Хоёрдугаар сард цаг агаар ямар байх вэ?
2019 оны ХОЁРДУГААР сарын цаг агаарын урьдчилсан төлөв
Цаг агаарын сарын урьдчилсан мэдээнд тухайн сард агаарын дундаж температур, орох хур тунадасны хэмжээ нь олон жилийн дундажтай харьцуулахад ямар байхыг баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор), төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул), зүүн(Хэнтий, Дорнод, Сүхбаатар), говийн (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр) аймгуудын нутаг гэсэн 4 бүс нутаг тус бүрээр ялган зааж өгдөг. Түүнчлэн тухайн сарын хэдий үед нутгийн аль хэсэгт дулаарах, хүйтрэх, бороо, цас орох, салхи шуурга болохыг тусгана. Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томъёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 00-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.
Цаг агаарын урьдчилсан мэдээг өдөр бүр 12 цагаар болон нэг, тав хоногоор нарийвчлан гаргаж радио, телевиз, хэвлэлээр нийтэд мэдээлдэг. Цаг агаарын байдал эрс өөрчлөгдөн цаашид хөдөө аж ахуйн болон эдийн засгийн бусад салбарын хэвийн үйл ажиллагаанд саад учруулахаар аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүй тохиолдолд “Урьдчилан анхааруулах мэдээ”, “Урьдчилан сэрэмжлүүлэх мэдээ” гаргаж радио, телевизээр нийт ард иргэдэд, харин эд хөрөнгө, иргэдийн амь нас хохирохоор онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхээр бол “Гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ” гаргаж “Харанга” дохиотойгоор мэдээлэх ба мэдээллийг онцгой байдлын шугамаар нийт ард иргэд, төр засгийн бүх шатны удирдлагад шуурхай хүргэдэг. Холбогдох газрын удирдлага “Гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ”-г хүлээн авмагц мэдээллийг өөрийн харъяа нутаг дэвсгэрийн иргэдэд хүргэх, гамшгаас хамгаалах, гамшгийн голомтод ажиллах, сэргээн босгох үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах үүрэгтэй.
Ус, цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас хүний амь нас эрсэдсэн, байгаль орчин, эд хөрөнгөнд хохирол учирсан тохиолдолд нийслэл, сум, дүүргийн Засаг дарга ажлын хэсэг томилон ажиллуулж, уг гамшигт үзэгдлээс хамгаалах талаар зохион байгуулсан арга хэмжээ, үр дүн, учирсан хохирол, гарсан зардлын талаархи мэдээллийг нэгтгэн Улсын онцгой байдлын газар, аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой байдлын газар, хэлтэс, аймгийн Цаг уур, орчны шинжилгээний алба, Улаанбаатар хотын Цаг уур, орчны шинжилгээний газар, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээлийн хүрээлэнд 3 хоногийн дотор ирүүлнэ.
Цаг агаарын мэдээний талаар лавлах, эсвэл байгаль цаг уурын сонин хачин үзэгдлийн талаархи мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний газар, Урьдчилан мэдээлэх хэлтсийн 326606, 326609 утсаар өгөх юмуу "УБ-46, Жуулчны гудамж-5, Цаг уур, орчны шинжилгээний газрын “Урьдчилан мэдээлэх хэлтэст" гэсэн хаягаар ирүүлнэ.
Уур амьсгалын тойм
Хоёрдугаар сарын агаарын дундаж темперaтур 1981-2010 оныуур амьсгалын дунджаар Увс, Зaвхaн, Бaянхонгорын хойд, Хөвсгөлийн баруун, Сэлэнгийн зүүн хэсгээр 23-28 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Дорноговь, Өмнөговийн нутгaaр 6-13 градус, бусaд нутгaaр 14-20 градус хүйтэн бaйдaг .
Хоёрдугаар сард 1990 оноос ихэнх нутгаар харьцангуй дулаарч, ялангуяа 1998, 1999, 2002,2004, 2007, 2015 онуудад сарын дундаж температур уур амьсгалын дунджаас 3-9 градусаар дулаан байж, зарим жилд өдөртөө говийн нутгaaр 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус хүрч дулаарсан байна. Харин сарын дундаж температур 1988 онд нутгийн өмнөд хагаст, 2001 онд нутгийн зүүн хагаст, 2008 онд нутгийн баруун хагаст, 2005, 2010, 2012-2014 онд ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 3-10 градусаар хүйтэн болж, 2010, 2012, 2013 онд Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр зарим шөнө 46-49 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр 39-45 градус хүрсэн бол 2016 онд Завханы Цэцэн-Уул, Отгон суманд 54-55 градус хүрч хүйтэрч байв.
Уур амьсгалын дундаж байдлаар Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговийн ихэнх нутаг, Ховд, Архангайн хойд, Увс, Баянхонгор, Дорноговийн өмнөд, Хөвсгөлийн зүүн, Булганы баруун, Төв аймгийн зүүн өмнөд, Өмнөговийн баруун өмнөд болон зүүн, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр 0.2-1.3мм, бусад нутгаар 1.5-3.4 мм цас орж, Увс, Завхан, Хөвсгөлийн хойд хэсгээр 10–18см, бусад нутгаар 3–8 см зузаан цасан бүрхүүл тогтдог боловч жил бүр харилцан адилгүй. Тухайлбал: 1988, 1991, 1993, 2003, 2005, 2010 онд ихэнх нутгаар, 2004, 2009 онд нутгийн төв болон зүүн хэсгээр, 2006, 2011 онд нутгийн баруун хагаст, 2015 онд нутгийн зүүн хагаст уур амьсгалын дунджаас 3-6 дахин их цас орж, цасан бүрхүүлийн дундаж зузаан 20-30 см-т хүрч мал өвөлжилтийн байдал хүндэрч байв.
Хоёрдугаар сард салхи 15 м/с-ээс хүчтэй болох тохиолдол уур амьсгалын дунджаар Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар жил бүр 1-2 удаа, зарим жил 6-8 удаа тохиолддог бол бусад нутгаар 10 жилд 4-6 удаа ажиглагддаг. Сүүлийн жилүүдийн байдлаар 2005,2009 онд Өмнөговийн нутгаар, 2006 онд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Архангайн нутгаар, 2007, 2010 онд Говь-Алтайн нутгаар 28-34 м/с хүрсэн байна. 2005 онд говь болон зүүн аймгуудын нутгаар 3-12 цаг хүчтэй цасан шуурга шуурч, 10-30 см цасан бүрхүүл тогтон мал хаваржилтийн байдал онцгой хүндэрч зөвхөн Дорнод аймгийн хэмжээнд л 2000 орчим толгой мал хорогджээ.
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Баруун зүгийн нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр 23-28 гргадус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн буюу Говь-Алтайн өмнөд хэсгээр, Баянхонгорын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0,5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхний хагаст Увс нуур, Идэр, Тэс, Хүрэнбэлчирийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларна. Бусад хугацаанд Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчир, Завхан голын эхээр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
Энэ сард Баян-Өлгийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Баянхонгорын зүүн өмнөд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр 14-16м/с, Алтайн уулархаг нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.
Төвийн нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Дархадын хотгороор 23-28 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн буюу Архангай, Булганы өмнөд хэсгээр, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхний хагаст Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн дунд үеэс ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
Энэ сард Өвөрхангайн ихэнх нутгаар, Төв аймгийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлчээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй.
Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 12-14м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.
Зүүн зүгийн нутаг. Энэ сарын агаарын дундаж температур Хэнтийн хойд, Дорнодын зүүн хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн буюу Хэнтий, Дорнодын хойд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй.
Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхний хагаст Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
Энэ сард Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, Дорнодын зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр нутгийн зүүн хэсгээр, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй.
Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар 14-16 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.
Говийн нутаг. Энэ сарын агаарын дундаж температур нь Дундговийн зүүн хойд хэсэг, Дорноговийн хойд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн буюу бүх нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй.
Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхний хагаст нутгийн хойд хэсгээр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч суларна. Мөн гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтний эрч харьцангуй суларч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Бусад хугацаанд Дундговийн нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
Энэ сард бүх нутгаар уур амьсгалын дунджаас бага хур тунадас орох төлөвтэй.
Хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.
Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчэр, хоёр болон гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд зарим газраар 12-14 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед 18-20 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ