“Голомт”-д эргэлзэх үндэслэл буюу Д.Баясгалан, Д.Дорлигжав, Т.Ганболд гурвын үг
“Голомт” бол Монголын томоохон арилжааны банкуудын нэг. Гэтэл сүүлийн үед энэ банктай холбоотой голгүй муухай мэдээлэл гарсаар байна. Уг нь үйл явдал эрт эхэлсэн байгаа юм. Хаа байсан найман жилийн өмнөх аж. Түүнээс өмнөх явдлууд ч өнөөдөр яригдаж байна.
Энэ нь “Голомт банк”, түүний ТУЗ-ийн дарга байсан Д.Баясгалан ба “Алтандорнод Монгол”-ын Т.Ганболд, “Голомт банк”, түүний ТУЗ-ийн дарга байсан Д.Баясгалан ба Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, түүний дүү “Рекат Монголия” ХХК-ийн захирал Д.Баатар, “Алтандорнод Монгол”-ын Т.Ганболд ба Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, түүний дүү “Рекат Монголия” ХХК-ийн захирал Д.Баатар гэсэн гурвалсан холбоосын дундах яриа хөөрөө, элдвийн үйлдлүүд юм.
Тэдний дундах явдал 2014 онд анх ил болсон байдаг. Гэтэл тэр үед “Голомт”-ын Д.Баясгалан одоо Д.Дорлигжавтай хамт хоригдож байгаа Ч.Бямбаатай гарч ирээд хэвлэлийн бага хурал хийсэн байдаг.
Тэр бол 2014 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр. Голомт банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалан тэгэхэд “…Би өнөөдөр энд Ч.Бямбаа захирлын хүсэлтээр ирж байгаа. Тэр үед би “Голомт” банкны ТУЗ-ийн дарга байсан. Энд би ямар нэгэн компанийн нэр, утас, бизнесийн нууцын талаар ярихыг хүсэхгүй байна. “Алтандорнод Монгол” компани Монгол Улсад Арбитрын шүүх дээр ялагдсаны дараа Монголын нэлээд томоохон 5-6 компани “Алтандорнод Монгол” компанийг худалдаж авах асуудлыг С.В.Паушоктой шууд ба шууд бус утгаар ярьж байсан. Яагаад манайх чухал байсан гэхээр тухайн үед “Алтандорнод Монгол” компани бүх лицензүүд өмч хөрөнгүүд “Голомт” банкны барьцаанд, тус банкны нэлээд том харилцагч байсан учраас заавал бидэнтэй хамтран ажиллах шаардлага тулгарсан. Бидний зүгээс “Алтандорнод Монгол” ХХК-ийг шинээр худалдан авч байгаа эзэн “Голомт” банкны зээлийг заавал төлөх ёстой гэсэн ганцхан шаардлага тавьж байсан. Тиймээс банктай ярьж барьцааны хөрөнгө хөдөлгөх, шилжүүлэхэд бидэнтэй заавал холбогдох ёстой байсан. Эхний үед Ч.Бямбаа захирлын компани худалдан авах гэрээгээ байгуулан бидэнтэй давхар гэрээ байгуулаад явсан. Сүүлд нь одоо яригдаад байгаа компани худалдаж авсан байгаа.
Өнөөдөр ийм асуудал яригдаж байгаад миний бие гайхаж байгаа. Ч.Бямбаа захирлын хэлсэн түрүүний гүйлгээнүүд, төлбөрийн даалгаврууд ямар замаар гарсныг бид мэдэхгүй. Эдгээр нь арилжаануудтай холбоотой гүйлгээ байсан болохоос ямар нэгэн албан тушаалтан, улстөрчтэй холбоотой гүйлгээ байгаагүй гэдгийг би хаана ч, хэзээ ч зохих газарт нь хэлэхэд бэлэн байгаа” гэж мэдэгдэж байлаа.
Энэ асуудал тухайн үедээ тэгж намжаад өнгөрсөн 2018 оны сүүлчээр дахин сэдэрсэн. “Алтандорнод Монгол”-ын Т.Ганболд 2018 оны арванхоёрдугаар сарын 11-нд телевизэд ярилцлага өгөхдөө “…Манай компанийн данснаас Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын дүүгийн данс руу мөнгө шилжсэн нь үнэн. Энэ талаар Х.Тэмүүжин сайдаасаа буух үедээ нийтэд дэлгэж байсан. Хэрэг шалгагдаж байгаа учраас би үүнээс илүү тайлбар хийх боломж алга. Гэхдээ манай компанийн “Голомт” банк дахь данснаас дөрвөн сая ам.доллар гарсан нь үнэн” гэсэн юм.
Дараа нь 2019 оны нэгдүгээр сарын 7-нд буюу Д.Дорлигжавыг баривчлагдаж байх үед телевизэд ярилцлага өгөхдөө “…Энэ дөрвөн сая ам.доллар бол нийт энэ хүний авсан мөнгөн дүнгийн тодорхой хэсэг нь юм шүү. Бусад бүтэн хэмжээгээрээ энэ хууль хяналтын байгууллага дээр шалгагдаад явж байгаа.
…Хоёр дахь хоёр сая ам.долларыг нь данс андуурчихсан гэнэ. Яг та бид хоёрыг яриад сууж байхад данс руу орчихоогүй бол тэр үеэс хойш ороогүй байгаа. Хоёр сая ам.доллар байтугай мөнгө байгаа л даа. Нэг ч цент буцаж ороогүй. Надад дандаа шилжүүлсэн баримтууд нь байгаа юм чинь. Д.Дорлигжавын яриад байгаа залруулгын тухайд тэр оны аравдугаар сарын 18-нд шилжигдсэн мөнгөний залруулгыг “Голомт” банк арваннэгдүгээр сарын сүүлчээр хийж өгсөн байна шүү дээ. Cap гаруйн хугацаанд юу болсон гэхээр “Голомт” банкны захирал нь надаас гуйгаад “Ерөнхий прокурор алчих гээд байна. Чи худлаа, үнэн нэг ийм бичиг андуурсан байна гээд хийгээд өгчихөөч гэсэн. Яахав, андуурсан гээд бичиг хийгээд өгчихье. Гэхдээ тэрний чинь дагуу буцаад данс руу орох ёстой биз дээ.
Мөн “Төмөрлөгийн үйлдвэрийн данс руу 15 сая ам.доллар “Жаст” компаниас орсон. Бараа бүтээгдэхүүний төлбөр байхгүй юу. Намайг гадагшаа явчихсан байхад дансанд мөнгө орчихож. Эргээд ирсэн мөнгө гараад явчихсан байдаг юм. Цор ганц миний гарын үсгээр мөнгө гардаг юм. Би тэгээд “Голомт’’-ынхон руу утасдаад яаж байгаа юм гэсэн чинь Ш.Батхүүгээс надад албан бичиг ирчихлээ. “Манайх “Голомт” банкинд өртэй. Манайхаас оруулсан мөнгийг тус банкны зээлийн ийм данс руу шилжүүлж өгнө үү” гэчихэж. Би манайх бараа бүтээгдэхүүн зарах гээд төлбөрөө авчихсан өгөхгүй гэсэн чинь “Голомт” миний гарын үсэггүйгээр “Жаст”-ын зээлийн суутгалд авлаа гээд авчихна лээ. Тэгээд одоог хүртэл гарын үсэггүй, төлбөрийн даалгавар байхгүй ийм нэг гүйлгээ байдаг юм.” гэж ярьсан байдаг.
Харин Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав 2018 оны арванхоёрдугаар сарын 21-нд бас нэг телевизээр ярихдаа “…Монгол Улсад бизнес хийх бололцоогүй гэж үзсэн Паушок “Алтандорнод Монгол” компаниа зарахаар шийдсэн байдаг. Энэ үед миний дүү Д.Баатар зээл авахаар “Голомт” банк дээр очтол Д.Баясгалан “Паушок гэдэг нөхөр компаниа зарна гэж байна. Манай банк Паушокоос асар их авлагатай учир чи компанийг нь худалдаад авчихаач. Чамайг “Алтандорнод Монгол” компанийг худалдаад авна гэвэл зээл өгье. Өөрөөр бол зээл өгөхгүй” гэсэн байдаг. Ингээд манай дүү Д.Баатар, Ч.Бямбаа нар Москва хот орж Паушоктой очиж уулзаад худалдан авах гэрээ, төлбөрийн график зэргээ байгуулсан. Паушок “Нэн яаралтай хоёр сая ам.доллар төл” гэсэн байдаг. Манай дүү Улаанбаатарт ирэнгүүтээ “Голомт”-оос хүссэн зээлсэн зээлээсээ хоёр сая ам.доллар төлсөн. Ингээд байж байтал “Голомт” банкны захирал Д.Баясгалан гэнэт зээлээ зогсоогоод “Нөгөө Паушокийн компанийг чинь бэлэн мөнгөөр худалдаад авах хүн олдлоо” гэсэн байдаг. Тэр нь Тордойн Ганболд шүү дээ. Банк зээл өгөхөө зогсоосон учраас миний дүү Д.Баатар, Д.Баясгалан, Т.Ганболд гурав суугаад “Пуашокт хоёр сая ам.доллар урьдчилаад төлчихсөн. Тэр мөнгийг миний данс руу хийчих. Дараа нь “Голомт” банкны зээлийг хаая” гэсэн тохироог хийсэн байдаг юм. Энэ тохирооны дагуу 2011 оны есдүгээр сарын 27-нд Т.Ганболдын компаниас хоёр сая ам.доллар “Хоорондын тооцоо” гэж орж ирээд тэр өдрөө “Голомт” банк руу шилжүүлсэн. Миний дүү Д.Баатар банкны зээлээ төлөөд тооцоогоо дуусгаж байгаа хэрэг шүү дээ.
Манай дүү сарын дараа дансаа шалгатал Т.Ганболдын компаниас хоёр сая ам.доллар ороод гарсан байдаг. “Энэ юу болоод байна, манай компанийн дансыг ашиглан мөнгө төгрөг ороод гарав” гэсэн утгатай бичгийг “Голомт” банк руу явуулсан. “Голомт” банкныхан шалгаад “Арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Т.Ганболдын компаниас хоёр сая ам.доллар андуурагдан хийгдсэн учир буцаан гаргасан” гэсэн бичиг ирүүлсэн. Бас Т.Ганболдын компаниас “Д.Баатарын компанийн данс руу хоёр сая ам.доллар андуураад хийчихлээ. Манай мөнгийг “Голомт” банкны энэ данс руу эргүүлэн хийнэ үү” гэсэн бичиг нь байна” гэсэн.
Хэн нь үнэн хэн нь худлаа яриад байгааг бүү мэд. Юутай ч Д.Дорлигжав, дүү Д.Баатар, бас Ч.Бямбаа хоёрын хамт хоригдчихоод байна. Т.Ганболд Сүхбаатарын талбайд болсон жагсаалын индэр дээрээс үг хэлээд явж байгаа. Харин “Голомт”-ын Д.Баясгалан л таг чиг байна.
Гэвч эндээс нэг л зүйл маш тодорхой харагдаж байна. Тэр бол “Голомт” банкинд итгэж болох уу гэмээр болж байгаа юм.
Арилжааны банкны санхүү, хөрөнгө бол харилцагчид, хадгаламж эзэмшигчдийнх байдаг. Банк бол тэдний хадгалуулсан байршуулсан мөнгөнд зохих хүү төлж, түүнийг цааш нь хэрэгтэйд нь зээл, хөрөнгө оруулалт болгож өгөх менежмэнтийг хийдэг байгууллага гээд ойлгочиход болно.
Хамгийн гол нь Монгол Улсын хуулийн дагуу тусгай зөвшөөрөл, үйл ажиллагааны эрхээ авч, хүлээн зөвшөөрөгдсөн банк учраас л иргэд, байгууллагууд байдаг мөнгөө хадгалуулж, бас байршуулдаг. Тэр банкаар дамжуулан гүйлгээ юмаа хийдэг. Харин мань Д.Баясгалан бол нэг хүн дуудаж панз яриад л, сая сая ам.долларын зээл өгөөд л, тэргийгээ болиод буцааж аваад л байдаг дүр зураг энэ гурын ярианаас харагдаж байна. Нөгөө талаас Д.Баясгалан дөрвөн жилийн өмнө ярихдаа “…Би ТУЗ-ийн дарга байхдаа тэгсэн ингэсэн” гээд байгаа. Тэгвэл банкны ТУЗ-ийн дарга гэж ямар эрх, үүрэгтэй хүн бэ гэдэг асуулт бас гарч ирнэ.
Монголбанкны ерөнхийлөгчийн 2014 оны есдүгээр сарын 30-ны өдрийн Журам шинэчлэн батлах тухай А/151 дугаартай тушаал байна. Түүгээр Банкны зохистой засаглалын зарчмыг хэрэгжүүлэх журмыг баталжээ.
Уг журамд “Голомт” банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгалангийн эрх үүргийг тодорхой зааж өгсөн байгаа юм. Журмын 3.6-д “…Банкны ТУЗ-ийн дарга нь банкинд зохистой засаглалын зарчмыг хэрэгжүүлэхэд Банкны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлд зааснаас гадна дараах үүргийг хэрэгжүүлнэ” гээд 3.6.1-д “…Тухайн асуудлаар шийдвэр гаргахад ТУЗ-ийн дэргэдэх хороодын дүгнэлтийг үндэслэх”-ийг журамласан байгаа юм.
Мөн ТУЗ-ийн гишүүдийн эрх, үүрэгт “…ТУЗ-ийн гишүүд итгэл үнэмшилтэй байж, үнэнч шударга, няхуур ажиллаж, асуудалд анхааралтай, нухацтай хандаж, байгууллага болон харилцагчдын эрх ашгийг өөрийн хувийн эрх ашгаас дээгүүр тавьж, шийдвэр гаргахдаа байгууллага болон үйлчлүүлэгчдийн эрх ашгийг харгалзан хараат бус дүгнэлт гаргах, асуудалд бодитой хандаж, өөрийн албан тушаалаа буруугаар ашиглах замаар хувьдаа давуу байдал олох эсхүл байгууллагад аливаа хохирол учруулах үйлдэл гаргахгүй ажиллана” гэж заажээ.
Мөн журмыг хэрэгжүүлэх зөвлөмжид “…ТУЗ нь банкны нийтлэг ашиг сонирхолд харшлах, хохирол учруулж болзошгүй томоохон хувь нийлүүлэгчдийн зохисгүй үйлдэл болон нөлөөнөөс сэргийлэх үүргийг давхар хүлээдэг” гэсэн байна.
Гэтэл Д.Баясгалан гарч ирж банкаараа дамжсан компаниудын гүйлгээний асуудлаар мэдэгдэл хийж, Д.Дорлигжав, Т.Ганболд нар “Голомт” банк нь дансны эзэнд мэдэгдэлгүй мөнгийг буцаан татаж авдаг гэж ярьж байна. Бас энэ яриануудад дурдагдсан асуудлаар хуулийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа зэрэг нь тус банкинд итгэх харилцагчдын итгэлд шууд нөлөөлж магадгүй байдал үүссэнийг харуулж байна. Мөн тэдний итгэлээс гадна бодит байдал дээр “Голомт” банкны одоогийн ТУЗ-ийн дарга өмнөх дарга Д.Баясгалан шиг үйлдлийг үргэлжлүүлэн хийдэггүй гэх баталгаа алга.
Тиймээс “Голомт” банк, тус банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалан дөрвөн жилийн өмнө “…Эдгээр нь арилжаануудтай холбоотой гүйлгээ байсан болохоос ямар нэгэн албан тушаалтан, улстөрчтэй холбоотой гүйлгээ байгаагүй гэдгийг би хаана ч, хэзээ ч зохих газарт нь хэлэхэд бэлэн байгаа” гэж байснаараа үгээ хэлэх цаг нь ирсэн байна.
Харилцагчид нь ч үүнийг хүлээж байна. Харилцагчдын итгэл, түүнийг дагаад “Голомт” банкинд хадгалуулсан, байршуулсан мөнгө бол улс төрийн аргаар намжаадаг, сэргээдэг төдий зүйл биш билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.ДАМДИН-ОЧИР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ