Н.Бямбадолгор: Намайг юм мэдэхгүй эмч, зайл гэх мэтээр харааж доромжилсон
-СОГТУУГААР АВТОМАШИН ЖОЛООДОЖ ТҮРГЭНИЙ МАШИНЫ АРААС МӨРГӨСӨН-
Сүүлийн үед эмч, эмнэлгийн байгууллагынхныг буруутгах үзэгдэл нийгэмд их болсон билээ. Иргэд өөрсдөө эрүүл мэндийн анхан шатны мэдлэг байхгүй, хаяг, өөрийн мэдээллээ дутуу өгөх, өөрийн дур мэдэж эмчилгээ хийх зэргээр олон хүндрэл учруулсныхаа дараа эмчийн буруу байсан хэмээн мэдээлэх нь олон бий. Иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахаар 24 цагаар ажилладаг Яаралтай түргэн тусламжийн төвийн эмчийг доромжилж, машинаараа мөргөж гэмтээсэн тохиолдол гарсан байна.
Тодруулбал, Арван хоёрдугаар сарын 10-11-нд шилжих шөнийн 01:00 цагийн дуудлагаар эрүүл мэндийн тусламж үзүүлэхээр очсон түргэний эмчийн биед халдаж гэмтээсэн байна. Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн 35 настай эмэгтэй “Хэвлийгээр хүчтэй өвдөлт өгч байна” хэмээн Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт дуудлага өгчээ. Уг дуудлагын дагуу түргэний эмч очиж өвчтөний биед үзлэг хийх явцад эмэгтэйн нөхөр согтуурсан байсан ба эмч рүү агсарч, хэл амаар доромжлон танхайрчээ. Улмаар өвчтөнийг эмнэлэгт хүргэхээр авч явах үед нөхөр нь согтуугаар автомашин жолоодож, түргэний машины араас мөргөсний улмаас машин дотор тусламж үзүүлж явсан эмч гэмтэл авч, автомашинд их хэмжээний эвдрэл учруулжээ.
-НАМАЙГ МАШ ИХЭЭР ХАРААЖ, ДОРОМЖИЛЖ, ХУВЦАСНААС ТАТАЖ ЧАНГААСАН-
Энэ талаар Яаралтай түргэн тусламжийн эмч Н.Бямбадолгороос тодрууллаа.
-Та бидэнд болсон явдлын тухай тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Манайд “Хэвлий орчмоор өвдөөд байна” гэсэн дуудлага ирж яаралтай очсон. Тухайн айлд ороход 35 орчим насны эмэгтэй хэвлий орчмоо гараараа дарсан, уйлсан, эвхэрсэн, хэвлийд их хүчтэй өвдөж байна гэсэн. Тэгэхээр нь би хэвлий дээр нь дарж үзэхэд эмзэглэлтэй ёолж, хүргэхгүй байсан. Манайх хаягийн дагуу дүгнэлт бичдэг учраас тухайн өвчтөнөөс “Хаяг хаана байдаг вэ?, Хаанахын хаягтай вэ? хэмээн асуухад нөхөр нь над руу уурлаж эхэлсэн.
-Нөхөр нь гэх хүн таныг ороход согтуу байсан хэмээн мэдээлэл гарсан?
-Тийм. Ямар ч байсан өөрийгөө авч явах хэмжээний согтолттой байсан. Би яг хэр их согтуу байсныг нь сайн мэдэхгүй байна. Согтуу учраас над руу агсарч эхэлсэн. Тухайн өвчтөний нөхөр нь “Чи хүнээ эхлээд үзээгүй байж хаяг асуулаа” хэмээн дайрч эхэлсэн. Ийм юмнаас л болсон. Даралт үзэхгүй байна гэх зэргээр уурлаад байсан. Тэгэхээр нь би эмнэлэг рүү тээвэрлэх учраас хаяг асуух хэрэгтэй шүү дээ гэсэн. Гэтэл “Чи юу мэдэхгүй, П” гэх зэргээр маш их харааж, доромжилж эхэлсэн. Маш ихээр доромжлоод үзлэг хийхэд хүндрэлтэй байсан. Сүүлдээ надад эхнэрээ өгч явуулахгүй гээд “Чи манайхаас зайл” гэх зэргээр харааж, хувцаснаас татаад гаргах гэж чангаасан. Ерөнхийдөө иймэрхүү асуудал гэрт нь байхад үүссэн юм. Гэртээ байхад нь намайг маш ихээр доромжилсон.
-Түргэний машины араас согтуу машинаа барьж яваад мөргөсөн гэсэн шүү дээ?
-Тэгсэн. Эхнэрээ надад өгөхгүй гэхээр нь “Би өвчтөнөө өөрөө авч явна. Би ажлаа хийж байна” гээд аваад гарсан. Гэтэл нөгөө согтуу иргэн гэрээсээ гарахдаа хүүхдээ “Машинаа асаа явъя” гэж байсан. Тэгээд араас дагасан юм шиг байгаа юм. Өөрөө согтуугаараа жолоодож яваад манай машины араас их хүчтэй мөргөсөн.
-МӨРГӨЖ ГАРЧ ИРЭЭД “ДУУГҮЙ МАШИНАА ХӨДӨЛГӨӨД ЯВ” ГЭЭД БАЙСАН-
-Таны биед ямар гэмтэл учирсан бэ?
-Миний гарын зөөлөн эд гэмтсэн. Зөөлөн эд гэмтсэн учраас дээш сойж боох хэрэгтэй бас хөдөлгөөнгүй байх шаардлагатай байгаа. Ийм учраас гараа гипсдүүлсэн. Одоогоор өөр ямар гэмтэл учирсан талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан бүх төрлийн шинжилгээг өгсөн. Хариу хараахан гараагүй байна. Миний толгой маш хүчтэй өвдөж, бөөлжиж байгаа. Бие их зовиуртай байна. Маш их цочирдсон.
-Мөргөснийхөө дараа уучлалт гуйсан уу?
-Үгүй. Мөргөж гарч ирчхээд “Чамд наад хүний чинь амь чухал биз дээ. Дуугүй наад машинаа хөдөлгөөд яв” гээд байсан. Манай машин бас их гэмтсэн байгаа. Би цагдаад өргөдөл өгсөн. Тэр мөргөсөн гэх хүн цагдаа дээр ирж уулзахдаа хүртэл “Би явах бүх газраар нь явна чамтай заргалдана” л гээд байгаа юм. Би 24 цагаар эмчийн үзлэг хийж явдаг хүн ийм үйл явдал болсны дараа өөр айлд очихоор их айдастай болчихсон. Машин маань их эвдэрсэн байгаа. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагад өргөдлөө өгөөд зохих хуулийн дагуу шийдүүлэх гээд байцаагчтайгаа уулзаад явж байна.
У.УРАНЦЭЦЭГ medee.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ