“Хайрын түүх” анх удаа монгол хэлнээ хэвлэгдэнэ
Уран зохиолын номноос сэдэвлэн кино зохиол бичиж дэлгэцийн бүтээл хийсэн тохиолдол тоймгүй олон. Харин үүнээс эсрэгээр, кино зохиолыг роман болгож ном хэвлэсэн тохиолдол хэд бол? Хуруу дарам цөөн болов уу. Юутай ч тэдгээрээс шилдгийн нэг нь яалт ч үгүй Америкийн зохиолч Эрик Сегалын “Хайрын түүх”.
Харвардын их сургуулийг Эртний Ромын утга зохиол судлалын чиглэлээр төгссөн Эрик Сегал 1960-аад оны сүүлээр хоёр оюутны романтик хэрнээ эмгэнэлт дурлалын тухай кино зохиол бичсэн боловч яаж ч хичээгээд кино студиудын сонирхлыг татаж чадаагүй аж. Холливудын продюсерууд уламжлалт “Happy End” буюу “Амар сайхандаа жаргажээ” маягийн бус, маш эмгэнэлтэй төгсгөлөөс нь цэрвэж “Хайрын түүх” кино зохиолыг хүлээж аваагүй биз ээ.
Уг нь Эрик Сегал 1967 онд алдар цуу нь дэлхий даяар ид түгэж байсан “Битлз” хамтлагийн “Шар шумбагч онгоц” (“Yellow Submarine”) хүүхэлдэйн киноны зохиолыг бичээд бас ч гэж шоу бизнесийнхний тодорхой хүрээнд танил болоод байсан юм. Яах учраа мэдэхгүй явахад нь Вильям Моррисын утга зохиолын агентлагийн Луис Воллес гэгч түүнд кино зохиолоо роман болгохыг зөвлөсөн гэдэг.
Ингээд, 1970 оны хоёрдугаар сарын 14-нд “Хайрын түүх” роман ном болон худалдаанд гарч шууд л бестселлер болж, 33 хэлнээ орчуулагдан 20 гаруй сая хувиар хэвлэгдсэн билээ. Үүний дараа л кино студиудэд олон жил “гологдсон” “Хайрын түүх” кино болсон юм.
“Хайрын түүх” кино номноосоо дутахгүй амжилт олсон. Маш бага, ердөө 2.2 сая ам.долларын төсвөөр бүтсэн ч зардлаа тав бус, бүр 50 дахин нугалж кино театруудаас 106,4 сая ам.доллар цуглуулжээ.
“Хайрын түүх” дуулиан тарин таван “Алтан бөмбөрцөг” шагнал авснаас Эрик Сегал оны шилдэг киноны зохиолын номинацид түрүүлжээ. Үүгээр зогсохгүй тус кино “Оскар”-ын долоон номинацид нэр дэвшин хөгжмийн зохиолч Фрэнсис Ле шилдэг хөгжмийн номинацид тэргүүлсэн юм.
Эрик Сегал 1977 онд “Хайрын түүх”-ийн үргэлжлэл “Оливерийн түүх” роман бичсэн бөгөөд зохиол нь мөн л кино болон дэлгэцнээ гарчээ.
Эрик Сегал мэргэжлийнхээ дагуу Эртний Ромын инээдмийн зохиолч Тит Макций Плавтын бүтээлүүдийг орчуулж, эртний сонгодог инээдмийн жүжгийн талаар хэд хэдэн эрдэм шинжилгээний ажил бичсэн аж.
Зохиолч Харвард, Йель, Принстон, Оксфорд зэрэг нэр хүндтэй их сургуулиудад Эртний Ромын утга зохиол заадаг байсан бөгөөд Паркинсоны өвчин тусч 2010 онд Лондон хотноо 73 насандаа өөд болжээ.
Тэгвэл тун удахгүй Эрик Сегалын алдарт “Хайрын түүх” сэтгүүлч, орчуулагч Н.Баттүшигийн орчуулгаар монгол хэлнээ анх удаа хэвлэгдэн уншигч олны хүртээл болох гэж байна.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ