гаргасан байна.
-Дөрөвт, Монголын төмөр зам Төрийн өмчит хувьцаат компанийн энэхүү төслийн нэгжийн санхүүжилтэд сард дунджаар 120 сая төгрөг, зээлийн зарцуулалтад нийцэхгүй гадаад улсад оюутан сургасан гээд 112.6 сая төгрөгийн зардал гаргасан байна.
-Тавд, Тавантолгой цахилгаан станц төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган ам.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд 1.4 сая ам.доллар зэргээр өндөр өртөгтэй зардлуудыг гаргасан байна.
Хөгжлийн банк валютын ханшийн зөрүүнээс 155.3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн
Монголбанкнаас Хөгжлийн банкны эрсдэлд дүгнэлт хийжээ. Хөгжлийн банкнаас 5.5 их наяд төгрөгийн зээл олгожээ. Улсын төсвөөс эргэн төлөгдөх 3.2 их наяд , Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 1.5 их наяд, арилжааны банкнаас 1.2 наяд төгрөг аж. Нийт 370 зээлээс 93 нь төлөгдсөн аж. Нийт активын 79 хувийг зээл эзэлж байсан байна. 2016 оны байдлаар алдагдалтай ажиллажээ. Энэ нь валютын ханшаас шалтгаалсан эрсдэл үүссэн байна. Цаашид Засгийн газраас хөрөнгийг нь дэмжих шаардлагатай. Зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй байгаа учраас алдагдалд орж болзошгүй байгаа юм. Хөгжлийн банкны стратеги, бодлогын хүрээнд зөрчил гарсан байна. Гүйцэтгэх удирдлагын баг нь мэргэжлийн бус, салбарын хэмжээнд ажиллаж байгаагүйгээс доголдол гарсан гэж үзжээ. Урсгал зардал, төсөвт өртөг нэмэгдсэн зөрчил Хөгжлийн банкнаас илэрчээ. Үүнд “Блүүмберг” телевизтэй 1.8 сая ам.доллараар гэрээ хийсэн, Санкпетрбургт айлчлахад хоногийн 1.2 сая төгрөгөөр төлөвлөсөн. 2.5 тэрбум төгрөгийг олон нийтэд мэдээлэл түгээхэд зарцуулсан. 2011-2016 оны хооронд томилолтын зардалд 3.8 тэрбум төгрөг зарцуулсан, сурталчилгааны зардалд 79 сая төгрөг зарцуулсан аж.
Бондын мөнгийг хууль бусаар зарцуулж, зориулалтын бус зээл олгосон
Евро бондын 580 сая ам.доллараар 2012 оны наймдугаар сараас төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн. Арилжааны банкуудаар дамжуулан зээл авсан 1600 гаруй аж ахуйн нэгжийн нэрийг олон нийтэд ил болгосон. Ажлын хэсгийн шалгалтаар илэрсэн, гэмт хэргийн шинжтэй зөрчлүүд гарсан. Эдгээрийг хууль хяналтын байгууллагууд шилжүүлсэн.
Евро бондын 580 сая ам.доллараар 74 төслийг санхүүжүүлсэн. Төгрөгийн 5.7 хувь, ам.долларын 7.5 хувийн хүүтэй олгосон байна. 2014 оны нэгдүгээр улиралд тус бондыг бүрэн зарцуулж дууссан.
Арилжааны банкаар дамжуулан олгосон 1600 аж ахуйн нэгжийн талаарх мэдээлэл байхгүй. Хөгжлийн банк арилжааны банкуудад зээл олгоод арилжааны банкууд аж ахуйн нэгжүүдэд олгосон.
itoim.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ