Д.Амартүвшин, Д.Алтансүх нар хүрэл медаль хүртлээ
БНХАУ-ын Гуанжоу хотод IJF-ийн цувралын чансааны 16-д багтсан шилдэг жүдочид өрсөлдөх Мастерс тэмцээн өчигдөр/12.15/ эхэллээ. Зөвхөн урилгаар оролцох тус тэмцээнд энэ жил 53 орны 231 жүдоч зодоглож буй юм.
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаанууд явагдлаа. Манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй гурван жүдоч өрсөлдөж байгаагаас өчигдөр дэвжээнд ес нь гарч Д.Амартүвшин, Д.Алтансүх нар хүрэл медаль хүртэв.
Эрэгтэй 60 кг-д Гавьяат тамирчин Д.Амартүвшин эхний тойрогт хийлж, ОХУ-ын Алберт Огузовыг ялсан ч Гүржийн бөх Амиран Папинашвилид дийлдсэн. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Бразилын Такабатакег ялж, медалийн тавцанд зогсов.
66 кг-д Д.Алтансүх эхний тойрогт хийлж, Казахстаны Ерлан Серикжановыг ялж, шөвгийн наймд үлдсэн ч Бразилын Даниел Рагнинд дийлдсэн. Д.Алтансүх Словак, Казахстаны бөхчүүдийг дараалан ялж, медалийн тавцанд зогслоо.
Мөн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Г.Одбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг нар тавдугаар байрт, эрэгтэйчүүдийн 66 кг-д Г.Хэрлэн, эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д Б.Мөнгөнчимэг нар долдугаар байрт тус тус шалгарав. Харин Г.Болдбаатар, Д.Цогтбаатар нарын хувьд хэсгээсээ шалгарч чадсангүй.
Эхний өдөр Японы баг тамирчид гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Косово, Франц, ОХУ, Азербайжан тус бүр нэг аваргатай болов.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 81, 90, 100, +100, эмэгтэйчүүдийн 70, 78, +78 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 81 кг-д Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр нар барилдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ