Байнгын хороо Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол, Беларусь Улсын гэрээг хэлэлцэнэ
УИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 10.00 цагт эхлэх Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар нийт таван асуудал хэлэлцэх юм. Хэлэлцэх асуудлын жагсаалтад Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай”, “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэл тогтоох тухай”, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл батлах тухай”, “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай” тогтоолын төсөл багтжээ.
Харин 11.00 цагт хуралдах Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэнэ. Тухайлбал, Монгол, Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах ''Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр''-ийн төсөл, Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол, Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Түүнчлэн Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол, Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай, Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол, Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ.
Мөн өнөөдөр 14.00 цагт УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хуралдахаар товлосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ