Өвөр Монголд түрүүлсэн П.Бүрэнтөгс арслан 50 мянган юаниар шагнуулжээ

Энэ сарын 21-нд Өвөрмонголын өөртөө засах орны Баяннуур аймагт “Мөнгөн Ганц мод” өвлийн наадмын хүчит бөхийн барилдаан болж өнгөрлөө. БНХАУ, Монгол олон улсын өвлийн уламжлалт наадам урд хөршийн хотуудад ээлжлэн болж буйн нэг арга хэмжээ нь энэ юм. Баяннуур хошуунд болсон өвлийн наадмын 64 хүчит бөхийн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж 50 мянган юаниар шагнуулсан бол аймгийн арслан Н.Баярбаатар үзүүрлэжээ. Барилдааны шөвгийн дөрөвт улсын начин Э.Даш, Зүүн Үзэмчин хошууны бөх Батжаргал нар үлдсэн байна. Их шөвөгт улсын начин Э.Даш, ӨМӨЗО-ы Зүүн Үзэмчиний Н.Батжаргал нар шалгарчээ.

Хоёр улсын хүчит бөхчүүд чуулан барилддаг энэхүү барилдаанд манай улсаас улсын арслан П.Бүрэнтөгс, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан У.Береке, аймгийн арслан А.Давааням, Н.Мустафа, Э.Тулга, Ш.Пүрэвгарьд, Ц.Мөнхбаяр, Н.Баярбаатар, Ж.Алтаншагай нарын бөхчүүд зорин очиж зодоглосон байна.

2015 онд мөн БНХАУ-ын Өвөрмонголд болсон олон улсын Монгол бөхийн аварга шалгаруулах тэмцээний аваргаар Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс шалгарч “Алтан бүс”-ийн эзэн болж байсан удаатай.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ