Швейцар, Англи Үндэстнүүдийн лигийн дараагийн шатанд шалгарлаа
Бүх Европын Үндэстнүүдийн лигийн хэсгийн тоглолтын сүүлийн шийдвэрлэх тойрог өчигдөр эхэлж Швейцар, Английн шигшээ багууд маш сонирхолтой өрнөсөн тоглолтуудад ялалт байгуулан хэсгүүдээ тэргүүлснээр дараагийн шатанд шалгарлаа.
“А” дивизион. Хэсэг 2.
Швейцар - Бельги - 5:2 (Родригес, 26, пенальти. Сеферович, 31, 44, 84. Элведи, 62. – Т.Азар, 2, 17)
Тус хэсэгт тэргүүлэхийн тулд хүчирхэг Бельгийн бат тэнцэх ч бус, нэг бөмбөгийн зөрүүтэй хожигдох л хангалттай байлаа. Тоглолтын эхэнд Бельгийн “Улаан чөтгөрүүд” Т.Азарын хоёр хурдан гоолын дараа зорилтдоо хүрэх нь хэний ч эргэлзээг төрүүлэхээ больсон биз ээ. Учир нь дараагийн шатанд гарахын тулд талбайн эзэн Швейцарийн баг дөрвийн дөрвөн гоол хийх шаардлагатай болсон юм. Тэд гайхамшгийг бүтээн зорьсондоо хүрч өрсөлдөгчийнхөө хаалгыг тавантаа мялааж чадсан юм.
Ингэснээр, тус хэсгээс Үндэстнүүдийн лигийн дараагийн шатанд Швейцар шалгарч, сүүлийн байр эзэлсэн Исланд зэрэг бууран “В” дивизион руу доошиллоо.
“А” дивизион. Хэсэг 4.
Англи – Хорват – 2:1 (Лингард, 78. Кейн, 85 – Крамарич, 57).
Хэрэв тус тоглолт тэнцээгээр өндөрлөвөл энэ хэсгийг Испани тэргүүлж, харин аль нэг нь хожвол Испанийн урд гишгэн дараагийн шатанд шалгарч, хожигдсон нь “В” дивизион руу шилжих байв.
Тоглолтын эхэнд аз хорватынхны талд байж, тэд Английн хэд хэдэн аюултай довтолгооны дараа хаалгандаа бөмбөг алдалгүй өнгөрсөн. Харин хоёрдугаар үеийн эхэнд “Чи гоол хийхгүй бол чамд гоол хийнэ” гэдэг бичигдээгүй хууль үйлчлэн Хорватын Крамарич талбайн эздийн хаалганд бөмбөг оруулсан юм.
Гэвч хөлбөмбөгийг үндэслэгч орны баг бууж өгөлгүй эцсээ хүртэл тэмцэн тоглолтын төгсгөлд хоёр гоол оруулан хэсгээ тэргүүлж, харин өнгөрсөн зуны ДАШТ-ийн мөнгөн медальт Хорватын баг “В” дивизион руу буулаа.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ