Xамгийн олон хэл мэддэг хүн Гарольд Уильямс
Жирийн хүн гадаадын зургаан хэл сурч чадах бөгөөд үүнээс гурвыг нь чөлөөтэй эзэмшиж, харин бусад хэлээр нь дүрмийн болон зөв бичлэгийн их алдаатайгаар ярих юмуу бичиж чаддаг байна. Харин Гарольд Уильямс гэдэг хүн 58 хэлийг чөлөөтэй эзэмшсэн байжээ! 1876 оны дөрөвдүгээр сарын 6-нд Шинэ Зеландын Окленд хотод төрсөн тэр жирийн нэгэн хүүхэд байсан хэрэг. Гэвч 7 настайдаа янз бүрийн хэл сурах болжээ. Тэрээр сурахад хамгийн хэцүү хэлний нэг болох латин хэлийг эхлээд сурсан байна. Жаал хүү дунд сургуульд орох үедээ 10 гаруй хэлийг нэгэнт чөлөөтэй сурчээ. Тэр Оклендын их сургууль, дараа Германы Мюнхений их сургуульд сурч, энд 26 настайдаа хэл шинжлэлийн ухаанаар философийн докторын зэрэг хамгаалсан байна. Методист шашны санваартны хүү Уильям сүүлд нь номлогч болж, хоёр ч ном бичжээ. Тэр бас сэтгүүлч болон британийн элчин сайдын Оросын хэрэг эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байсан байна. Тэр өөрийн харьцдаг байсан унаган орос хэлтэй хүмүүсийг бодвол оросоор илүү сайн ярьж, бичдэг байсан хэмээн зарим хүн хэлж байжээ. Хүний тархины боломжийн хязгаар хэмээн бидний үзэж байсан тэр зүйл ийм олон хэл сурах Гарольд Уильямсын боломжид саад болоогүй хэрэг. Уильямс шиг ийм олон хэл мэддэг өөр нэг ч хүн гараагүй бөгөөд хэн ч энэ амжилтыг хэзээ ч давтахгүй байж мэднэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ