Улсын харцага О.Хангай түрүүлж, Улсын начин Б.Чимэдвандан үзүүрлэлээ
Монгол хүн Японы мэргэжлийн сумод барилдаж эхэлсний 26 жил, Монголын сумо бөхийн холбоо байгуулагдсаны 25 жилийн ой энэ онд тохиож байна. Өчигдөр Буянт ухаа спорт цогцолборт Монголын сумо бөхийн холбоо байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Аймгийн арслангаас дээш цолтой “Шилдгийн шилдэг хүчит 64 бөхийн барилдаан” болсон. Шилдгийн шилдэг хүчит 64 бөхийн барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, Улсын харцага О.Хангай, Улсын арслан Р.Пүрэвдагва нараар ахлуулсан чансаа өндөр 64 бөх зодоглосон бөгөөд Улсын харцага О.Хангай түрүүлж, Улсын начин Б.Чимэдвандан үзүүрлэлээ.
Шөвгийн 4-т Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул Улсын арслан Э.Оюунболд, Ховд аймгийн Зэрэг сумын уугуул улсын харцага Б.Бат-Өлзий нар шөвгөрлөө. Чансаа өндөр бөхчүүдийн гал гарсан ширүүн барилдаан болж, түрүү бөх 10 сая төгрөгийн шагналын эзэн болсон. Мөн өчигдөр тус цогцолборт урлаг соёлын оддын 16 бөхийн барилдаан болж үзэгч олныг хөгжөөсөн. Энэ барилдаанд дуучин Ж.Хишигбат түрүүлж, МУСТА дуучин Д.Намсрайноров үзүүрлэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ