Д.Төмөрхүлэг хүндхэн барилдаанаас хүрэл медаль хүртэв
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн/УАШТ/ Сэлэнгэ аймгийн Спортын ордонд болж байна. Эрэгтэйчүүдийн 42, эмэгтэйчүүдийн 27, багийн долоо дахь удаагийн УАШТ-ийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул, ОХУ-ын Буриад улсын гавьяат дасгалжуулагч Д.Эрдэнэбатын нэрэмжит болгон зохион байгуулж байгаа. Тэмцээн маргааш/2019.01.09/ багийн тэмцээнээр өндөрлөнө.
Энэ жилийн УАШТ-ийг олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, дэлхийн аварга М.Уранцэцэг болон ДАШТ-ий хүрэл медальт Л.Отгонбаатар нарын шилдэг жүдочид өнжжээ.
Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр /2019.01.07/ эрэгтэй 60, 66, 73, эмэгтэй 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаанууд болж, аваргууд тодорсон.
Эрэгтэйчүүдийн зарим жинд 30-40 жүдоч барилдсан бөгөөд 66 кг-д шинэ аварга төрсөн. Энэ жингийн хүчтэй өрсөлдөгчийн нэг Д.Төмөрхүлэг шөвгийн наймд Г.Хэрлэнд ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдах болсон юм. Д.Төмөрхүлэг залуу жүдоч н.Шинэбаяртай есөн минут барилдан торгуулиар ялж, медальд хүрсэн. Энэ барилдаан өчигдөр явагдсан барилдаанаас хамгийн удаан үргэлжилсэн барилдаан боллоо. Жиндээ түрүүлэх магадлалтай бөхийн нэрлэгдэж байсан Д.Төмөрхүлэг энэ жилийн УАШТ-д хүндхэн барилдаануудыг хийж медальд хүрсэн нь нэгэн том дуулиан байсан юм. Мөн бусад жинд сонирхолтой барилдаанууд олноор гарч зарим жинд шинэ аваргууд төрсөн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ