Лев Яшины тухай кино Миланы олон улсын кино наадмын шагнал хүртжээ
Зөвлөлтийн домогт хаалгачийн тухай “Лев Яшин - №1” баримтат кино Миланы XXXVI олон улсын спортын кино, телевизийн наадмын “Хөлбөмбөгийн тухай кино” номинацид тэргүүлжээ. Тус номинацид 20 гаруй орны 40 уран бүтээл, үүний дотор Бразилийн Пеле, Аргентины Диего Марадона, Лео Месси, Португалийн Криштиану Роналду зэрэг дэлхийн хөлбөмбөгийн оддын тухай баримтат кино оролцсон аж.
Миланы олон улсын кино наадам нь спортын тухай киноны салбарт хамгийн нэр хүндтэйд тооцогддог бөгөөд Олон улсын олимпийн хорооны нэр дор болдог байна.
Дэлхийн оны шилдэг хөлбөмбөгчдөд олгодог “Алтан бөмбөг” шагналыг гардаж байсан цорын ганц хаалгач бол чухам Лев Яшин юм. Түүний тухай киног ОХУ-д өнгөрсөн зун болсон ДАШТ-д зориулан бүтээсэн бөгөөд тэмцээн эхлэхээс нэг өдрийн өмнө дэлгэцнээ гаргажээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ