С.Ганбаатар: Эд нар гэдсэндээ хөлөө жийлцэж байгаа нь сайн цагийн эхлэл

МАХН-ын дэд дарга С.Ганбаатартай ярилцлаа.

-Танай нам ойрд нам жим байлаа. Ямар ажил амжуулж байна даа?

-Бид тун завгүй байгаа. Аймаг, дүүргүүдээ 2-3 удаа тойрлоо. сүүлд дундговь, Төв аймгуудад ажилласан. Бид ард түмэндээ Шинэ дээд хуулийнхаа төслийн талаар танилцуулж, санал бодлыг нь хуваалцаж байна. Энэ хуулийн үзэл санаа бол өнөөдрийн УИХ дахь ясаа булаалдсан ноход шиг уралцаж буй байдлыг таслан зогсоох зорилготой юм.

-Өмнөх парламентад гишүүн байсан танд өнөөгийн улс төрийн нөхцөл байдал гаднаас ямар харагдаж байна вэ?

-Шүүх тогтолцоо нь шударга бус байгаа газар хүчирхийлэл тогтохоос өөр аргагүй байдалд ордог. өнөөдрийн энэ олон зүйлүүдийн үндсийн үндэс нь шүүх прокурор, АТГ гээд хүчний байгууллагууд хэтэрхий нэг талыг барьсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, шударга ёсыг бариагүйгээс энэ байдал үүсч байгаа. Монголчууд энэ улс төрөөс үнэхээр залхаж байна шүү дээ. Би ч өөрөө улс төрд дуу хоолойгоо нэлээд өндөрт өргөдөг хүмүүсийн нэг. Гэхдээ бид эх орноосоо, ирээдүйгээсээ, үр хүүхдүүдээсээ залхаж болохгүй. Энэ утгаараа Монголын ард түмэн өнөөдөр улам идэвхтэй, сонор, хариуцлагатай байх цаг үе ирж байна.

-Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр гар нийлээд УИХ-ын даргыг өргөдлөө өгөхийг шахаж байгаа. Нэр бүхий таван гишүүн өнгөрсөн долоо хоногт чуулганы үүдэнд суулт зарлаж, чуулган хуралдаагүй. Сайдаа ч томилж чадахгүй удлаа. МАН-ын хэрүүл төрийн үйл ажиллагааг гацаагаад байна шүү дээ?

-МАНАН хоёр толгойтой болчихлоо. Ард түмэнд хоёр МАНАН-гийн зовлон үүслээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэсэн нэг залуухан МАНАН байна. Ардчилсан намын удирдлагууд, УИХ-ын даргаар толгойлуулсан бас нэг МАНАН байна. Энэ хоёр МАНАН хоёулаа ард түмэнд гай тарьж байгаа. Үнэндээ тэдэнд гурван сая монголчуудын эрх ашгаас илүү ЖДҮ, концесс, Оюу толгойд бараа шахах эрх ашиг нь чухал болжээ. Тэд энэ бялуугаа багадлаа гэж төрийн ажлыг анхаарах сөхөөгүй хөнөөлдөн тэмцэлдэж байгаа нь харамсалтай.

-Нэр бүхий гишүүд танхимын нөхдөө бүрэн эрхээсээ татгалзаж ЖДҮХС-гаас зээл авсан эсэхээ шалгуулахыг уриалсан. МАН-ын хагарал улам л гүн рүүгээ яваад байна уу даа?

-УИХ-ын гишүүд төрдөө тангараг өргөсөн хүмүүс. Тангараг гэдэг бол эрх дарх биш. Энэ бол хариуцлага, ёс зүй. Шуудхан хэлэхэд тэд шалгуулах гэж тангараг өргөсөн. Ард түмэн, сонгогч олныхоо итгэлийг авч УИХ-д гарч ирчихээд ЖДҮ-дээд байна шүү дээ. Тэд ард түмнээ төрд төлөөлөх үүргээ биелүүлэхгүй харин ч биднээр тэжээлгээд байгаагаа болих хэрэгтэй.

-Шинэ жил дөхлөө. МАН-аас зохион байгуулдаг “Алтан сарнай” гэж сүрхий наадам нь хүртэл болох эсэх нь бүрхэг байгаа бололтой. Удахгүй зуун жилийнхээ ойг тэмдэглэх энэ намын лидерүүд эвлэлдэхээсээ өнгөрөв бололтой гэж улс төрийн хүрээнийхэн ярьцгааж байна. Харин та юу гэж бодож байна?

-Би 2011 онд Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны тэргүүн байхдаа “Алтан сарнай”-н эзэн болж байсан шүү дээ. Үүний дараагаар намайг МАН-д элсч 2012 оны сонгуульд нэр дэвших нь гэж хүртэл шуугьж байв. Гол нь МАН үзэл санааны нэгдэл байж чадахгүй боллоо. Тэд бүлэглэл, хувийн явцуу эрх ашиг, мөнгөний төлөөх нэгдэл болж хувирлаа. Ямар ч нурах байшин дотроосоо гэдэг шиг тэд өөрсдийнхөө төгсгөлийг хурдасгаж байна.

Ер нь МАНАН иргэний хөдөлгөөний зарим нэг хүмүүсийг бузарлаж байгаа. Бүх юмыг мөнгөөр шийдэх гэж оролдож байна.

-Та жагсаал цуглаан гэж юу байдгийг жинхэнэ утгаар нь хийж байсан хүн л дээ...

-Тэр үед бүх телевиз бидний эсрэг байлаа. Цөөхөн хэдэн сонин, хэвлэл онцгой дэмжиж байсныг нуугаад яахав. Цагдаа нь биднийг алчих гээд л. Шилбийг маань хавдтал өшиглөөд л. Энэ бол яг үнэнээсээ иргэний хөдөлгөөнүүдийн цуглаан байсан юм шүү. Гэтэл энэ МАНАН эрх жижиг хөдөлгөөнүүдийг бузарлаж дууслаа. Би энэ хоёр намын зөв шударга олон гишүүдийг хамруулж хэлээгүй. МАНАН гэдэг бол Ардын нам доторх луйварчин бүлэглэл, Ардчилсан намын луйварчин бүлэглэлтэй нийлж, Монгол орныг түйвээж идэж уудаг шударга бус байдлыг хэлж байна. Монгол оронд нар мандаж, сайхан шударга цаг үе ирэх боломж бүрдлээ. Эд нар өөрсдийнхөө янз бүрийн өвчний идээ бээрийг ил гаргаж байна. ЖДҮ туссан хүмүүс бүгд тодорчихлоо. Энэ ер нь эдгэрдэггүй өвчин. Шинэ гишүүд ихэнх нь ЖДҮ туссан байна лээ. Би үүнийг хараад УИХ-д олон жил суусан архаг ЖДҮ-чид нь шинэ ЖДҮ-чидээ яаж цэвэрхэн ЖДҮ-дэхийг зааж хэлээгүй байна даа гэж бодож байлаа. ЖДҮ бол цаад утгандаа хүмүүсийн мөрөөдлийн дээрэм гэсэн үг. Бизнес дөнгөж эхлүүлэх гэж байгаа хүмүүс мөрөөдлийнхөө төлөө хамаг байшин барилга, амь амьдралаа барьцаанд тавиад эрсдэлтэй алхам хийхээр зүтгэж байгаа. Олон улсын түвшинд ЖДҮ-ийн зээл алдагдалтай байдаг. ЖДҮ-ийн зээл гэдэг бол хөл дээрээ боссон MCS, АПУ гээд том том компаниудын дараагийн үеийг бэлдэхийн тулд Засгийн газраас татварын мөнгөөр санхүүжиж байгаа нийгмийн хөтөлбөр юм. Гэтэл үүнийг тогтсон том компаниуд бидний сонгуулиар сонгож гаргаж ирсэн тэр итгэлийг алдаж, хүмүүсийн мөрөөдлийг дээрэмдэнэ гэдэг бол аюултай гэмт хэрэг. Энэ ганц ЖДҮХС дээр биш, өшөө олон санд ч хамаатай.

-Та сая хуучцуул нь шинэ гишүүддээ ЖДҮ-дэхийг олигтой зааж өгөөгүй байна гэлээ. Тэгвэл таны үед их цэвэрхэн ЖДҮ-дэж байжээ?

-Би УИХ-ын гишүүн байхдаа Монголбанкны мөнгө хэвлэдэг олон луйврыг хэлэхэд Ардчилсан нам, Ардын намынхан хамтарч над руу дайрдаг байлаа шүү дээ. Мань мэт шиг эдгээр хүмүүстэй тэмцэгчид нь багасчихаар хоорондоо мундраагаа хутгаж байна л даа. Миний үед ЖДҮ-ээс том, том хэргүүд байсан. Дубайн гэрээ, Оюу толгойн гэрээ, Монголбанкны мөнгө хэвлэх том гэмт хэрэг гэх мэт. Ямар сайндаа Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа “Босоо Ганбааг хэвтүүлнэ ээ” гэж хэлж байсан. Одоо би босоо хэвээрээ л байна. Тэр маань харин хааччихав даа. Үндсэндээ хууль зөрчигч нартай тэмцэнэ гэдэг маш аюултай ажил. Харин эд нар гэдсэндээ хөлөө жийлцэж байгаа нь сайн цагийн эхлэл. Хоёр хуваагдчихаад байгаа МАНАН-гийн энэ үзэгдэл зул бөхөхийнхөө өмнө бадамлана гэдэг шиг л болж байна.

-Одоо тэдэнд ямар гарц байж болох вэ?

-Шударга байх, зөвшилцөлд хүрэх хамгийн чухал. Айн Рэнд “Ард түмэнтэйгээ зөвшилцөхгүйгээр зөвхөн эрх баригчид хоорондоо зөвшилцөх гэж оролдох юм бол фашизм болно” гэж хэлсэн байдаг даа. Манай фашизм дуусч байна гэсэн үг. Эрх баригчид хоорондоо зөвшилцөж чадахаа болилоо. Тендер дээрээ, ЖДҮ дээрээ, албан тушаал дээрээ ойлголцохоо болилоо. Монголд зөвшилцөл хэрэгтэй. Эд нар яагаад Оюу толгой, Эрдэнэтийн 49 хувь, Таван толгойг ярихаа больчихов. Жинхэнэдээ өөр өөрсдийнхөө жижигхэн эрх ашиг дээрээ асар ихээр үзэлцэж байна. Уг нь Монголынхоо нэг том эрх ашгийг бариад тэрэн дээрээ хоорондоо зөвшилцөж, нэгдэх ёстой. Үл ойлголцол гарах юм бол шинжээчдийн дүгнэлт гардаг. Энэ УИХ, Засгийн газар хоорондоо бие биеэ их зовоож байна. Дандаа хувь хүн ярьцгаах юм. Аугаа хүн үзэл санааг ярьдаг. Дунд хүмүүн үйл явдал, болсон явдлыг ярьдаг. Адгийн хүмүүн хүн ярьдаг. Би бол баялгийн эх оронч үзлийг байнга ярьсаар ирсэн. Харин эд нар хэтэрхий их хүний тухай ярьж байгаа нь асуудал үзэл санаан дээрээ төвлөрч чадахгүй байгаагийн шинж.

-Та түрүүн МАНАН-г устаасай гэсэн. Тэгээд хэнийг төрд сонгох юм бэ?

-Хоёр МАНАН-гийн оронд бидний ярьж байгаа үзэл санааг ард түмэн сонгооч ээ гэж хэлмээр байна. Хэн ч төрд гарсан бай ингэж яс булаалдсан ноход шиг уралдахгүй ээ. Бидний хуулинд ЖДҮ-дэх юм уу, Оюу толгой, Дубайн гэрээ шиг хийсэн зүйлийг шүүдэг шүүгчийг ард түмнээс сонгоё гэж байгаа юм. Үндсэн хуулийн цэц есөн гишүүнтэй байдаг. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар гурав гурваар нь тавьдаг. УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг тойрсон мафийн бүлэглэлүүд, дархлагдсан хулгайч нар хүн алахаас бусдыг хийж болно гэсэн үг болчихож байгаа юм. Юун Оюу толгой, Таван толгой. Бүгдийг цөлмөж хулгай хийж болно. Тэдэнд хууль үйлчлэхгүй. Яагаад гэвэл хулгай хийх магадлалтай хүмүүс өөрсдийгөө шүүх хүмүүсийг томилоод байна гэсэн үг. Тэгвэл бидний ярьж байгаа үзэл санаагаар Цэцийн есөн гишүүнийг ард түмнээс сонгодог болъё гэж байгаа.

-Хачин, хачин хүмүүс сонгогдох юм биш үү?

-Тэгвэл Цэцийн гишүүдийг өнөөдөр хэн сонгож байгаа юм бэ. Банкны эзэд, шүүгч нарыг сонгож байна. Ерөнхий шүүгчийг Худалдаа хөгжлийн банк сонгосон гэдгийг бүгд мэдэж байгаа. Эрдэнэтийн 49 хувийг ард түмнээс булаагаад аваад өгсөн. Энэ тэнэг байдлыг зогсоохын тулд шүүгч нар ард түмнээсээ байгаач ээ. Энэ нь 1990 оноос өмнө байсан л зүйл шүү дээ. Хоёрдугаарт, уул уурхайн баялаг бол одоогийн Үндсэн хуулиар төрийн өмч. Тэгвэл бид ард түмний дундын өмч байлгах саналыг дэвшүүлж байгаа. Энэ үзэл санаа, Шинэ дээд хуулиа батлахад бид бүх цаг хүчээ зарцуулж байна.

-Хэнтий дэх УИХ-ын нөхөн сонгууль болох нь тодорхой болсон. Танай нам хэнийгээ нэр дэвшүүлэх вэ?

-МАХН-аас албан ёсоор хуралдаж, хэнийг дэвшүүлэхээ шийднэ.

-Нэг хэсэг тэнд танай намын даргыг гэр бариад , сонгуулийн штаб байгуулсан гээд л яригдаад байсан?

-Бид тэмцэлд үргэлж бэлэн байдаг. (инээв)

-Ингэхэд Хөдөлмөрийн үндэсний нам(ХҮН)-ын залуу “Улс төрийн туршлагагүй учраас намаа С.Ганбаатар гэдэг хүнд эзлүүлчихсэн” гэж ярьж байсан. Та энэ намыг байгуулаагүй юм уу?

-ХҮН-ын нэрийг би өгч, миний залуучууд байгуулсан гэдгийг Монгол даяар мэдэж байгаа шүү дээ. Боловсролтой сайхан залуус ч дэмжсэн. Би тэдэнд тамга гэрчилгээгээ хадган дээр тавиад өгч байсан. Тэрнээс юу гэж энэ намыг эзлэх билээ дээ. Дээр нь миний бие УИХ-ын гишүүн байхдаа жил болгоны Сант маралын судалгаагаар ард түмний хайр хүндэтгэлийг татсан нэг, заримдаа хоёр номерын улстөрч байлаа шүү дээ. Энэ их итгэл найдвар залуу хүнийг улс төрд ороход хэрэг болдог юм бол болоосой гэж бодсон. Гэтэл тэр залуус хурлын заалаар хангаж тусалж байсан хүмүүсээ хүртэл муугаар ярьж байна лээ. Би тэр Доржхандын ярилцлагыг үзсэн. Ерөнхийлөгчийн сонгуулиар тэд миний эсрэг мэдэгдэл гаргаж байсан. Тэр үед дуугүй л өнгөрсөн. Уг нь ХҮН-ыг анх үүсгэн байгуулсан хүн нь Ерөнхийлөгчид дэвшиж байхад тэд дэмждэггүй юм аа гэхэд дуугүй байх ёстой. Хоёрдугаарт, ХҮН-ын нэг залуу телевизээр ярилцлага өгнө лээ. Ер нь адгийн хүн л хүн ярьдаг юм шүү дээ. Хүний лааг үлээвэл өөрийнх нь лаа тодорч асдаг гэж бодож байгаа бол алдаа хийж байна даа гэж хэлмээр байна. Тэгээд ч хүн муу хэлж өөрийнхөө рейтингийг өсгөдөг улс төр хаана ч байдаггүй юм, энэ дэлхий дээр. Тухайн үедээ тэд хоёр тэрбум, түүнээс ч илүүгээр суудлаа зарна гэж хэсэг ярьсан. Үүнд нь би дургүйцсэн. Намайг АН, МАН сайд болооч гээд урьж байсан үе шүү дээ. Энэ болгоныг хойш тавиад жирийн залууст боломж өгөхөөр хичээж байсан. УИХ-ын суудлыг зарахыг би хэзээ ч зөвшөөрөхгүй гээд л бидний хооронд хагарал үүссэн дээ. Үүнээс өөрөөр би яримааргүй байна. ХҮН-ын залуучууддаа өндрөөс өндөр амжилт гаргахыг хүсч байна.

-Та бүхний санаачилсан Шинэ дээд хуулийн төсөл засаглалын ямар хэлбэрийг сонгож байгаа вэ?

-Бид Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч өнөөдрийн Ерөнхий сайд шиг гүйцэтгэх эрх мэдэлтэй байх ёстой. Харин УИХ хууль тогтоох эрх мэдэлтэй байна. АИХ, УБХ гэж байсан шиг дээд, доод гээд хоёр танхимтай байхыг дэмжиж байгаа.

-Манай улсын онцлогт Ерөнхийлөгчийн засаглал тохиромжгүй гэдэг шүү дээ?

-Үүнийг бид дангаараа шийдэхгүй. Нийт ард иргэдээрээ асууж байгаа. Олон эрдэмтэдтэй ярилцаж байгаад ийм санал гаргаж ирсэн. Өнөөдөр сайд дарга нарыг шүүдэг шүүгч гэж байхгүй болсон. Сайд дарга нарын бүлэглэлийн халаасанд шүүгчид орсон байдлыг өөрчлөхгүй л юм бол манай орон өөр болохгүй. Засгийн газар өөрчлөгдөж байж улс орны хувь заяа өөрчлөгддөг гэсэн үг байдаг. Гэтэл манайд фракц бүлэглэлүүд нь өөрчлөгдөөд байдаг. Одоо банкууд, гадаадын том үндэстэн дамнасан уул уурхайн компани гэсэн хоёр бүлэглэл манай шийдвэр гаргагчдыг барьцаалсан. Манай УИХ, Засгийн газар ард түмнийх биш. Барьцаалагдсан УИХ, Засгийн газар болсон. Энэ бүхнийг өөрчлөхийн тулд хэн нэгэн мандан бадаръя гээгүй. Харин ирээдүй хойчийнхоо сайн сайхны төлөө л хийе гэж байна.

-Та улс төрийн хямралаас гарах арга зам бол зөвшилцөл гэж хэдэнтээ хэллээ. Ерөнхий сайд, УИХ-ын даргын төлөөний хүмүүс саяхан уулзаад зөвшилцөж чадаагүй байна лээ...

-Улстөрчид зөвшилцөхийн тулд асуудлаа мэргэжлийн хүмүүсээр нь дүгнэлт гаргуулах ёстой. УИХ-ын гишүүд бүгдээрээ уул уурхайн инженерүүд болчихдог. Эсвэл бүгдээрээ хоньчин, ямаачин болоод давхичихдаг. Одоо манай Засгийн газрын ордныг ЖДҮ-ийн ордон гэдэг болж. Дотор нь 45-ын гутал үйлдвэрлээд байгаа гэсэн. Энэ онигоогоо одоо зогсоох цаг нь болсон.

-ЖДҮ-дсэн гишүүд хууль батална гээд сууж байгаад ард түмэн бухимдалтай байгаа. Хэн ч улс төрд гарч ирсэн адилхан өөрийнхөө ашиг сонирхлыг л тэргүүнд тавина байх?

-ЖДҮ эдгэрдэггүй өвчин гэдгийг дахин хэлье. Туссан бол шууд тайрч хая. 2019 он юм уу, дараагийн сонгуулиар ЖДҮ өвчнөөсөө салах цаг болсон. Ямар ч эвдэрхий цаг өдөрт хоёр удаа зөв заадаг шүү дээ. Энэ утгаараа Монголын улс төрд ЖДҮ илэрнэ гэдэг сайны тэмдэг. Энэ илрэхгүй бол бүр ч бугших байсан.

Монголын улс төрд алдаа гарсан. Хууль шүүх байхгүй болох цагаар хүчирхийлэл ноёлдог. Зөвхөн хэн чанга дуугарсан. Хэн сайн чанга дуугарч, сошиалд бүүстэлсэн нь өнөөдөр ялах хэмжээнд очлоо. Эндээс фэйсбүүкийн эзэн Цукерберг л хожиж байгаа гэдгийг санах хэрэгтэй.

Эх сурвалж: Өдрийн сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ