Хабиб Нурмагомедовын үеэл дүү Монголд ирж тулалдана
Спортын төрөлжсөн “SPS HD” телевиз, “Монголын холимог тулааны урлагийн холбоо” хамтран 2019 оны 1-р сарын 26-ны Бямба гарагт “АСА Цирк”-д “Mongol Fighting Championship” олон улсын тэмцээнийг анх удаа зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн тулаанд ОХУ, Казахстанаас нийт 5 тулаанч ирж, холимог тулааны төрлөөр манай улсын тамирчидтай хүч үзэх юм.
Холимог тулааны дэлхийн №1 холбоо гэгддэг “UFC”-ийн аварга ОХУ-ын тулаанч Хабиб Нурмагомедовын үеэл дүү, Дагестан гаралтай Кабардиев Магомед энэ өдөр тулалдах аж. 23 настай тулаанч өнгөрсөн жилээс холимог тулааны спортод хөл тавьсан бөгөөд одоогоор 2-0 амжилттай байна.
Түүнтэй манай улсын шилдэг тулаанч, “MGL-1” холбоонд 4-0 амжилттай яваа Н.Цацрал хүч үзнэ. Тэрээр хилийн цэргийн 0303-р тусгай анги, “Zorky’s MMA” клубт харьяалагддаг. Кабардиев болон Цацрал нарын хувьд насаар чацуу бөгөөд 70 кг-ийн жинд тулалдана.
Та бүхэн энэхүү тулаанаас гадна нийт 10 сонирхолтой тулааныг 1-р сарын 26-ны өдөр “АСА Цирк”-д хүрэлцэн ирж үзэх боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ