Үндэстнүүдийн лигийн урьдчилсан шатны дүн гарав
Европын хөлбөмбөгийн холбоо УЕФА-гийн Үндэстнүүдийн лигийн анхдугаар тэмцээний урьдчилсан шат өндөрлөж дүнгээ гаргаад байна. Тус тэмцээний дүрэм хялбар бөгөөд УЕФА-гийн бүх гишүүн 55 шигшээ баг чансааныхаа дагуу дөрвөн дивизионд (A, B, C, D) хуваагдан сугалаа татан хэсгүүдэд өрсөлдсөн юм.
Хэсэг тус бүрт тэргүүлсэн баг дараагийн тэмцээнд дивизион ахиж, сүүл мушгисан баг дивизион буурах дүрэмтэй. Харин элит буюу “А” дивизионы дөрвөн хэсэгт тэргүүлсэн багууд ирэх жилийн зун Португалд аваргын төлөө өрсөлдөнө.
Үүнээс гадна “B”, “C”, “D” дивизион тус бүрийн хэсгүүдийг тэргүүлсэн багууд хоорондоо 2020 оны Европын АШТ-д оролцох шууд эрх авахын төлөө тоглох юм.
Шилдгийн шилдгүүдийг багтаасан “А” дивизионы дөрвөн хэсгийг тэргүүлсэн Нидерланд, Швейцар, Португал, Англи Үндэсний лигийн аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарч, хоёрт бичигдсэн Франц, Бельги, Итали, Испани дивизиондоо үлдсэн бол сүүлийн байр эзэлсэн Герман, Исланд, Польш, Хорватын багууд “В” дивизион руу буух юм.
Тэгвэл “В” дивизионд хэсгүүдээ тэргүүлсэн Украин, Швед, Босни ба Херцеговин, Данийн шигшээ багууд “А” дивизион руу ахихаар болж байна.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ