У.Мөнх-Эрдэнэ 36 насандаа мөнгөн медаль хүртлээ

Монголын боксын ноён оргилын нэг нь болох Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ өнөөдөр ч боксын спортод үнэнч зүтгэсээр яваа юм. Тэрбээр өчигдѳр Спортын төв ордонд өндөрлөсөн боксын УАШТ-ий 69 кг-д алтан медалийн төлөө Г.Баярхүүтэй өрсөлдөөд 3:2 оноогоор ялагдаж, 36 насандаа мөнгөн медаль хүртлээ. Түүний үеийн боксчдоос ихэнх нь их спортоо орхисон, зарим нь хэдийнэ дасгалжуулагчийн эгнээнд шилжиж, ирээдүй болсон дүү нартаа боксын эрдэм зааж байгаа. Харин тэр одоо ч залуустай үзэлцсээр явна.

У.Мөнх-Эрдэнэ 2001 онд 19 насандаа Зүүн Азийн аварга болж, Монголын бокст шинэ од төрж байгааг тунхагласан. Азийн АШТ-ээс алт “64 кг, 2011”, мөнгө “64 кг, 2013”, хүрэл “57 кг, 2002”, Азийн наадмаас мөнгө “60 кг, 2006”, ДАШТ-ээс хошой хүрэл “64 кг, 2009, 2013”, олимпийн наадмын хүрэл “64 кг, 2012” гээд түүнд авч үзээгүй медаль тун цөөхөн. Бокс хэмээх энэ хатуу ширүүн спортоор 1996 оноос хойш тасралтгүй хичээллэж байгаа Афины олимпоос хойш гурван олимпод улсаа төлөөлж, дээрх медалиас гадна Бээжингийн олимпод шагналт V байр эзэлж байв

СЭТГЭГДЭЛ БИЧИХ