Дэлхий нийтийн шинжтэй сүйрэл айсуйн “дохио” Антарктидаас илэрчээ


         Судлаачдын үзэж байгаагаар, Антарктидад  мөс хайлах хурд сүүлийн жилүүдэд зургаа дахин түргэссэн байна.

  Сүүлийн 40 жилд Антарктидын мөсний массын жил тутмын алдагдал зургаа дахин нэмэгджээ. Ирвайны Калифорнийн их сургууль, НАСА-гийн тийрэлтэт хөдөлгүүрийн лаборатори болон Утрехтийн их сургуулийн судлаачид ийм дүгнэлт хийсэн байна.

          Эрдэмтэд агаараас авсан  зураг  болон хиймэл дагуулаас хүлээж авсан гэрэл зургуудад дүн шинжилгээ хийжээ. 1979 оноос 1990 онд Антарктидын мөс 40 гигатонноор багасч байсан бол, сүүлд нь энэ тоо олон дахин буюу жил бүр 252 гигатонноор  нэмэгдсэн байна.

Ингэхдээ  мөс хайлахад Антарктидын зүүн хэсэг хамгийн их үүрэгтэйг судлаачид дурджээ.  Энэ бүс нутаг нь уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их мэдрэмтхий байдаг бололтой гэж эрдэмтэн Эрик Ригно хэлсэн байна.

“Энэ нь мөсөн уулын ердөө оройн хэсэг юм. Антарктидын мөсөн хуяг үргэлжлэн хайлж байгаа бөгөөд ойрын хэдэн зуун жилд  далайн түвшин нэлээд хэдэн метрээр өргөгдөнө хэмээн бид үзэж байгаа” гэж  тэр тэмдэглэжээ.

Оросын цаг уурын мэргэжилтэн Андрей Киселевын хэлснээр, дэлхийн мөсний 90 орчим хувь нь чухамхүү Антарктидад байдаг байна.  Тийнхүү сүүлийн 25 жилд далайн түвшин 7,5 сантиметрээр өргөгдөж,  энэ үйл явц үргэлжилсээр байгаа ажээ.

ХХI зууны сүүлч гэхэд гадаад далайн түвшин бараг 60 сантиметрээр өргөгдөж болох юм гэж Киселев нэмж хэлсэн байна. Энэ  нь арлын жижиг  улсуудад аюул болж, улмаар эдгээр улс усанд автаж мэднэ гэж хэвлэлд тэмдэглэжээ.

 Өнгөрсөн зуунд Антарктидад унадаг цас нэмэгдсэн нь далайн түвшний дээшлэлтийг 0,4 ямхаар багасгасныг НАСА-гийн судлаачид өмнө нь нотлосон юм. Гэвч одоо мөс нь тогтож  буй цасыг бодвол түргэн хайлж байгаа ажээ.

 

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ