Их аварга Кисеносато зодог тайлахаар болов
Японы мэргэжлийн сумо бөхийн 72 дахь Их аварга Кисеносато зодог тайлахаар болж, энэ тухай түүний дэвжээний багш Тагоноура өнөөдөр өглөө /2019.01.16/ албан ёсоор мэдэгдлээ.
Их аварга Кисэносато өмнөх 10 башёгийн есийг нь дуусгаж чадалгүй дундаас нь орхисон байв. Харин энэ удаагийн Хацү башё түүний хувьд шийдвэрлэх башё байсан ч эхний гурван өдөр дараалан унаснаар тэрбээр ийнхүү сумогийн замналдаа төгсгөл тавилаа.
Дэвжээний багш Тагоноура мэдэгдэлдээ “Би түүнийг Их аварга цолонд хүртэл явсанд үнэхээр баяртай байна. Тэр бүх хүчээ дайчлан зүтгэсэн ч түүний Их аварга цолтойгоор барилдсан хоёр жил дэндүү хурдан өнгөрлөө” хэмээн ярьсан байна. Тэрбээр бэртэл гэмтлийн улмаас сүүлийн нэг жил гаруй хугацаанд бараг барилдаагүй юм.
Дашрамд сонирхуулахад, Анх түүнийг Ёкозүна цол хүртэхэд нь түүний ааваас сурвалжлагч: Таны хүү ёкозүна боллоо. Танд юу бодогдож байна гэхэд, “Зодог тайлах нь л хурдан болох байх даа” хэмээн хэлж байсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ