Нийслэлийн шинэ Засаг даргыг 15 хоногийн дотор шийдвэрлэх хуулийн хугацаатай
Нийслэлийн Засаг дарга С.Батболд өчигдөр ажлаа хүлээлгэн өгсөн бөгөөд хотын шинэ даргыг томилтол түүний ажлыг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан гүйцэтгэхээр болсон билээ. Тэгвэл хотын дараагийн даргыг хэрхэн томилох талаар нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямбаас тодрууллаа.
-Дараагийн хотын даргыг ямар үйл явцаар томилох вэ?
-Ерөнхий сайдын захирамжаар нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг томилчихоод байгаа. Маргааш ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдах хуваарьтай. Уг хурлаар НИТХ-ын ээлжит чуулган зарлах тухай хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон. Хэрэв ээлжит чуулганаар хотын даргын асуудал орж ирвэл хуулийн дагуу хэлэлцэж шийдвэрлэнэ.
-Хугацааны хувьд хэд хоногийн дотор шийдвэрлэх ёстой вэ?
-Хэрэв нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс хотын даргыг томилох тухай асуудал оруулж ирвэл НИТХ-ын ээлжит бус чуулганыг 15 хоногийн дотор хийж, шийдвэрлэх ёстой. Энэ хурлын товыг Тэргүүлэгчид гурав хоногийн өмнө зарлах дэгтэй.
-Хотын даргыг хэн нэр дэвшүүлэх вэ. Ерөнхий сайд уу, эсвэл нийслэлийн МАН-ын хорооноос дэвшүүлэх үү?
-Тэрийг би шууд мэдэж хэлэх боломжгүй. Зарчмын хувьд МАН-ын мөрийн хөтөлбөрийг цааш үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хүнээ намын түвшинд, нийслэлийн МАН-ын түшинд мөн ярьж байгаа байх. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс нэр дэвшүүлснийг хурлаар шийдэх дэгтэй.
Хуулийн заалт:
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн
26.2.Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхын буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно.
26.4.Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ