“Ливерпул” “Наполи”-г буулган авч плей оффт шалгарлаа


Аваргуудын лигийн хэсгийн шатны шувтаргын тоглолтууд өчигдөр эхэллээ. Үхлийн гэж зүй ёсоор нэрлэгдсэн “С” хэсэгт плей оффт ямар хоёр баг шалгарах нь сүүлийн мөч хүртэл тодорхойгүй байсан юм.

Английн “Ливерпул” “Энфилд” цэнгэлдэх хүрээлэндээ “Наполи”-г 1:0, эсвэл хоёр бөмбөгийн зөрүүгээр хожиж байж л дараагийн шатанд тоглох эрх авч, харин Италийн багт тэнцэхэд л хангалттай байлаа.

Маш ширүүн өрсөлдөөнтэй, ёстой л гал гарсан тоглолтод Салахын оруулсан гоолын ачаар Юрген Клоппын удирддаг баг хөгжөөн дэмжигчдээ баярлуулан “Наполи”-той оноо тэнцсэн ч бөмбөгийн зөрүүгээр плей оффт хэсгээсээ хоёроор шалгарч чадав.

Тэгвэл Белградад “Пари Сен Жермен” талбайн эзэн “Црвена звезда”-г 4:1-ээр бут ниргэж тус хэсгийг тэргүүлсэн байна. Францын оддын цуглуулга гэгддэг багаас Кавани, Неймар, Маркиньюс, Мбаппе нар гоолджээ.



Аваргуудын лигийн шөвгийн 16-д “С” хэсгээс ийнхүү “Пари Сен Жермен”, “Ливерпул”, харин “А” хэсгээс Германы “Борусси”, Испанийн “Атлетико”, “В” хэсгээс Испанийн “Барселон”, Английн “Тоттенхэм хотспур”, “D” хэсгээс “Португалийн “Порту”, Германы “Шалке 04” тус тус шалгараад байна.

Өнөөдөр Аваргуудын лигийн үлдсэн дөрвөн хэсгийн шувтаргын тоглолтууд болох юм.      

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ