Д.Лхагвасүрэн: Нобелийн шагналтнууд хавдрын эмчилгээнд шинэ арга, шинэ зам нээсэн, удахгүй нэвтрүүлнэ

“Бид ирээдүйн Нобелийн шагналтнууд” шинжлэх ухааны өдөрлөгт МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхмийн багш, доктор, дэд профессор Д.Лхагвасүрэн уригдаж, 2018 оны Нобелийн шагналын физилоги анагаах ухааны салбарт шалгарсан “Дархлааны сөрөг зохицуулгаар хавдрыг эмчлэх арга” сэдвээр илтгэл тавилаа. Илтгэлийн дараа түүнтэй ярилцсанаа хүргэж байна.  

Ирээдүйд дархлааны сөрөг зохицуулгаар хавдрын эсийг устгах, ужиг халдваруудыг эмчлэх боломжтой 

-“Дархлааны сөрөг зохицуулгаар хавдрыг эмчлэх арга” сэдвээр илтгэл тавилаа. Ер нь хавдрыг дархлааны системийг сайжруулснаар эмчлэх, хариу арга хэмжээ авах боломж бий юу. Энэ чиглэлд эрдэмтэд хэр их судалж байна вэ?  

-Энэ жилийн Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэд хавдрын эмчилгээнд шинэ арга зам, шинэ хандлагыг нээсэн. Судалгааны үр дүн нь өмнө нь хэзээ ч бусад хавдрын эмчилгээнд гарч байгаагүй үр дүн үзүүлсэн юм. Хүний бие олон тооны эсээс бүрддэг. Тэр эсүүд тасралтгүй шинэчлэгдэж байдаг. Шинэчлэгдэхийн хэрээр ямар нэг байдлаар доторх генд алдаа гарах магадлалтай байдаг. Алдаа гарсан эсүүдийг дархлааны тогтолцоо олж илрүүлээд устгаад явдаг. Гэхдээ дархлааны тогтолцоо алдаа гарсан эс бүрийг таньж устгахдаа зарим талаар учир дутагдалтай байдаг. Алдаатай эсүүдийг устгаагүй тохиолдолд эсийн генд гарсан алдаа улам нэмэгдэж, улмаар зарим эс зогсолтгүй хуваагдаж эхэлдэг. Ийнхүү эс улам аюултай болсноор хорт хавдрын эс болж байгаа юм.

Өмнө нь бол хавдар юм уу, ямар нэг халдварыг дархлааг дэмжиж, идэвхижүүлснээр эмчлэх боломжтой гэж үздэг байсан. Тиймдээ ч дархлааг янз бүрийн аргаар идэвхижүүлээд хавдар болон төрөл бүрийн халдваруудыг эмчлэхийг зорьж байсан юм. Харин энэ жилийн Нобелийн шагналтнуудын судалгаагаар дархлааны сөрөг зохицуулга буюу дархлааны эсүүд өөрийнхөө эсүүдийг таниад өөрийнхөө эс рүү довтлохгүй байх механизмыг нээн илрүүлж түүнд нөлөөлснөөр өөрийн эсээс гаралтай тэр хавдруудыг эмчлэх боломжтойг харуулсан. Жеимс Аллисон, Тасуку Хонжо нарын баг болон бусад судлаачдын судалгаагаар дархлааны эсүүдийн идэвхжлийг өвөрмөцөөр дарангуйлдаг CLTA-4, PD-1 уургуудыг саатуулах замаар хийсэн клиникийн туршилтууд олон төрлийн хавдрын үед 20-45 хувь хүртэл нөлөөлж, урьд өмнөх бусад хавдрын эмчилгээг бодвол амьдрах хугацааг илүү уртасгаж, өндгөвчний хавдартай зарим хүний үсэрхийлсэн хавдар арилж, ямар нэг эм хэрэглэлгүйгээр 4 жил хүртэл (одоо хүртэл) амьдарч байгаа гайхалтай үр дүнд хүрсэн.     

Дархлааны сөрөг зохицуулга гэдгийг энгийн үгээр тайлбарлавал, ямар нэг өвчин эсвэл хавдрын эсрэг төрөгчийг (харийн эсрэг төрөгч) дархлааны эс таньж тухайн эсрэг төрөгчийг ялгаруулж байгаа зүйлийн эсрэг үйл ажиллагааг явуулахын тулд идэвхижих, олшрон хуваагдах, тухайн байрлал руу дайчлагдах ёстой. Гэвч энэхүү дархлааны эс харийн эсрэг төрөгчийг таньж холбогдсон ч идэвхижих замыг саатуулах дохиог  өгдөг зохицуулгын систем байдаг. Уг сөрөг зохицуулгын замыг ашиглан хавдрын эсүүд хүний биеийн дархлааны системийг өөрийнхөө эсрэг идэвхжихийг дарангуйлснаар үржиж олширдог байна.  Дархлааны сөрөг зохицуулга нь яагаад байдаг, юунд чухал вэ гэж хүмүүс асуух байх. Учир нь энэ систем байхгүй бол хүний дархлаа өөрийнхөө эд эсийг танихгүй болж автоиммуны өвчлөл үүсэх, эсвэл хэт идэвхжин ашигтай микрофлорыг бууруулах гэх мэт сөрөг нөлөөтэй.

Монголчуудад зонхилон тохиолдож байгаа ихэнх хавдрууд халдварын гаралтай

-Хүний биед хорт хавдрын эс үржихэд ямар хүчин зүйл голлон нөлөөлдөг вэ?  

-Академич П.Нямдаваагийн лекцээс харж байхад Монголчуудад зонхилон тохиолдож байгаа ихэнх хавдрууд халдварын гаралтай байна гэж дурдсан юм.  Тэгэхээр энэ халдваруудыг бууруулах нь хамгийн чухал.  Жишээ нь, элэгний хавдарт хүргэдэг гепатитын В, С вирус, умайн хүзүүний хорт хавдрын шалтгаан болж буй хүний хөхөнцөр вирус, ходоодны хорт хавдрын шалтаан болж буй хеликобактери пилори зэргийн архаг халдварууд урт хугацаанд хавдар үүсгэх эрсдэлт хүчин зүйл болдог байна. Тэр хэрээрээ эмчлэгдэхгүй байх магадлал өндөр. Харин энэ жилийн Нобелийн шагналтнуудын судалснаар дархлааны сөрөг зохицуулгаар дамжуулан зөвхөн хавдрын эсийг устгахаас гадна, ужиг халдваруудыг эмчлэх болно гэж үзэж байгаа. Хүний биед хорт хавдрын эс үүсэхэд дээр дурдсан болон үүнтэй ижил төстэй бусад олон төрлийн халдварууд, гадаад орчин, хоол хүнс, эмийн бодисын нөлөө гэх мэт тоолж барашгүй олон хүчин зүйл нөлөөлдөг гэж дурдсан байдаг. Харин үржиж олшроход нь тухайн хавдрын эсийн генетик мэдээлэлд гарч буй мутацийн эрчим түүний байрлал, тухайн организмын дархлааны системээс хэрхэн зайлсхийж байгаа нь голчлон нөлөөлдөг байна.      

-Ханиад хүрэнгүүт л дархлаагаа сайжруул, дархлаа дэмжих бэлдмэл хэрэглэ гэж зөвлөдөг болсон. Ер нь хүний дархлаа гэж юу вэ. Дархлаа муудаж, сайжирч байгааг хэрхэн мэдэх вэ? 

-Дархлаа муудаж болно, мөн хэт идэвхижиж болно. Эрүүл байвал дархлаа нь тэнцвэртэй байна л гэсэн үг. Хэрвээ дархлаа нь муудчих юм бол янз бүрийн халдвар, хавдарт өртөмтгий болно. Гэхдээ түүний эерэг тал нь харшил багасч болно. Дархлааг өндөр идвэхтэй болгочих юм бол халдварын, болон хавдрын эсрэг үйлчлэх боломжтой. Гэхдээ харшлын болон автоиммуны өвчлөл үүснэ.

Хүний дархлааг эм, бэлмдэлээр дэмжих боломжтой жишээ нь, интерферонууд “виферон” тодорхой төвшинд нөлөөлнө. Гэхдээ хэзээ хэрэглэх үү гэдэг нь чухал юм. Вирусийн халдвар хэзээ эхэлсэн тэр эхний үед нь илүү үр дүнтэй үйлчилгээтэй. Үнэндээ интерферон нь вирусийн халдварын дараа хүний биед идэвхиждэг зүйл болохоор ханиад нэгэнт хүрээд хэд хоносны дараа интерфероны бэлдмэл их хэмжээгээр хэрэглээд байх нь үр дүн муутай гэж үздэг. 

Адууны мах, аарц, чацаргана дархлаа дэмжинэ. Гэхдээ...  

-Адуун махтай саримстай шөл, аарц, чацаргана дархлаа дэмжих үү?

-Мэдээж тийм ээ. Гэхдээ зөвхөн дархлаа дэмжих нь өвчинтэй тэмцэх арга биш юм. Хоол хүнсээр авч буй олон төрлийн бодис нь хүний биед янз бүрээр нөлөөлдөг. Монголчууд хоол хүнсэндээ адууны махыг өргөн хэрэглэдэггүй. Тиймээс биднийг өвчлүүлж байгаа өвчин үүсгэгчид ч мөн адил бидний хоол хүнсээр авч байгаа олон төрлийн бодистой зохицсон байх боломжтой. Тиймээс байнга идэж хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнээс арай өөр найрлага бүхий бодисууд агуулсан хүнс хааяа хэрэглэх явцад бие организмд сайнаар нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, адууны мах олон ханаагүй холбоот тосны хүчлүүдээр бусад махнаас баялаг байдаг, саримсанд агуулагдах идэвхт нэгдэл нь антиоксидант, үрэвсэл намдаах, бактерийн эсрэг үйлчилгээтэй; харин чацарганыг судалсан олон ажлуудаас харахад витамин болон ховор тосны хүчлийн агууламж өндөртэй бөгөөд үйлчилгээ нь ижил төстэй ургамлуудаас илүү байдаг нь ажиглагддаг.  

Монголд ханиадны вирус эмчлэх вакцины түүхий эдийг гаргаж авах судалгааг хийж байна

-Та Японы Айчигийн анагаах ухааны их сургуульд доктор хамгаалсан юм байна. Докторын судалгааны талаараа танилцуулахгүй юу?

-Хүний биеийн эс доторх генийг засах аргын талаар судалгаа хийсэн. Өөрөөр хэлбэл, төрөл бүрийн вирусүүд хүний биеийн эс рүү нэвтэрч геномд нь өөрийнхөө генетик материалыг нэгтгэснээр эдгэрэх боломжгүй архаг өвчин үүсгэдэг. Жишээ нь, ДОХ болон гепатитын В вирус юм.  Үүнээс гадна хүний ген алдаатай байснаас болоод ямар нэгэн эмгэг үүсчихсэн байлаа гэхэд дээрх вирус эс рүү өөрийн генетик материалыг оруулж байгаа механизмыг нарийн судласнаар эд эсийн генетик мэдээллийг засаж, ажиллагаагүй болсон генийг нөхөн сэргээж, буруу ажиллаж байгааг унтраах, засах аргыг судалж байсан.   

Харин одоо бол рекомбинант уураг гарган авах зорилготой шавьжны эс гаргаж авах судалгаан дээр ажиллаж байна. Эмчилгээний уургийг хөхтөн амьтан, ургамал, микро организмын эсээс гаргаж авч болно. Гэвч микро организм болон ургамлын ээс ашиглах нь хурдан гарц өндөртэй ч хүний биед эмчилгээний зорилгоор хэрэглэх үед дархлааг хэт өдөөх, хурдан танигдаж устгагдах гэх мэт үл тохирох нь олон. Хөхтөн амьтны эс дээр хамгийн сайн тохирно. Гэхдээ гарц багатай маш удаан, тусгай нөхцөл шаарддаг учраас өртөг өндөртэй, эмзэг байдаг. Харин шавжийн эс ашиглах нь хөхтөн амьтантай нэлээд төстэй учраас гаргаж авсан уураг нь хүнд тохирох нь илүү сайн, мөн хурдан ургадаг, бүтээмж өндөртэй, ургуулах арчлахад харьцангуй хялбар нөхцөл шаарддаг. Ийм эсүүдээр дэлхийд ханиадны вирусийн вакцин хийдэг. Монголд туршиж үзэх зорилгоор энэхүү судалгаагаа эхлүүлээд анхдагч эс гаргаж авсан үр дүнгээ танилцуулсан.     

-Монголд ханиадны вирус эмчлэх вакцины түүхий эдийг гаргаж авах судалгааг хийж байгаа гэж ойлгож болох уу?

-Шууд ингэж хэлэхэд арай эрт байна. Мэдээж уг эсийг гаргаж авахаар судалж байгаа маань таны асуусан асуулт, ойлголтонд хүрэх хэтийн зорилгын хүрээнд хийгдэж байгаа.

-Гадаадын шилдэг их сургуульд мэргэжлээрээ туршлага хуримтлуулж, эргээд түүнийгээ эх орондоо нутагшуулах хүсэлтэй залуус олон болжээ. Таны хувьд тэдний нэг төлөөлөл. Аливаа улс орны хөгжлийн гол суурь шинжлэх ухаан шүү дээ. Шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд юу хамгийн чухал гэж хардаг вэ?  

-Мэдээж мөнгө хэрэгтэй. Залуу хүмүүсийн шинэ санаа, санаачлага төслийг дэмжээд санхүүжүүлэх хэрэгтэй. Зөвхөн залуу гэлтгүй судлаачид, судалгааны байгууллагууд хоорондоо ойлголцож хамтарч ажиллаж шаардлагатай. Өндөр хөгжилтэй, хөгжиж байгаа орнуудын шинжлэх ухааны судалгаанд зарцуулж буй хөрөнгө дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 1-3 хувийг эзлэж байна. Харин манайд 0.1 орчим хувь бий. Мөн бусад үлгэр жишээ болохуйц орнуудад асуудалд шинжлэх ухаанч байдлаар хандаж, бодлого тодорхойлохдоо олон жилийн бодитой шинжлэх ухааны судалгаа баримтад үндэслэдэг. Харамсалтай нь манайд олон шийдвэрүүд гэнэтийнх (сюрприз) байдаг нь зөвхөн шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд ч биш бүхийл салбар хөгжихөд саадтай байна. Асуудал болгонд мэргэжлийн баг мэргэжлийн ханддаг байх нь чухал болов уу.     

-Ярилцсанд баярлалаа

itoim.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ