Т.Лхагвасүрэн: ”Очир” төв охины оршуулгын зардлыг барагдуулаагүй
аянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг "Очир" төвийн зочид буудлын өрөөнд 13 настай М охин 2017 оны наймдугаар сарын 23-нд амиа алдсан билээ. Энэ хэргийг жил гаруй хугацаанд хуулийн байгууллага шалгасны эцэст хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-ны өдөр хэлэлцэж, М.Амарболд, Д.Жавхлан нарт бүх насаар нь хорих ял оноож, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Мөн шүүхээс талийгаачийн ар гэрийхэнд нь шүүгдэгч М.Амарболд, Д.Жавхлан болон "Очир" төвөөс нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэвч нөхөн төлбөр барагдуулаагүй байгаа талаар талийгаачийн аав Т.Лхагвасүрэн ярилаа. Түүнээс дараах тодруулгыг авлаа.
-Шүүхээс та бүгдэд хэчнээн төгрөгийн нөхөн төлбөр олгуулахаар шийдвэрлэсэн билээ?
-"Очир" төвийг ажиллуулдаг “Алтан Очир энд Голд стар” ХХК болон шүүгдэгчдийн ар гэрээс нийт 8.409.249 төгрөг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн. "Очир" төв болон Д.Жавхлан нараас тус бүрт нь 3 сая 636 мянган төгрөг, М.Амарболд өмнө нь 2 сая 500 мянган төгрөг өгсөн байсан учраас түүнийг нь хасч 1 сая 136 мянган төгрөг олгох шүүхийн шийдвэр гарсан. Миний охин амиа алдсанаас хойш нэг жил, гурван сарын хугацаа өнгөрч байна. Хэрэг шүүхийн шатанд очих хүртэл "Очир" төв болон Д.Жавхлан М.Амарболд нарын зүгээс оршуулгын зардалд ямар нэгэн мөнгө өгөөгүй явж ирсэн. Харин хэрэг шийдэгдэхийн өмнө М.Амарболдын ар гэрийнхний зүгээс 2 сая 500 мянган төгрөг өгсөн. Нөгөө талуудын хувьд нөхөн олговор төлөөгүй.
-Та энэ талаар яллагдагчдын ар гэрийнхэн болон "Очир" төвийн эзэдтэй холбоо барьж ярилцсан уу?
-"Очир" төвийн захиралтай утсаар ярихад "Өгөх боломжгүй байна" гэдэг хариу өгсөн. “Манай хүүхэд өвдөөд эмнэлэгт хэвтсэн. Хүүхдээ сахиад ажилгүй байгаа. Мөнгөний боломжгүй байна” гэдэг хариу өгч байгаа. "Очир" төвд асар их буруу байгаа шүү дээ. Насанд хүрээгүй охиныг минь буудал руу авч ороход нь хориглолгүй оруулсан. Д.Жавхлангийн ар гэрийнхэн бол төлөхгүй гэж байгаа. Миний хүүхэд хэрэг хийгээгүй гэж үздэг.
-Шүүгдэгчдийн талаас давж заалдсан юм болов уу. Энэ тохиолдолд дараагийн шатны шүүхээр хэрэг эцэслэн шийдэгдсэний дараа нөхөн төлбөрийг өгөх асуудал яригдах болов уу?
-Шүүгдэгчдийн талаас хэргийг давж заалдаж байгаа гэж дуулдсан. Энэ хүмүүс хэрэг шалгагдаж байх хугацаанд оршуулгын зардал ядаж өгч болно шүү дээ. Дэндүү нинжин сэтгэлгүй хүмүүс юм. Шүүхээс талийгаачийн оршуулгын үйл ажиллагаанд зарцуулсан бодит зардлыг шүүгдэгч нар болон буудлын эздээс гаргуулах шийдвэр гаргасан ч ер тоогоогүй.
ZINDAA.MN
СЭТГЭГДЭЛ БИЧИХ