Я.Содбаатарыг чөлөөлөх байнгын хорооны ирц дахин хүрсэнгүй
Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдахаар товлосон байлаа. Тус байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ЗТХ-ийн сайдаас Я.Содбаатарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх товтой байв. Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир "Одоо 15.03 минут болж байна. Байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Д.Эрдэнэбат бид гурван ирсэн байна. Байнгын хорооны гишүүдийн ирц бүрдэхгүй байгаа тул тодорхойгүй хугацаагаар хойшууллаа" хэмээв.
Тус байнгын хороо өчигдөр хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцэх байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс хэлэлцэх асуудлыг хойшлуулсан юм. Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааны үеэр гишүүн Ц.Мөнх-Оргил ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатараас байнгын хорооны хуралдаанд яагаад сайд нар ирэхгүй, ирц бүрдүүлэхгүй байна вэ" гэсэн асуултад "Засгийн газар ирц бүрдүүлэх үүрэг хүлээхгүй" гэв. Ийнхүү Эдийн засгийн байнгын хороо хоёр дахь удаагаа хуралдах гэж товлоод ирц бүрдэхгүйгээс хойшлогдлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ