Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсыг зорилоо

Mонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад айлчлахаар эх орноосоо мордлоо. Ерөнхий сайд 2018.12.12 - 12.15-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийх бөгөөд айлчлалын үеэр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Япон Улстай харилцах манай “гуравдагч хөрш”-ийн бодлогыг нотолох юм.

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын парламентын удирдлагад бараалхаж, Япон, Монголын найрамдлын бүлгийн удирдлага, гишүүд, Япон, Монголын найрамдал, олон нийтийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөжээ. Түүнчлэн Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (ЖБИК) зэрэг байгууллагын удирдлага Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхах юм байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх  айлчлалынхаа үеэр Монгол, Японы төр, хувийн хэвшлийн IX зөвлөлдөх уулзалт, Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ болон Японы Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллага (ЖЕТРО)-аас хамтран зохион байгуулах “Монгол, Японы бизнес форум”-д тус тус оролцож, үг хэлэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ