Зөвлөлтийн элитийнхэн: ЗСБНХУ-ын батлан хамгаалахын сайд асан Климент Ворошилов
И. Сталин, К. Ворошилов, М. Калинин нар
Байлдаж бараг үзээгүй шахуу Климент Ворошиловыг цэргийн жанжин хэмээн байнга хэлдэг. Сталины батлан хамгаалахын ардын комиссар үнэндээ дайн тулааны талбарт амжилт гаргаж байсан хэмээн сайрхаж чадаагүй юм.
Гэвч тэр үйлдвэр, хотуудыг нэрээр нь нэрлэж байсан өөрийн цаг үеийн домогт хүн. Ворошиловын мэргэн бууч гэдэг цолны шалгалтыг бүхэл бүтэн гэр бүлээрээ өгч, комсомолын олон гишүүн комиссынхны өмнө буудлагын ур чадвараа харуулан, хүслэнт тэмдэг авахыг мөрөөдөж байсан ажээ.
Зөвлөлтийн мөрөөдлийн бэлгэдэл болсон энэ хүний хувийн амьдрал ямаршуухан байсныг сонирхоцгооё.
Хүнд хэцүү хүүхэд нас
Ирээдүйн ардын комиссар 1881 онд Луганск нутагт төржээ. Түүний эцэг нь шалихгүй цалин авдаг төмөр замын шалгагчаар ажиллаж, эх нь хүүхдүүдээ харж, хажуугаар нь айлын юм угааж, тогоо барьдаг байжээ. Тэднийх мөнгөөр гачигдаж эхлэхэд, хүүхдүүд нь гуйлга гуйж явдаг болсон байна.
Ердөө долоохон настайдаа Клим хүү томчуудтай эн тэнцүү хөдөлмөрлөдөг байж. Мал хариулж, нударганчуудад зарагдаж, хүдрийн уурхайд ажиллан, хольцтон ялгадаг байсан байна. Түүнд өдөрт 10 копейк өгдөг байжээ.
Эцгийнх нь багш мэргэжилтэй танил нь залуу ажилчны хувь тавиланг өөрчилсөн байна. Тэр хүүхдээ земскийн сургуульд өгөхийг эцэг, эхээс нь хүсчээ.
Клим сургуульд ердөө хоёр жил явж, үүгээр түүний боловсрол дууссан байна. Гэвч энэ нь хүдрийн уурхайн оронд төмөрлөгийн заводад слесарийн туслахаар ажилд ороход бүрнээ хангалттай байжээ.
Заводад хүү дөнгөж байгуулагдсан нууц социал-демократ бүлгэмд элссэн байна. Энэ үеэс түүний цаашдын зам урьдчилан тодорхойлогджээ.
«Зөв гэж үзсэн бүх хүнээ дагадаг»
Сталины ардын комиссарын албан тушаалд Климент Ворошилов заримдаа бусдын амаар ажилладаг байсан байна. Гэхдээ тэр муу хүн байгаагүй, сайхан сэтгэлтэй, эелдэг зөөлөн, бусадтай маргалдаад байдаггүй хүн байжээ.
Үүнээс гадна, тэр их зоригтой, өөртөө шүүмжлэлтэй ханддаг хүн байсан байна. Тухачевский Ворошиловыг нэг удаа дүнхүү хэмээн хэлж байсан ч, гэхдээ цэцэрхээд байдаггүй, өөрөөсөө илүү мэдлэгтэй бүх хүний хэлснийг дагадаг хэмээн онцлон тэмдэглэж байжээ.
Ворошилов Сталины хэлсэн бүхнийг дагаж, түүний тавьсан шаардлагаар ардын комиссар зэр зэвсэг бөөнөөр үйлдвэрлэх ажлыг үнэхээрийн богино хугацаанд цэгцэлжээ. Хэрвээ 1928 онд Улаан арми ердөө есөн танктай байсан бол, арав хүрэхгүй жилийн дараа 17 мянган танктай болсон байна.
«Ворошилов шиг бууд!»
Буудах урлагт суралцаж, дараа нь Ворошиловын мэргэн бууч гэсэн цол авахын төлөө шалгалт өгөх олныг хамарсан хөдөлгөөн нэг ийм явдлаас эхлэжээ.
1932 оны зун Москва мужийн сургуулилтын талбайд захирагч нарын буудлагын сургуулилт болсон байна. Тэднээс нэг нь байг оноогүй учир, ардын комиссарыг түүн дээр ирэхэд, энэ муу нагаан болохгүй байна хэмээн ундууцан бувтнаж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ