УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн цэцэд хандлаа
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол, Д.Ганболд, С.Бямбацогт нар Монгол Улсын Засгийн газар Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн эсэх асуудлыг шалгуулахаар Үндсэн хуулийн Цэцэд ханджээ. Дээрх нэр бүхий гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд болон түүний тэргүүлж байгаа Засгийн газар дөрвөн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
Нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна”, 2 дахь хэсэг “Засгийн газар үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнана”,
Хоёрдугаарт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн Хорин есдүгээр зүйлийн 6 дахь хэсэг “Засгийн газраас санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд Ерөнхий сайд, Засгийн газрын бусад гишүүд чуулганы хуралдаанд оролцож, гишүүдийн асуултад хариулах, тайлбар хийх, Засгийн газрын байр суурийг илэрхийлнэ”, 7 дахь хэсэг “Засгийн газраас санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед уг асуудлыг хариуцсан Засгийн газрын гишүүн түр эзгүй байгаа бол түүнийг албан ёсоор орлож байгаа Засгийн газрын гишүүн асуудлыг хариуцан хэлэлцүүлнэ”,
Гуравдугаарт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Дөрөвдүгээр зүйлийн 7 дахь хэсэг “Нам, эвслийн бүлгийн дарга, эсхүл дэд дарга энэ хуулийн 4.6-д заасны дагуу завсарлага авахдаа завсарлага авах шалтгаан, хугацааг тодорхой хэлж, энэ талаар хуралдааны тэмдэглэлд тусгуулна”, 8 дахь хэсэг “Гишүүн хүндэтгэх шалтгаанаар хуралдаанд ирэх боломжгүй бол хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэж чөлөө авна”, 9 дэх хэсэг “Гишүүн өвчтэй байсан буюу өвчтэй хүн асарсан, гадаад, дотоод томилолтоор явсан, түүнчлэн хурал, семинарт зайлшгүй оролцох шаардлагатай байсан бол хүндэтгэх шалтгаантай гэж үзэх бөгөөд эдгээр шалтгаан байхгүй бол хуралдаан тасалсанд тооцно”, 10 дахь хэсэг “Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн, эсхүл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэхээс бусад шалтгаанаар гишүүн, нам, эвслийн бүлэг хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно”,
Дөрөвдүгээрт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт “Эрхэлсэн асуудлаараа Улсын Их Хурлын Байнгын хороод, ажлын бусад байгууллагатай шууд харилцаж, Улсын Их Хурлын чуулган, Байнгын хорооны хуралдаанд өөрийн байр суурийг илэрхийлнэ” гэсэн зүйл заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа тул Үндсэн хууль зөрчсөн талаар дүгнэлт гаргуулахаар ханджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ