БААБАР: ТӨР ДЭХ ХУЛГАЙЧДЫН ТООГ ЦӨӨЛЦГӨӨЕ


 Монгол төрийн тогтолцоо туйлын эмзэг байдал руугаа орчихсон өнөөгийн хямралтай үеийг хүн болгон харж үзэж, сонсож, мэдэрч буй. Хүн бүр гарц хайж байна. Оносон оноогүй, бололцоогүй, хугацаа шаардсан, мэргэн, түргэн янз бүрийн гарц санал болгож байна.

Ардчилсан төрт нээлттэй нийгэмд улс төрийн намын үүрэг роль маш чухал. Чухам ийм инстүүцээр дамжуулан олон түмний хүсэл эрмэлзлэлийг бодит засаглал болгосоор ирсэн. Үүнээс өөр, илүү дээр арга одоохондоо олдоогүй байна. Гэвч улс төрийн нам бүхий тогтолцоо нь нийгмийг шударга, тэгш, нээлттэй, ардчилсан, хүмүүнлэг байлгах цор ганц механизм, цор ганц баталгаа биш болохыг ХХ зууны туршид төрийн эрхэнд гарч байсан коммунист, нацист, фашист дэглэмүүд тодорхой харуулсан.

Монголд 1990 он хүртэл оршин байсан улс төрийн тогтолцоо түүнийг дангаар удирдаж байсан улс төрийн намын зохион байгуулалт, бүтэц, механизм, удирдлагын арга барил нь ардчилсан нээлттэй нийгэмд огт зохицохгүй болох нь ойлгомжтой. 

Гэвч 1990 онд шинээр үүсэн байгуулагдсан бүх улс төрийн намууд (мэдээж үүнд тэр үеийн МАХН буюу одоогийн МАН хамаарагдана) хуучин тогтолцооны ганц улс төрийн намын бүхий л бүтэц, байгууламж, дотогшоо болон гадагшаа хандсан дүрэм журмыг шууд хуулбарлан хэрэглэсэн билээ. Монголчуудын мэддэг ганц нам нь тэр байсан болохоор өөр үлгэр авах, дууриах юм байсангүй.

Энэ нь шилжилтийн эхний хүнд хэцүү үед ямар нэг хэмжээгээр зохицон ажиллаж байсан боловч шинэ зуун гарахын үед ер таарч тохирохгүй нь илт мэдрэгдэж эхэлсэн.Ижил бүтэцтэй, өөр нэртэй улс төрийн намууд, түүний дотор зонхилох нөлөөтэй хоёр нам дотроосоо өтөн “намын сахилга бат”-ыг хуйвалдан шамшигдуулах аргаар, “шүүмжлэл өөрийн шүүмжлэл”-ийг харилцан биенээ шантаажлах механизмаар орлуулан ялзарч эхэлсэн билээ. Намын дотоод ардчиллын оронд хагарал, салан тусгаарлах ангал үүсч, үзэл санааны жигүүрүүдийг ашиг завшаан харсан бүлэглэлүүдээр сольж орхисон. Үзэл баримтлалын уралдаан болох учиртай сонгууль нь сонгогчдыг хууран мэхлэх, худалдаж авах зэрэг есөн шидийн уралдаан тэмцээн болж, төрийн жолоо нэг л мэдэхэд мафи маягийн байгууламжид дөхөн очижээ.

Урам зориг мохсон олон түмэн эхэндээ зүгээр л хууртдаг байснаа эргэлзэн бухимдаж,голлох хоёр намыг, улмаар олон нам бүхий улс төрийн тогтолцоогоо буруутган улс төрийн намыг үгүйсгэх ойлголт улам газар авах боллоо. Тэрбайтугай нэг хүнээр удирдуулсан тогтолцоог магтан сайшаах, өнөөгийн төрийн тогтолцоог хүч хэрэглэн устгах, иргэний дайнд уриалсан, нийтийн эмх замбараагүй байдал руу уруу татсан Үндсэн хуулийн эсрэг “санаачлагууд” ч хүчтэй сонсогдох боллоо. Засаг төрийн зохих өндөрлөгийг эзэлсэн мафи маягийн тогтолцоог оройлогч заримууд нь энэ санаачилгыг уухайлан хөөрөгдөж, хөөрөгдөөд зогсохгүй отон хүлээгээд, оройлон захирагчийн суудлыг ил далд мөрөөдөж эхэлж байх шиг.

Ер нь өдгөө дэлхий нийтэд либерал ардчилсан тогтолцоо нэлээд гүнзгий хямралд ороод байгаа нь ч үүнд нэрмээс болж буй. Гэвч өдий болтол хэн ч хаана ч орлуулах сайн тогтолцоо бодож олж чадаагүй байгаа билээ. Магадгүй ирээдүйд шинэ гарц олж болох юм, гэхдээ бид хамгийн түрүүнийх нь туршилтын туулай болж болохгүй байхаа. 

Энэ оны 4-р сард Зүүн гурван аймаг, Дархан, Эрдэнэт, Улаанбаатарын Баянзүрх дүүрэгт хийсэн мэргэжлийн төвшний судалгаанаас харахад МАН 19%, АН 9%, МАХН 5% гэсэн дэмжлэгтэй буй нь хамгийн том гэх эдгээр гурван намын дэмжлэг олон нийтээс хүн амын гуравны хоёрт нэгэнт итгэл алджээ. Саяхи ЖДҮ гэх шуугианаас болж энэ үзүүлэлт улам доошилсон байх. 

Нийгэм нь тогтворжсон тэргүүлэх орнуудад олон жилээр туршигдан шийдэгдсэн улс төрийн намын бүтэц, байгууламж, дүр төрх, механизмыг жишиг болгон авсан орчин үеийн улс төрийн намыг өнөө маргаашгүй Монголд цогцлон буй болгоно гэдэг юутай ч одоохондоо бололцоогүй байх. Энэ бол алдаан дээрээ суралцан аажим хувьсах замаар хожим буй болох асуудал. Мэдээж үүнийг хүчээр хийх боломжгүй. Гэвч мафижсан бүлэглэлүүдийн гарт Монгол орон цааш ингээд “сайхан цагийг хүлээн” тайван амгалан байгаад байж болохгүй. Хурж хуралдсан бухимдал дэлбэрэхээрээ сайнтай муутай бүхнийг арчиж газрын хөрстэй ч тэгшилж магадгүй.

Юун түрүүн хууль тогтоох төрийн дээд байгууллагыг мафижсан бүтэц болон бүрэлдэхүүнээс нь чөлөөлөх эхний алхамыг хийх хэрэгтэй санагдана. Намуудын нэр хүнд шалан дээр унасан үед олон түмний сүүлчийн итгэл нь “шударга, үнэнч бие даагч” нар дээр тулгуурлаж байгааг ч судалгаа харууллаа. Одоо үйлчилж буй хуулиар бие даасан нэр дэвшигч нь аль ч намын гишүүн байж болдог. Одоогийн УИХ цааших жил хагасын хугацаанд ямар ч хууль батлах тэнхээгүй болсон тул 76 тойрог бүхий мажоритари сонгуулийн тогтолцоо хэвээр үлдэх биз. Нэр дэвших 76 өрсөлдөгчийг олон түмнээр жилийн турш хэлэлцүүлэх ба үүнийг нь шалгаруулж сонгуулийн урьдчилсан жишиг хянах “электорат” хэмээх хөдөлгөөн байгуулах саналтай байна. Электоратууд нь олон нийтэд танигдсан, нийгэм улс төрийн талаар гайгүй ойлголттой, олны ярьдгаар “нэр цэвэр” ийм хүмүүс байг. Тэдний хэн нь ч өөрснөө сонгуульд нэр дэвшихгүй

Төрийн ардчилсан тогтолцоо өөрийн хамгаалалттай байдаг. Элдэв зальхайтнаас тогтолцоо өөрийгөө хамгаалах механизмгүй бол юунд хүргэдэгийг түүх сайтар мэднэ. Гитлер, Муссолини нар ч төрийн ардчилсан сонгуулиар төрийн эрхэнд гарч ирсэн. Ард түмэн гэдэг ойлголт нь тухайн улсын хүн толгойтой болгоны нийлбэрийг хэлдэггүй, нийгмийн идэвхи санаачлагатай хэсгийг ойлгодог. Тийм учраас сонгуульд оролцох эсэхийг хувь хүний өөрийнх нь мэдэлд үлдээдэг юм. Төрийн жолоонд очих гэсэн хүсэлтнийг аль ч газар зах замбараагүй сул тавьдаггүй, үүнд тодорхой шалгуур тавьдаг. Тодорхой жишээ хэлэхэд АНУ-д эцсийн сонголтыг электоратууд шийддэг учраас Трампаас 3 сая илүү санал авсан Хиллари ялагдсанд тооцогдсон. 

Энд яриад буй “Электорат” бол америкийнхаас ялгаатай, зөвхөн “Зөв хүмүүсийг зохион байгуулалттайгаар Бие даан нэр дэвшүүлэх”хэмжээний электорат юм. Тэднийг нэр дэвшүүлэн дэмжигч, ард нь байгаа баталгаа нь улс төрийн нам биш, харин олон түмний итгэл найдварыг өнөө болтол хадгалж яваа нэр хүндтэй хүмүүсийн сайн дурын эвсэл байна гэсэн санаа. Дараагийн сонгуульд улс төрийн намыг жинэхэнэ утгаар нь шинэчилж чаддаггүй юм гэхэд олон түмний нэрийн өмнөөс шийдвэр гаргах эрх авах хувь хүмүүсээ дэгэн догон боловч ямар нэг шалгуураар оруулан дэвшүүлье гэсэн санаа энэ.

Бүх ард түмэнд үйлчлэх шалгуурын тогтолцоо манайд байхгүй учраас дээр өгүүлсэн “Электорат”-аар дамжин УИХ-ын гишүүнд нэр дэвшигчдийг урьдчилсан шалгуураар оруулъя гэж байгаа юм. Мэдээж өнөөдөр үйлчилж байгаа хуулийн дагуу бүхий л улс төрийн намууд өөрийн хүмүүсээ нэр дэвшүүлнэ, мөн бие даагчид ч хаанаас л бол хаанаас шаардлага хангаад нэр дэвших эрх нь нээлттэй. Энэ эрхийг эдлэх нэг субъект нь “Электорат” байх тул олон түмний дунд нэр хүндтэй хүмүүсийн дэмжлэг авсан тухайн нэр дэвшигч сонгуульд ялалт байгуулан Монгол төрийг тохинуулах хариуцлагатай албанд очих магадлал илүүтэй болох учиртай юм. 

Өнөөдрийн төлөв байдлаас харахад голлох улс төрийн хүчин болсон 3-4 улс төрийн нам олон түмнээс төдийлөн дэмжлэггүй болчихсон байна. Цаана нь буй болсон асар их хоосон орон зайд ямар ч шалгуургүй, янз бүрийн нэр барьсан үй олон нэр дэвшигчид гарч ирэх учраас энэ нь нийгмийг жолоодлогогүй хаос руу түлхэх болно. Чухам энэ урсгалыг зохицуулахад нийтэд танигдсан, нийгэмд тодорхой байр суурь орон зайтай, хэн нь хэн гэдгийг олон түмэн гадарладаг хүмүүсийн иргэний үүргийн хариуцлага нэхэгдэж байна. 

Электоратод нь хамтын хүчээр нийгмийн өмнө хүлээсэн иргэний үүргээ биелүүлэхэд гар бие оролцооч гэсэн санал юм. Электорат нь сайн дурын зохицуулагч. Электорат нь цэвэр сайн дурын нэгдэл учир алив нэг хуулийн этгээд болохгүй, оролцогчид нь сонгуулиар ямар нэг байр суурь эзлэх, нэр дэвших, айсуй цагт ямарваа нэг хожоо харсан явдал үгүй байх ёстой. Үүнийг зөвхөн иргэний хувьд нийгмийн үйл явдалд санаа зовон сайн дураар хариуцлага хүлээж буй хэрэг гэж үзнэм. 

Электорат хамтлаг руу цахим шуудангаар ирээдүйн нэр дэвшигчийг хэн ч нэр дэвшүүлэн санал оруулж болно. Мэдээж ийм тохиолдолд хэдэн мянган хүний нэр цуглах болно. Электорат эндээс шүүлт хийн тодорхой хүмүүсийн нэр гарган тойрогт нь хэлэлцүүлэх болно. Зарим тойрог дээр нэлээд хэдэн хүний ч нэр дэвшиж болох ба чухам хэн нь итгэл даахыг тойргийн сонгогч дунд судалгаагаар тодорхойлох болно.

Шалгарч үлдсэн нэр дэвшигчийг олон түмний өмнө ил тодоор амлалт авахыг электоратын зүгээс шаардах эрхтэй. Чухам ийм тохиолдолд нэр дэвшигчийг электорат дэмжих болно. Юун түрүүн эрүүл мэндийн үзлэгт орж оюун ухааны хувьд эрүүлээ батлах хэрэгтэй. Цаашлаад УИХ-ын гишүүн болсон тохиолдолд алив нэг хууль бус үйлдэлд нэр нь холбогдвол шууд өөрийн санаачлагаар гишүүний бүрэн эрхээсээ татгалзах ам өгөх ёстой. Нэр дэвших хүн тухайн тойрогтоо сонгуулийн штабаа өөрөө байгуулж санхүүгийн дэмжлэгээ өөрөө шийдэх ёстой. Сонгуулийн явцад одоо үйлчилж буй сонгуулийн хуулийг зөрчих аваас электорат түүнийг цаашид дэмжих боломжгүй болсноо зарлана. 

Электоратаар дамжуулан төрийн дээд эрх барих төлөөлөгчдийг сонгуулах ажлын гол зорилго тун даруу: 

  1. Төрийн эрх баригчдын дотор эзлэх хууль зөрчигчдийн тоог огт үгүй болгож чаддаггүй юм гэхэд цөөлөх.
     
  2. Нэгэнт улс төрийн намуудын нэр хүнд унасан энэ тохиолдолд тэдний хүртэж чадахгүй суудлыг эмх замбараагүй байдлаар талын нэг тараачихгүйн тулд бие даан нэр дэвшихээр шийдсэн хүмүүсийг аль болох төвлөрүүлэх. 
     
  3. Нэр дэвшигчийг олон түмнээр хэлэлцүүлэн ил тод байдлыг эрхэмлэх төдийгүй, сонгууль болгоноор нэр дэвшигчид сонгогчиддоо хэлдэг улиг болсон үл бүтэх хий хоосон амлалтыг биш, хувь хүнийхээ хувьд ямар зарчим болон ёс суртахуунтай байх андгай тавиулах.

Сонгуулийн дүн гарснаар электорат үүргээ гүйцэтгэж дууссан гэж үзнэ. Санал болгосны дагуу УИХ сонгогдон төрийн түшээ болсон хүмүүсийг эргэж нэгтгэх, тухайлсан бүлэглэл болгох, хариу нэхэн шахалт үзүүлэх зэргийг электоратын зүгээс зохисгүй үйлдэл гэж үзнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ