Б.САРАНТУЯА: Хүнтэй суух нь миний амьдралд нөлөөлөөгүй. Нөлөөлөх ч үгүй.

Энэ дугаарын хүндэт зочин бол МУГЖ, Зууны Манлай дуучин, Поп хатагтай Б.Сарантуяа юм. Тэрээр 16 настайдаа рок, поп урлагт хөл тавьж, “Мөнгөн харандаа” хамтлагаас гараагаа эхэлснээс хойш урлагийн тайзнаа 32 жил болжээ. Үргэлж гайхалтай уран бүтээлээрээ бэлэг барьдаг Поп хатагтай Сараатай түүний амьдрал болон уран бүтээлийнх нь талаар  дотно яриа өрнүүлснийг уншигч танд хүргэж байна.

-Та саяхан аялан тогтолтоо хийсэн. Гадаадын улсуудад ийм урт, удаан аялан тоглолт хийж байсан дуучин ховор байх шүү?

-Тийм ээ, бид энэ аялан тоглолтоо хоёроос гурван сарын хугацаанд бэлдсэн. Миний хувьд ч бэлтгэл маш сайн байсан. Монголоос манай “Sara`s music” продакшны дууны найруулагч Ундралбаяр, 102.5 фм-ийн хөтлөгч, DJ Ялалт, make up artist Mарал бид дөрөв гарсан. Бид зүгээр нэг тоглолт, үдэшлэг биш “Уулзалт цэнгүүн” гэж хийснээрээ онцлог байсан. Өөрөөр хэлбэл, дуучинтайгаа илүү ойроос ярилцах, асуулт асуух гэх мэт дотно уур амьсгалыг бүрдүүлсэн л дээ. Энэ аялан тоглолтонд маш их хөрөнгө мөнгө зарцуулсан. Промо рекламыг нь Улаанбаатарын үзэсгэлэнт газруудаар явж хийсэн.

-Ямар ямар хотуудаар тоглосон бэ. Таны санасан зорьсонд хэр хүрсэн бол?

-Маршрутаа өмнө нь тоглолт хийсэн газрууддаа очихгүйгээр тооцсон. 3-нд Чехийн Прага, 8-нд  Унгарын Будапешт, 9-нд Австрийн Вена, 10-нд ХБНГУ-ын Берлин,11-нд Польшийн Варшав, 14-нд ХБНГУ-ын Франкфурт ам Майн, 16-нд Швейцарын Женев, 17-нд Цюрих,18-нд Нидерландын Гронингэн, 23-нд Шведийн Гётебург, 24-нд Стокхольмд, 25-нд Дублин, 26-нд Лондон,30-нд Москва, 12 дугаар сарын 2-нд Эрхүү хотод тус тус тоглосон. Эрхүү хотод суралцаж байгаа Монгол оюутан залуустайгаа үнэ төлбөргүй уулзалт хийлээ. Уулзалтын газрыг Эрхүүгийн “Художественный” кино театрын “За Байкальский” их сургууль гаргаж өгсөнд талархаж байгаа. Энэ аялан тоглолт нь миний амьдрал уран бүтээлийн тухай бичигдсэн “Би Сараа -Зууны дуу хоолой” номын баяр, студийн 22 дахь цомог “Инээмтгий хүн” special edition цомгийн давхар баяр болсон. Ярих юмтай, сонсгох дуутай сайхан уулзалт болсон. Сүүлийн үед гарсан хит дуунууд болох “Амьдрал” киноны дуу, “Хаврын ганц улиас” гэх мэт олон дуу дуулагдсан. Мөн сүүлд дахин клипжүүлсэн 1999 оны “Чамруу надруу урсана” дуугаа дуулж сюрприз барьсан. Цоо шинэ гэвэл сүүлийн үеийн таван хит дууны попуригаа дуулсан. Нийтдээ 11 орны 14 хотоор 2000 гаруй үзэгчдэд үйлчилж аялсан байна.

-Таны нүүр номонд “Тэсэн ядан хүлээж байна шүү” гэсэн сэтгэгдлүүд маш олон харагдсан.  Үзэгчдийн хүлээлт их үүссэн байв уу?  

-Тоглолтонд гурван төрлийн солих хувцастай очсон. Нүүр будалт, үс гэзэг маш гоё байлаа. Хөгжмийн дуугаралт ч сайтай байсан. Ер нь л бэлтгэлтэй байсан учраас биднийг хүндэлж ирлээ гээд үзэгчид маань баярлаж байна лээ. Зарим үзэгчид “Олон дуу дуулж бараг л бүрэн хэмжээний тоглолт шиг л байлаа” гэж байсан. Мөн номтой холбоотой асуултууд их асуусан. Хамгийн оновчтой асуулт асуусан үзэгчиддээ “Алтан говь” компанийн шоколад бэлэглэсэн. Амралтын өдрүүд таарч байсан учраас элэг нэгт Монголчууд маань хоорондоо уулзалдаж, ярьж, бүжиглэж өнгөрүүлсэн нь надад ч сайхан байлаа.

-Гадаадад байгаа болон Монголд байгаа үзэгчдийн хооронд ялгаа байдаг уу?

-Нэлээн эмоцитой юм биш үү. Ялангуяа Дублиний үзэгчид их эмоцитой байсан. Зарим нь бол ерөөсөө дуулаад л байдаг юм билээ. Монголын ард түмэн угаасаа зовлон жаргалаа дуулж байж гаргадаг. Стрессээ дуугаар тайлдаг гэх юм уу. Заримдаа үнэхээр би дуулах шаардлага байна уу ч гэж бодогдох шиг. /инээв/ Тийм гоё байсан.

-Та мэдээж бүх дуундаа хайртай байх. Гэхдээ “хамгийн хамгийн” нэгийг онцлооч гэвэл?

-Би “Хайрын бурхан”, “Би жаргалтай”, “Миний аз жаргал”, “Цагаан шөнө” гэх мэт олон дуундаа хайртай. 

-Эдгээр дуу таны дурсамжтай холбоотой юу. Яагаад онцолсон бэ?

-Яах вэ дээ. Олон жил дуулаад ирэхээр хүн чинь дуулахад эвтэйхэн, аялгуутай дуундаа л хайртай болдог юм байна. Яагаад гэвэл дуучдын хоолойны булчин нь их ядардаг. Ядарсан үедээ хоолой алсан гэж ярьдаг шиг хэт их эрч хүч шаардсан дуу дуулж чадахгүй ш дээ.

- Та Монголын урлаг, тэр дундаа эстрад, поп дууны өнөөгийн хөгжлийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Өө, бас хөгжиж байна аа. Гэхдээ ерөнхийд нь удирдаж, чиглүүлэх бодлого хэрэгтэй санагдсан. Ялангуяа үнийн болон стратегийн бодлогуудаа бид өөрсдөө боловсруулбал дээр юм болов уу.  Уг нь явж байгаа чиглэл нь нэг юм чинь өөр өөр арга барилаар явж байснаас ерөнхийд нь чиглүүлвэл дээр байх. Оюуны өмч болон зохиогчийн эрхийн асуудал хурцаар тавигдаж байгаа энэ үед бид өөрсдөө дуугарч, бүтээлээ хамгаалах ёстой. Яагаад гэвэл хүмүүс бусдын уран бүтээлийг дураараа авч дуулж байна. Нэгдүгээрт, хөгжмийн зохиолчид нь заримдаа өөрсдөө нэг дуучинд дуулах эрхийг нь өгчихөөд, дуулаад алдар нэрд гарсных нь  дараа өөр шинэ залуу дуучнаар дуулуулах зэрэг шудрага бус хандлага ажиглагдаж байгаа. Тэр бол ёс суртахуун болон нинжин сэтгэлийн хувьд буруу үзэгдэл. Хоёрдугаарт, залуу хамтлаг дуучид хүний дууг зөвшөөрөлгүйгээр аваад ичгүүр сонжуургүй бичүүлж олон нийтийн сүлжээнд цацаж байна. “Оригиналь дуулсан дуучных нь тоглолтон дээр очиж дуулъя” гэж эрээ цээргүй ярьж байна ш дээ. Энэ чинь одоо цагаандаа гарсан байна ш дээ. Нэг ёсондоо гэгээн цагаан өдрөөр гэрт чинь ороод түрийвчийг чинь ухаад, картыг чинь хэрэглэчихээд буцаагаад өгье гээд зогсож байгаагаас ялгаагүй. Тайзнаас буугаагүй ид дуугаа дуулж байхад “Дуугаа өгчих” ч гэх шиг. Манай залуу уран бүтээлчид шинэ, эрсдэлтэй алхамд дургүй. Эрсдэл хийхгүй бол шинэ зүйл гарахгүй ш дээ. Хүний гаргасан жимээр л аятайхан явчих санаатай.

-Шинэ залуу дуучид уран бүтээл хулгайлж байна гээд ярьлаа. Ковер дуучдыг хэлж байна уу?

-Тэр хүний дуу дуулдаг улсууд чинь л өөрсдийгөө нэг их “ковер мовер” гээд нэрлэчихсэн. Тэр чинь “Ковер” гэсэн нэрээр хүний уран бүтээлийг хулгайлж байна гэсэн үг. Тэмцээнд оролцох гэж дууг нь дуулсан бол дараа нь булан тойроод мөнгө олоод байна.

-Таны уран бүтээлээс хулгайлсан уу?

-Жишээ нь тэр “Хаврын ганц улиас”-ыг дуулсан охин байна. Энийг чинь дуучин Чойжоо надад зориулж зохиосон дуу. Бид хоёр л дуулдаг дуу.

-Поп, зохиол гэсэн өрсөлдөөн алга болчихлоо. Энэ харьцуулалт яагаад арилав. Эсвэл хоорондоо адилшиж, уусч байгаа үзэгдэл юм болов уу?

-Үгүй, үгүй. Ерөөсөө уусаагүй шүү дээ. Харин ч зохиолын дуу айхтар газар авч байсан бол  сүүлийн үед поп дуунд цохиулчихсан юм биш үү. Попууд буцаад гараад ирлээ. Манай Ука тэргүүлэгчтэй Наки, Хишигдалай, Маралжингоо, Gee, Rockitbay гэх мэт ард түмнийг байлдан дагуулсан нижгэр залуучууд гарч ирж зонхилоод байсан зохиолын дуучдын байр суурийг буцаасан. Поп дуучин зохиолын дуу дуулдаг  л даа. Гэхдээ тэр нь шаардлагатай үед л гэхээс биш тэгтлээ уусаад байгаа юм огт байхгүй.

-Та шинэ залуу дуучдад зөвлөж чадахаар түвшинд хүрсэн хүн шүү дээ. Тэд чухам яаж танигдах ёстой гэж боддог вэ?

-Үгүй, би чинь продюсер хүн биш шүү дээ. Зөвлөгөө өгөхгүй. Манай Наранзун, Ангирмаа гэх мэт тайзан дээр уран бүтээлчийг бүтээдэг хүмүүс бий. Харин миний хувьд  32 жилийн турш уран бүтээл туурвиж байхад анзаарсан зүйл нь цаг хугацаатайгаа хамт алхах  хэрэгтэй. Ингэхийн тулд бусдын араас биш түрүүлж гараад жим тавьбал болдог. Мэдээж маш мэдрэмжтэй байх ёстой. Мөн хамтрагч нараа үе үе солих ёстой юм шиг байна лээ. Үс, make up-аа үе үе өөрчилж байх хэрэгтэй. Нэг ёсондоо Update хийнэ гэсэн үг шүү дээ. Мөн хөгжим судлаач, DJ гэх мэт хүмүүстэй ярилцаж санал бодлоо хуваалцах ёстой.

-Урлаг бол шуугиантай, өрсөлдөөнтэй, нөгөө талаар хийж бүтээхгүй алгуурлах л юм бол орхигдож гээгдэж мэдэх харгис хатуу ертөнц шүү дээ. Гэтэл та төдийгөөс өдий хүртэл яаж энэ формоо барьж чадав. Нууц нь яг юунд байна вэ?

-Урлаг бол харин улс төрийг бодвол гайгүй салбар. Улстөрч байх хэцүү юм биш үү. Урлагийг хүмүүс хэцүү гэж яриад байдаг юм. Эрүүл мэндэд бол сайн юм шиг байна лээ  ш дээ. Яагаад гэвэл урлагийн эмэгтэйчүүд хөгшрөх магадлал багатай, байнгын арчилгаа сувилгаа сайтай байдаг. Дандаа уран бүтээл хийгээд байхдаа гол нь биш. Донжтой сайхан уран бүтээл хийгээд, тэрийгээ мэдрээд ард түмэндээ хүргээд явж байхад л болдог. Би өнгөрсөн есдүгээр сард найз Ангирмаагийнхаа “Сэтгэл догдлуулсан орой” гэх миний дуугаар нэрлэсэн тоглолтон дээр надад зохиож өгсөн дуунуудыг нь дуулсан. Би тэр дуунуудыг байнга идэвхитэй дуулдаг. Зарим дуучид нэг дуу дуулчихаад тавиур дээрээ тавьчихсан юм шиг хадгалчихдаг. Тэрний ялгаа бол асар их байгаа юм. Миний дуунуудыг маш залуу үеийнхэн ч сонсож байна. “Чам руу, над руу урсана” дууг фэйсбүүкийн олон дагагчтай Ангууч гээд залуу өөрөө сонсоод бүжиглээд моодонд оруулсан юм байна лээ. Тэгээд манай Байдраг энэ дууг хөгжмийг нь хэвээр үлдээж дуугаралтыг нь өргөн болгож янзлаад, гадаад руу клипний зурганд явчихаад ирсэн. Маш хурдан моодонд орж байх үед нь л загатнасан газар нь маажсан гэж хэлж болно. Өнгөрсөн хойно  нь дахиад дуулаад клип хийх хэрэггүй байдаг. Мөн “Хаврын ганц улиас” дууг дуучин залуу Чойжоо дуэтэд зориулаад зохиочихсон байсан. Дөнгөж хорин хэдтэй залуугийн чихэнд Сараа эгчийн хоолой хослож болохоор сонсогдсон байна. Гайхалтай байгаа юм. Бид тэр дуун дээр хамтарч ажилласандаа баяртай байдаг юм. Залуучуудын дунд нэр хүндтэй, тоогдож байна гэдэг чинь бас л гайгүй яваагийн шинж гэж би бодоод байгаа. Уран бүтээлч хүн урын сан сайтай байх хэрэгтэй. Гэтэл охидын хамтлаг зөндөө л байна. Нэг л их мундаг клип хийгээд дуулаад байгаа юм шиг мөртлөө хүнд хүрдэггүй. Харин Кивигийн охидууд дуу болгон нь аялгуу сайтай хит дуунууд болдог. Зүгээр нэг аялгуу муутай таг түг хийсэн дуу хийдэггүй. Гайхамшигтай аялгуутай. Виагра гэх мэт олон мундаг хамтлагуудаас дутахааргүй гоё дуунууд Кивид орж ирсэн байсан учраас амжилттай байсан. Продюсер Ангирмаа маш сайн нөлөөлсөн.

-Магадгүй та тогтвортой гэр бүл зохиогоогүй нь урлагт мартагдахгүй байхад нөлөөлсөн байж болох уу? Эмэгтэй дуучид ихэнхдээ гэр бүл, үр хүүхэдтэй болоод карьераа орхидог үзэгдэл байдаг л даа?

-Үгүй үгүй. Би бол харин ч эмэгтэй дуучдад үлгэр жишээ болж чадсан гэж боддог. Манай Уранхолбоо, Ука, Намуунаа, Наараа, Сэрчмаа гэх мэт дуучид маамуулаад л байгаа биз дээ. Муу ээж гэж огт байхгүй. Бүгдээрээ сайн ээж нар.  Хүүхэд гаргаад сураггүй алга болсон хүн байхгүй. Харин ч хүүхдээ гаргаад илүү сайхан хоолойтой болоод л дуулаад байгаа. Би хүүхдээ гаргаад хурдан формондоо ороод уран бүтээлээ хийж байсан. Энэ нь хүүхэд гаргахад асуудалгүй, хувийн амьдралдаа хариуцлагатай байх хэрэгтэй гэдэг ойлголтыг төрүүлж чадсан гэж боддог. Би хувийнхаа амьдралыг өөрийнхөө карьертай холбож ярих дургүй. Тэрийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Хүнтэй суух, хүүхэдтэй болох нь миний амьдралд нөлөөлөөгүй. Нөлөөлөх ч үгүй. Хувийн амьдралаа дуутайгаа хольж хутгаж, тайзан дээр гаргах дургүй. Ээж минь бурхан болчихоод байхад хүртэл би эмгэнэлтэй царай гаргаж, хар хувцас өмсөж, гашуудаж яваагүй.

-Хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг асар том хариуцлага. Та гурвын гурван хүүхдийг ганцаараа өсгөж хүмүүжүүлж байна. Та энгийн нэг эмэгтэй, эзэгтэй, ээж байхаас гадна ийм том уран бүтээлч байж чадаж байгаа нь үнэхээр бахархалтай?

-Баярлалаа. Манай дүүгийн охин таван настайдаа л манайд ирсэн. Одоо 18 настай. Их сургуулийн оюутан. Өсгөж том болгох нь ч юу байх вэ дээ. Хүний хүүхдийг гэртээ авч хүмүүжүүлнэ гэдэг асар том хариуцлага. Миний хүүхдүүд бүгдээрээ том болцгоосон болохоор биеэ дааж сурцгаасан. Бүтэн сараар орхиод явахад хүртэл гэрийн үйлчлэгч, тогооч авах шаардлагагүй болсон байна. Тэд хэдийнэ миний дотно зөвлөгч нар болсон. Хүү Эрхэмбилэг маань их тусд орсон. Манай номын борлуулалт, Sara`s music продакшны тээвэрлэлт гэх мэт бүх зүйлийг манай хүү хариуцаж байгаа. Ээжийнхээ ажилд тус дэм болж байгаад нь хүүгээрээ бахархдаг. Хүү маань миний хүссэн хэмжээнд их дөхөж яваад баяртай байгаа.   

-Та түрүүн яриандаа улс төр их хэцүү гэж хэллээ. Ирээдүйд таны хүүхдүүдээс нэг нь улс төрд орохыг хүсвэл та хүлээн зөвшөөрөх үү?

-Орж болно ш дээ. Яагаад болохгүй гэж. Улс төр гэдэг чинь хариуцлагатай салбар. Хэрвээ улс төрд орох юм бол манай хүүхдүүд их шударга байна гэж бодож байна. Шударга байсныхаа төлөө маш их төлөөс л төлж магадгүй гэж санаа зовж байна даа.

-Сая засаг огцрох шахлаа. Та аль талд зогсож, дэмжиж байв даа, үзэл бодлын хувьд?

-Улс даяар ороо бусгаа цаг үед ийм юм ярьмааргүй байна. Төр засаг маань төвхнөөд авсанд талархаж байна.

-Төр баригчдын буруу бодлого, хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж түгжрэл, утаа гэх мэт маш олон талаар бид хохирч байна. Иргэн хүнийхээ хувьд та үүнд санаагаа чилээдэг л байх даа?

-Улаанбаатар хот анх 600 мянга гаруй хүнд л зориулагдаж баригдсан. Одоо хүнийх нь тоо хэд дахин нэмэгдчихсэн. Ер нь Улаанбаатарын утааны асуудлыг төртэй холбож яриад байхаар би гайхаад байдаг юм. Улсын зөвхөн жаахан хэсэг нь  л Улаанбаатар хот шүү дээ. Хотын байрлал нь нүхэнд байгаа юм шиг уулаар хүрээлэгдсэн. Тэгэхээр уулыг нь сэтлээд өгвөл салхинд туугдчих юм биш үү. Богд уулаар тунель гаргана гээд байгаа биз дээ. Тэр нь хийгдэхээр болох байлгүй дээ. Юмыг жаахан өөдрөг харах хэрэгтэй. Бохирын цэвэрлэх байгууламж гэх мэт чухал зүйлсээ сайн хийх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд үүнийг хийгээгүй хүмүүстэй хариуцлага ярих ёстой байх. Хамгийн их төсөв мөнгө зарцуулсан нөхдүүдээс хариуцлага тооцох хэрэгтэй. Албан тушаалаасаа буусан ч хариуцлагыг нь хүлээлгэж мэддэггүй сонин систем манайд байна.

-Бидний ирээдүй болсон хүүхэд залуус эх орондоо тайван амгалан амьдрах бололцоо ер нь байна уу. Ихэнх  нь гадаад руу яваад дууслаа?

-Би улстөрч биш болохоор хэлж мэдэхгүй л юм. Яг үнэндээ Монголд дан ганц цалингаараа амьдрах нөхцөл байхгүй шүү дээ. Үнэхээр боломжгүй учраас л залуучууд маань орон гэртэй, унаа тэрэгтэй, хүний дайтай явъя гэж гадагшаа явж байгаа хэрэг. Утаа униартай, өндөр өртөгтэй, ямар ч эрүүл мэндийн баталгаагүй амьдралыг л баталгаатай амьдрал болготол нь бид хөдөлмөрлөх ёстой. Төгрөгийн инфляци, валютийн ханшийн өсөлт зэргийг мэргэжил мэргэжлийнх нь хүмүүс зөвөөр хийх хэрэгтэй л гэж бодож байна. Монголын сайхан сайхан залуус гадны улсаас шууд цагаачлал хүсч байна. Юу гэсэн үг вэ. Эх орноосоо татгалзтал нь хүнд нөхцөлд оруулж байна  шүү дээ.

-Урлагийн амьдрал хатуу гэдэг. Таны хувьд ч шантрах үе олон байсан байх. Тэр болгондоо хэрхэн урам зориг авч байсан бэ?

-Урам зоригийг надад манай гэр бүл, найз нөхөд, фэнүүд, хөгжмийн зохиолчид, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн өгч байлаа. Тэр урам зориг дэмжлэгийг надад өгөөгүй байсан бол одоогийн Сараа гэж байхгүй.

-Таны залуу насны мөрөөдлүүд биеллээ олсон уу?

-Бүрэн биеллээ олсон шүү.

-Та яг одоо найз залуутай юу?

-Би хувийн асуултанд хариулахгүй.

-Сарантуяагийн хуримыг одоо болтол хүлээдэг хүмүүс маш олон байх. Тэдгээр хүмүүст ямар үг хэлэх вэ?

-Ямар балай юм бэ. /инээв/ Хүлээдэггүй байх аа. Тэд надаас шинэ дуунууд  л хүлээдэг байх. Намайг сонсдог хүмүүст хандаж хэлэхэд 2019 онд шинэ дуунуудаараа бэлэг барина аа.

 

-Таны мөрөн дээр байдаг шивээс ямар утгатай вэ?

-Шивээсний утга учир нь нууц.

-Та дахиад шивээс хийлгэх үү?

-Хийлгэнэ. Гэхдээ хаанаа, ямар шивээс хийлгэхээ бодож байна.  

-Таны амьдрал бүхэлдээ хүмүүсийн нүдэн дээр өрнөж өнгөрлөө. Танд өөртөө хадгалж авч үлдэж чадсан гэх ямар нэг нууц байгаа юу?

-Миний номыг л унших хэрэгтэй. Тэрэн дээр бүх зүйл бичээстэй байгаа.

-Бидний мэдэх Сараа цаашид ер нь яаж өөрчлөгдөх бол. Магадгүй бид дуучин Сарааг өөр дүр төрхөөр хэзээ нэг өдөр харах уу. Жишээ нь улстөрч ч юм уу?

-Би тийм юм хүсэхгүй байна. Өөрийнхөө тааваар цэцэг тариад л, дуугаа дуулаад явах шиг жаргал хаа ч үгүй. Мэдээж муу тал руугаа биш сайнаар л өөрчлөгдөх байх.

 

Ярилцсан: Ж.Энхцэцэг

Эх сурвалж: "Толь" сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ