Либертадоресийн цомын шигшээ тоглолт анх удаа Европт болж “Ривер плейт” аваргаллаа


Өмнөд Америкийн аварга багуудын Либертадоресийн цомын шигшээ тоглолт анх удаа тивээсээ хальж Европт боллоо. Тус цомын төлөө Аргентины хоёр шилдэг баг, мөнхийн өрсөлдөгч “Бока хуниорс”, “Ривер плейт” шилэгдэж үлдсэн ба “Бока хуниорс”-ын талбайд болсон эхний тоглолт 2:2-ын тэнцээгээр өндөрлөжээ.

Харин хариу тоглолт эхлэхийн өмнө “Ривер плейт”-ийн хөгжөөн дэмжигчид цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчимд замбараагүй байдал үүсгэсэн төдийгүй зочин баг “Бока хуниорс”-ийн тамирчдын автобус руу довтолж цонхыг нь хагалан нулимс асгаруулах хийх хүртэл хэрэглэсэн юм. Үүнээс үүдэн хариу тоглолтыг цуцалсан бөгөөд Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо аюулгүй байдлыг бодолцон Европт, Испанийн нийслэл Мадрид дахь “Реал”-ын “Сантьяго Бернабеу” стадионд зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Өөр тивийн Либертадоресийн цомын төлөөх тоглолтыг европынхон төдийлөн сонирхохгүй гэх таамаг оносонгүй, харин ч стадион хөгжөөн дэмжигчдээр дүүрчээ. Тоглолтыг Лионел Месси, Антуан Гризманн, Пабло Дибала, Хамес Родригес, Хавьер Занетти, Эстебан Камбьяссо, Леонардо Бонуччи, Весли Снейдер, Диего Симеоне, Энцо Франческолли гээд үе үеийн алдарт хөлбөмбөгчид үзэж сонирхсон юм.

Тоглолтын үндсэн цаг 1:1-ээр өндөрлөж ялагч тодроогүй ба “Ривер плейт” нэмэлт цагт арвуулаа үлдсэн “Бока хуниорс”-ын хаалгыг хоёронтаа мялааснаар Либертадоресийн цомыг өргөлөө. “Ривер плейт”-ээс Бенедетто, Пратто, Кинтеро нар, “Бока хуниорс”-оос Мартинес тус тус гоолджээ.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ