С.Батцэцэг “Бага дэлхийн аварга”-д дахин түрүүллээ

Иван Ярыгиний нэрэмжит Гран пригийн эмэгтэйчүүдийн 68 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг алтан медаль хүртэж, тус тэмцээний хошой аварга болов.


“Лондон-2012” Олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин С.Батцэцэг 2018 оны ДАШТ-д жин өгсөж, 68 кг-д зодоглох болсон билээ. Тэрбээр 2015 онд тус тэмцээнд аваргалсан бөгөөд дөрвөн жилийн дараа дахин түрүүллээ.


С.Батцэцэг энэ удаа Японы Рио Ватариг 8:3-аар, нутгийн дүү нар болох ОУХМ Э.Дэлгэрмааг 3:0-ээр, спортын мастер Э.Даваанасанг цэвэр ялсан юм. Энэ жинд Монголын гурван бүсгүй алт, мөнгө, хүрэл медаль хүртэцгээв. “Алдар” спорт хорооны тамирчин Энх-Амарын Даваанасан Гран пригээс анхны мөнгөн медалиа хүртсэн.


Өнгөрсөн долоо хоногт тус хотод болсон Миндиашвилийн нэрэмжит ОУТ-д түрүүлсэн, “Хасу-Мегастарс” клубын тамирчин Э.Дэлгэрмаа хүрэл медалийн төлөөх барилдаанд “Инчеон-2014” Азийн наадмын аварга, Японы хашир туршлагатай бөх Ватариг 4:3-аар илүүрхсэнээр, долоон хоногийн дотор хоёр медаль хүртсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ