Наполеоны амьдралын зарим сонирхолтой баримт
Францын эзэн хаан Наполеон Бонапартын тухай олон зуун ном, олон мянган өгүүлэл бичигдэж, мөн олон арван кино бүтээжээ. Гэсэн ч, энэ хүний амьдралын олон зүйл өнөөдрийг хүртэл тун учир битүүлэг мэт санагддаг. Тийнхүү Европын талыг эзэгнэж явсан Корсикийн жирийн нэгэн дэслэгчийн туулсан тэр замнал нь түүний амьдралын хамгийн том оньсого болов уу.
1. Ирээдүйн эзэн хааныг төрөхөд Наполеоне ди Буонапарте гэсэн нэр өгчээ. Харин засгийн эрхэнд гарахаасаа өмнөхөн ирээдүйн генерал нэрээ бидний мэдэх Наполеон Бонапарт гэж өөрчилсөн байна.
2. Түүний төрсөн Корсика арал Наполеоныг төрөхөөс гурван сарын өмнө Францын бүрэлдэхүүнд оржээ. Тиймээс Бонапартын төрөлх хэл нь итали хэлний корсик нутгийн аялага байжээ. Тэр есөн настайдаа л франц хэл сурч эхлэж, амьдралынхаа эцсийг хүртэл франц хэлээр нэлээд их аялагатай ярьдаг байсан байна.
3. Залуудаа Наполеон Корсикийн тусгаар тогтнолын талыг баримтладаг байжээ. Тийнхүү бүр хувьсгалын эхэнд францын офицер байхдаа тэр Корсикийн босогчдыг дэмждэг байсан байна.
4. Бонапарт хоногт маш бага буюу 4 цаг орчим унтдаг байжээ. Ямар ч байдалд, тэр ч байтугай тулалдааны талбарт ч дуг хийж чаддаг байсан гэдэг.
5. Залуудаа Наполеон хэд хэдэн зохиол бичсэн бөгөөд эдгээрээс хамгийн томоохон нь 1795 онд бичсэн “Клиссон, Евгения хоёр” гэдэг роман юм. Энэ роман удаан хугацаагаар архивт хадгалагдаж, харин ХХI зууны эхээр л хэвлэгдсэн юм.
6. Наполеон гойд ойтой хүн байжээ. Тухайлбал, сахилгад сууж байхдаа, “Юстинианы хуулийг” уншиж, тэгээд олон жилийн дараа энэ номын бүхэл бүтэн зүйл ангиудыг ямар ч алдаа мадаггүйгээр иш татдаг байсан гэдэг.
7. 1789 онд Наполеон оросын армид алба хаах бодолтой байсан гэсэн яриа байдаг. Гэвч Корсикт сайн дурынхныг шилж авч байсан генерал Заборовский дээр түүнийг ирэхээс өмнөхөн генерал гадаадынхныг цэргийн албанд татахдаа цолыг нэг шатаар бууруулах тушаал аваад байжээ. Энэ нь Наполеонд таалагдаагүй учир, улмаар тэр оросын армид алба хаагаагүй байна.
8. Египетийн аяны үеэр Бонапартын армийг олон арван эрдэмтэн дагалдан явж байжээ. Ингэснээр сүүлд нь эртний египетийн бичиг үсгийг тайлж уншиж, Египет судлал гэсэн шинэ шинжлэх ухааны эхлэл тавигдсан байна.
9. Алдарт “Наполеоны хууль” нь европын олон орны хууль тогтоомжийн үндэс болжээ.
10. Залуу Наполеон газар зүйн талаар тэмдэглэл хөтлөж, эндээ энэ шинжлэх ухааны тухай чухал чухал мэдээг бичдэг байсан байна. Энэ дэвтрийн төгсгөлд “Гэгээн Елена, жижигхэн арал...” гэж бичсэн байдаг аж. Бонапарт чухамхүү энэ аралд нүд аних учиртай байсан нь хувь заяаны тохуурхал гэлтэй.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ