Ж.Батзандантай, Т.Аюурсайхантай "Аюулгүй жагсаал"-ын ард,урд хэн байв?

        Цуглах жагсахаа Монголчууд хэнээр ч заалгахгүй болсон нь ардчиллын бас нэг дархлаа. Харин цэл залуу ардчиллыг төлөг шиг төхөөрч, оронд нь хонины арьс нөмөрсөн чоно лугаа орондоо унтах завгүй олзлолдон булаалдах гадна дотны нийлсэн бүлэглэлүүд мэндлээд, миний ард түмнийг цөлмөсөн нь шалдан ч үнэн, нүцгэн ч үнэн. Ард иргэд нэгэнтээ хоосорч, улам бүр нүцгэрч байхад, улс төрчид давхар давхар дээлтэй, гадаадад хэд хэдэн хаустай, газрын доорх баялагийг лиценц нэртэй цаас болгоод авчихсан, арилжчихсан мөртлөө, мөнгө хүүлж өрөнд унагаж, тэнцээд босоод ирсэнийг нь татвараар татаж унагах тогтолцоог хийчихээд байхад манжийн дарлалтай зүйрлэж, манан дунд хашгирахгүй гээд ч яах вэ? Шүгэл үлээгчид олон боловч, "МАНАН" бүлэглэлийн эсрэг Монгол түмнээ уриалан жагссан УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүнийг эхлээд нэр нүүргүй болгох компанит ажил сошиалаар нэгэнт эхэлсэн бололтой. Учир нь Т.Аюурсайхантай, Ж.Батзандантай Л.Болдтой, Л.Оюун-Эрдэнэтэй ард түмэнтэй жагсаал аюулгүй, эрч хүчтэй, итгэл үнэмшилтэй болж, хагас зуун мянга гаруй хүн оролцсон нь мананжсан олигарх тогтолцооны эздийн уур зэвүүцэл хоёрыг зэрэг асаасан бололтой. Хөхөө өвлийн хүйтнээр хөх Монголоо сэрээж жагссан монгол түмний жагсаалын ард нь ард түмэн, урд нь болбоос ард түмний шударга сонголтоороо тэжээсэн "тэнэг 4 нохой"байлаа. Мэдээж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар нь дэмжиж сүйд болдоггүй юмаа гэхэд хавчиж хяхаагүй нь хэнд ч ойлгомжтой.

     Т.Аюурсайханы тодорхой, үнэнч ард төрх, Л.Болдын шинэ имидж, алдаатай үг яриа, Л.Оюун-Эрдэнийн болж байгаа юмуу гэмээр нүүр тулсан халуухан дайралтыг Ж.Батзандан хөх өвгөдийн сүр хүч цог залиар зангидан хурайлан авч жагсаалжуулаад нэг хүний эсрэг бус нийт тогтолцооны эсрэг хамтдаа тэмцсэн нь Монгол түмний жагсаалын үнэ цэнэ гэлтэй. Монгол түмний тэмцэл үеийн үед ялалтаар дуусаж байсан юм шүү гэх анхааруулга ба итгэл үнэмшилийн үгс уг жагсаалд биеэр оролцсон хагас зуун мянга гаруй хүнээс гадна сүүгээ өргөж байгаа мянга мянган ээжүүд, дэлгэцийн цаанаас харж дэмжиж байгаа зуу зуун мянган үзэгч идэвхтэй иргэд, гадаадад суугаа монголчууд, эрүүл нийгмийг хүсэмжлэгч иргэний нийгмийн байгууллагуудад хүчтэй нөлөө үзүүлж чадсан байж болох юм. Тахиа анхдагчуу өндөг анхдагчуу гэдэг шиг 60 тэрбум, ЖДҮ-ийн гэмт этгээдүүдийн маргааныг ашиглаад ард түмэн дахин нэг сэрээд авлаа. Тиймээ биднийг ард түмэн гэдэг. Бидэнд асуух юм ч бий, нэхэх юм ч бий. Ямар ч атугай ард иргэд биш улс төрчид айдастай явах цаг ирсэн шүү гэдгийг дахин нэг сануулах нь зүйтэй боловуу. Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг бас нэгэн жам буй.


Т.Цахилгаан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ