Валерий Токарёв: Дэлхий бол сансраас харсан хамгийн сайхан гараг
Олон улсын сансрын станц (ОУСС) нь 354 километрийн өндөрт байдаг бөгөөд хүн ажиллаж, амьдардаг дэлхийн хиймэл дагуул юм. Станц манай гарагийг нэг цаг хагасын хугацаанд бүтэн тойрдог байна. ОУСС-ад анхны баг 2000 оны аравдугаар сард ажиллаж, түүнээс хойш янз бүрийн сансрын агентлаг тойрог замд ажиллах сансрын нисэгчдийг тийш нь тогтмол явуулж байгаа юм. “Томилолт” хэдэн сараар үргэлжилж болдог бөгөөд станц нэг дор нийтдээ 10 хүртэл хүнийг багтааж чадна.
Сансарт бараг 200 өдөр ажилласан сансрын нисэгч, Оддын хотхоны дарга Валерий Токарёв сансрын станцад ахуй амьдрал ямаршуухан байдаг тухай сурвалжлагчид ярьжээ.
-Станцад хувь хүний гэсэн орон зайн ойлголт бий юу?
Одоогийн станц нэлээд том бөгөөд хэд хэдэн модулиас бүрддэг, доторхи зай нь бараг 500 шоо метр юм. Модулиудын хооронд хил зааг гэж байхгүй, нэг л агаартай, чөлөөтэй шилжин явж болно. Гэхдээ баг бүрийн хариуцдаг бүс гэж бий.
Хүн бүр өөрийн гэсэн тасалгаатай. Тасалгаа маш жижигхэн. Америкчуудынх арай том, оросын модулийнх бага. Энэ нь 2 метр жаахан гаруй өндөр, доошоо 60-80 сантиметр гүн, нэг метр орчим өргөн хязгаарлагдмал орон зай юм. Тасалгаануудыг зөөлөн материалаар доторлосон бөгөөд унтах газар нь босоо байрлуулж бэхлэсэн уутан ор юм.
Тасалгаанд өөрийн нөүтбүүкийг тавьж болно, энэ нь сүлжээнд холбогддоггүй ч, сүлжээний компьютераас гэр бүл болон найз нөхдөөс ирсэн бичиг захидлыг нөүтбүүк рүү шилжүүлэн, уншиж болно. Одоо цаг зав гарвал төрөл төрөгсөдтэйгээ холбогдох боломжтой. Хиймэл дагуулаар дамжин, суурин юмуу гар утас руу залгаж болно.
Станцад байх ямаршуухан байдаг вэ?
Намайг нисч байхад станцад бид ердөө хоёулханаа байсан. Станц зургаан хүнтэй болоход ч жижүүр хийх гэсэн ойлголт байхгүй. Хүн бүр өөрийн бүсийг, европчууд өөрийнхөө модуль, америкчууд өөрийн модулийг хариуцдаг. Гэхдээ долоо хоногт нэгээс цөөнгүй удаа станцын дотор талыг тоос сорогчоор соруулж, цэвэрлэгээ хийж, шүүлтүүрийг сольдог. Станцад байдаг тоос сорогчийг сансрын нөхцөлд ажиллахад тусгайлан зориулж хийсэн юм. Шал төдийгүй, хана, адрын тоосыг соруулдаг. 00-ийн өрөөг байнга цэвэрлэж байх хэрэгтэй. Энэ бүгдийг хийхэд огт хэцүү биш, байх л ёстой зүйл мэт санагддаг.
Нисэхээс жил-жил хагасын өмнө багийнхныг бүрдүүлдэг бөгөөд багийн гишүүд тавьсан зорилтыг биелүүлэхийн тулд юуг, хэрхэн хийхээ мэддэг. Америкийн сансрын нисгэгчтэй 190 хоног ниссэн, бид одоо болтол харьцаж, уулзаж учирч байдаг.
Сансрын нислэгээс төрдөг бодит мэдрэмжийг өмнөх үеийн мэдрэмжтэй харьцуулж болохоор байдаг уу?
Би бүх насаараа л нисч байна. Сөнөөгч нисэх онгоцоор нисч байхдаа жингүйдлийг би олон мянган удаа мэдэрч байсан. Энэ жингүйдэл удаан үргэлжилдэггүй ч, миний хувьд ерөөс шинэ мэдрэмж байгаагүй, бие махбодь сансарт нисэхэд бэлтгэгдсэн байсан хэрэг.
-Станцаас дэлхий ямаршуухан харагддаг вэ?
Оросын тасалгааны нээлхийнээс хамгийн сайхан зураг авч болно. Шилийг нь бичил солироос хамгаалахын тулд нээлхий тусгай тагтай байдаг. Тагийг нээх тоо хязгаартай. Бусад бүх нээлхийг бодвол, энэ нээлхийнд хэт яагаан туяаны хамгаалалт байдаггүй учир, маш “цэвэрхэн”. Би л гэхэд, сансраас 20 мянга орчим зураг авсан. Дэлхий бол сансраас харж болох хамгийн сайхан гараг.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ