Тасалгааны агаарыг цэвэршүүлэх энгийн бөгөөд үр дүнтэй арга

Эрдэмтдийн судалгаагаар оффис дахь агаар хотын утаанаас 4-6 дахин, хорт бодисын агууламж нь 8-10 дахин их байдгийг тогтоосон тухай нийслэлийн агаарын чанарын албанаас мэдэгджээ. Та бүхэн уг зөвлөмжүүдийг анхааралтай уншиж, амьдралдаа хэрэгжүүлээрэй.

1. Чийгтэй цэвэрлэгээ бол хамгийн шилдэг арга.

Ил тоос шороо бол өвчлөлийн гол шалтгаан болдог ба Таны ажиллаж, амьдарч буй орчин заваан, бохир байх тусам тэнд халдвар улам аюултайгаар тархдаг. Өглөө болгон нойтон алчуураар сандал ширээ, ил тоос шороо тогтсон газруудыг арчиж цэвэрлэж байвал өдрийн ихэнх цагийг өнгөрүүлдэг тэрхэн орчин илүү цэвэрхэн аюулгүй байх болно.

2. Агаар оруулж байх.

Бусад үетэй харьцуулбал өдрийн цагаар агаар хамгийн эрүүл, цэвэрхэн байдаг. Өглөө, орой бол хорт утаа ялгарах хамгийн эрсдэлтэй үе бөгөөд та ажил, гэртээ байхдаа өдрийн цагаар тогтмол агаар оруулж, орчны агаарыг сэлбэж байх хэрэгтэй.

3. Агаар цэвэршүүлэгч, чийгшүүлэгч авч тавих.

Агаар цэвэршүүлэгч авч тавих нь оффист сууж ажилладаг хүмүүсийн хувьд маш үр дүнтэй. Учир нь цэвэр агаарт ажиллаж буй хүмүүсийн бүтээмж бусад хүнийхээс тав дахин өндөр байдгийг эрдэмтэд тогтоосон байна. Та ажлын ширээн дээрээ жижигхэн агаар чийгшүүлэгч авч тавьбал хорт утаа, тоос тоосонцороос хамгаалагдах ба уушги болон арьсанд нэн хэрэгтэй.

4. Цэцэг ургамал тарьж, арчлах.

Ургамал бол эх дэлхийн уушги. Тийм ч учраас та ажил дээрээ бяцхан ойг бий болгож, агаараа цэвэршүүлэхээс гадна өнгө үзэмж нэмэх боломжтой. Цэцэглээд ирэхээр ямар сайхан харагддаг билээ дээ. Бас өглөө болгон арчилж, харж суух нь сэтгэл санааг өргөх хамгийн сайхан арга болно.

5. Принтер бол аюултай дайсан.

Олон хүний амьсгалж буй агаар, явах үед дэгдэж буй тоос зэрэг нь аюултайгаас гадна принтер байрлаж буй орчиндоо маш их бохирдол үүсгэдэг байна. Тийм ч учраас принтерийн машиныг хүмүүсээс хол байрлуулдаг ба хэрэв таны ажлын байранд принтер хүмүүстэй маш ойр байрладаг бол холдуулахыг сануулъя.

6. Хөлийн гишгүүр, нойтон алчуур байрлуулах.

Хаалган дээрээ нойтон алчуур, хөл арчих гишгүүр зэргийг байрлуулбал гаднаас өчнөөн хог, тоос чирч орж ирэх эрсдэлгүй болдог. Ингэснээр оффис илүү цэвэрхэн, тав тухтай, тоос багатай болох болно. 

7. Янз бүрийн агааржуулагч, үнэртүүлэгч ашиглах хэрэггүй.

Химийн элемент бүхий үнэртүүлэгч, агааржуулагч ашиглах нь агаарыг улам л бохирдуулдаг. Байгалийн цэвэр агаар л жинхэнэ амьсгалж болох эрүүл агаар гэдгийг ямагт санаж явах хэрэгтэй. Тийм учраас ажил дээрээ янз бүрийн үнэртүүлэгч тавих хэрэггүй. Мөн агааржуулагчийг зайлшгүй цацсан тохиолдолд цонх, хаалгаа онгойлгон агаарын солбилцол явуулаарай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ