Ч.Гэрэлхүү: Талийгаачийн найз залуу Нэмэхбаярыг яагаад барихгүй байна вэ

Аравдугаар сарын 24-ний өдөр загвар өмсөгч, “MNTM” шоуны оролцогч Ч.Чамин-Эрдэнэ өөрийн оршин суух байрныхаа хажуугийн орцны 11 давхраас унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Уг хэргийн талаар хэвлэлийн хуудаснаа талийгаач хар тамхичин байсан, амиа хорлосон гэх зэргээр бичиж байгаа нь ар гэрийнхэнд нь хүндээр тусч байгаа ажээ. Талийгаач бүсгүйн ах, Франц улсад суугаа Ч.Гэрэлхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

-НИЙГЭМД ДҮҮГ МИНЬ АМИА ХОРЛОСОН ХЭМЭЭН ИТГҮҮЛЭХ
ГЭЖ ХИЧЭЭЖ БАЙНА-

-Та цахим хуудастаа шүүх эмнэлгийн шинжилгээний хариу хойшилсон тухай бичжээ. Ямар учраас хойшилсон юм бол. Танд энэ талаар ямар нэг мэдээлэл байна уу?

-Хэрэг гарсны дараа задлан шинжилгээний хариу 14 хоногийн дотор гарна гэж хэлсэн. Одоо асуухаар 21 хоног болгож хойшлуулсан гэсэн. Арваннэгдүгээр сарын 12-нд шинжилгээний хариу асуухаар Шүүх эмнэлэгтэй холбогдсон. Гэтэл “Ганцхан танайх хариугаа хүлээж байгаа юм уу” гэж хэлсэн. Дараа нь очиж уулзахад шинжилгээний хариуг ар гэрийнхэнд нь өгөхгүй, шууд байцаагчид нь өгнө гэж байна. Өнгөрсөн долоон хоногийн дөрвөн өдөр баярын өдөр байсан. Тэр дөрвөн хоногийн дараа, тав дахь өдөр хариу гарна гэсэн. Тав дахь өдөр гарсан хариу байцаагчид очсон ч бид нэг дэх өдөр танилцах юм шиг бана. Юм асуухаар л шинэ хуулиар ингэдэг гээд ам таглаад байх юм.

-Танайхнаас байцаагчид нь ямар нэгэн хүсэлт гаргасан уу?

-Тэгсэн. Талийгаачийн найз залуу болох Нэмэхбаярыг яагаад барихгүй байна вэ гэж асуухад “Ямар нэгэн баримтгүй болохоор хорих боломжгүй байна” гэсэн.

-Та яагаад найз залууг нь барих ёстой гэж үзэж байна вэ?

-Хамгийн сүүлд хамгийн ойр байсан, хамгийн их мэдээлэлтэй хүн. Мөн танайд тодруулга өгөхдөө “Сэтгэл зүйчид хандаж, эм бичүүлж авсан. Сэтгэл санааны хямралтай байсан” гэж хэлсэн нь их асуудалтай санагдаад байгаа юм. Миний талийгаач дүү найз залуугийнхаа тухай огт ярьж байгаагүй. Тэр хүн миний дүүг амиа хорлосон байх гэж хэлсэн нь их сонин байна. Миний дүү сэтгэл зүйчид хандаж байсан удаа байхгүй. Эмийг мэдрэлийн эмч бичиж өгдөг болохоос сэтгэл зүйч бичиж өгөх үү. Шоуных нь сэтгэл зүйчид охидоо байнга үзүүлдэг, дэмжлэг үзүүлдэг л гэж байсан. Манай дүү тэр шоунд оролцохын тулд маш их хичээж, жин хаясан учраас витамин, амин дэм уудаг байсан. Тэр найз залуу нь огт ор үндэсгүй юм ярьсан байна.

-Шоунд оролцохын тулд хувийн зүгээс их хичээсэн учраас амиа хорлохгүй байх. Тийм үү?

-Тийм. Өөрөө их хичээж байсан. Шоунд нийт 400 гаруй охин оролцсон. Тэднээс шилдэг гуравт орсон байсан шүү дээ.

-Танай гэр бүлийг өмгөөлөгч авсан гэж сонссон?

-Өмгөөлөгчтэй гэрээ хийн, хууль зүйн туслалцаа авч байна. Өмгөөлөгч гэрээ хийхээсээ өмнө шинжилгээнд хоёрдугаар баг оруулж ажиллана гэсэн. Өнөөдөр ч хамаагүй хоёрдугаар баг ажиллуулна гэж байсан. Гэтэл хоёрдугаар баг нь ажиллаагүй болохыг ажил явдал болсны дараа мэдлээ. Өмгөөлөгч хоёрдугаар баг шинжилгээнд оруулах учраас та бүхэн ажил явдлаа хийсэн нь дээр байх гэхээр нь бид дүүгээ сүүлчийн замд нь үдсэн.

-Та өмнө нь шинжилгээний хариу гартал оршуулах ёслол үйлдэхгүй гэсэн шүү дээ?

-Тэгсэн. Өмгөөлөгчийнхөө зөвлөснөөр бид ажил явдлыг нь хийсэн. Гэхдээ бид ямар нэгэн байдлаар буруу эргэж магадгүй гэж бодоод, дүүгээ чандарлаагүй, хөдөө нутаглуулсан. 11 сарын 2-ны өдөр цогцост мэнгэ тавих гээд ээж нь орсон. Шүүх эмнэлгийн морг руу ороход цогцос өөрчлөгдсөн байсан. Ээж нь орж харахад хамар нь шалбарсан, толгой нь хавдаж, духнаасаа дээш долгионтож хавдсан, чихнээс нь цус гарсан, хоёрдугаар шилбэ нь хөхөрсөн байсан. Цээжнээс нь хүйс хүртэл их муухай далий мурий оёдол тавьсан. Ээж нь яагаад харж болдоггүй юм бэ гээд нөмрөгийг нь сөхөж харсан. Ээж нь тухайн үед байсан эмчээс “Цогцос яагаад ингэж өөр болсон юм бэ” гэж асуухад доошоо хараад юу ч дуугараагүүй байгаа юм. Нас барсан хүнийг өөрчлөөд байдаг, их аймаар юм. Энэ талаар өмгөөлөгчөөс нь асуухад суурь өвчин байна уу гэж бүх талаас нь шалгадаг гэсэн. Цуснаас нь бүх шилжилгээ гардаг шүү дээ. Гадны нөлөөтэй юү гэж шалгуулж байхад... Хэлэх муу үг олдохгүй байна. Цаашдаа тэвчиж сууж чадахгүй нь.

-Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа ямар шатандаа явж байгаа бол. Танд ямар нэг мэдээлэл байна уу?

-Ар гэрийнхэн, ойр дотны найз нөхдөөс нь тайлбар мэдүүлэг авч байгаа гэсэн. Байцаагч нь хэрэг бүрдүүлэлт явагдаж байна гэсэн хариу өгч байгаа. Хэрэг бүрдүүлэлттэй холбоотой байсан учраас нууцын зэрэглэлд, арваннэгдүгээр сарын 2-ны өдөр хөдөөлүүлсэн. Хамгийн гол нь хоёрдугаар баг шинжилгээнд орсон, ороогүйг баттай мэдээгүй байсан учраас чандарлаагүй. Хэрэв шүүх эмнэлгийн шинжилгээ гадны нөлөөгүй гэж гарвал би өөрөө Европын аль нэг улсад хүсэлт гаргаж, дахин шинжилгээнд хамруулна. Гадаадад хэдэн жилийн дараа ч байсан хамаагүй шинжилгээний хариуг нарийн сайн гаргадаг юм. Би өөрөө хэргийн төлөө эцсээ хүртэл бүх чадлаараа явна. Гэмт хэрэгтний араас мөшгиж хайна, илрүүлнэ, дэлгэнэ. Дараа нь ямар нэгэн байдлаар харамсаж суухгүйн тулд.

-Шоу зохион байгуулагчид ямар байр суурьтай байна вэ?

-“Боловсрол” телевизийн өмгөөлөгчтэй гэрээ хийж хамтарч ажиллаж байна. Тус телевиз өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Зуурдаар амь насаа алдсан тул” гээд пост оруулсны дараа шууд л амиа хорлосон гээд шуугиад эхэлсэн. Шоуны шүүгчид болон төлөөлөл ээжтэй  ирж ганц ч удаа уулзаагүй. Нэг ч удаа яриагүй.

-Энэ хэрэг дээр таны байр суурь ямар байна вэ?

-Би дүүгээ амиа хорлохгүй гэдэгт бүрэн итгэж байгаа. Тийм хүн огт биш. Энэ хэрэгт манай гэр бүл тэр чигтээ хэцүү байдалд байна. Нийгмээрээ амиа хорлосон гээд байхаар маш хэцүү байдаг юм байна. Би өөрөө хүн хөлсөлж, баримт цуглуулж, хавтаст хэрэг нээсэн. Хэрэгт холбоотой бүх сэжүүрийг баримтжуулан авч байна. Саяхан хуурамч хаягаас “Шоудахаа боль” гэсэн аймшигтай дарамт ирсэн. Би тэрийг бас баталгаажуулж авсан. Над руу хуурамч хаягаас нотлох баримт ирүүлэх байх гэж горьдоод хүлээж байгаа боловч эсрэгээрээ юу ч ирээгүй.

-ЭЭЖ НЬ ӨДӨР, ШӨНӨГҮЙ ТАЛИЙГААЧИЙН ЗУЛЫГ НЬ САХИЖ БАЙНА-

-Ээжийнх нь сэтгэл санаа маш хүнд байгаа байх даа?

-Ээж нь яриа өгснөөс хойш сэтгүүлч нар өдөр, шөнөгүй хаалга үүдийг нь нүдээд, утас руу нь залгаад тайван байлгахаа байсан. Намайг нэг пост оруулсны дараа очихгүй байгаа гэж байсан. Зарим сэтгүүлч нар ээжийнх нь гэрт ороод зогсчихсон гэсэн. Ээж нь охиноо алдсантай эвлэрэхгүй байгаа. Байнга л хаалга онгойлгоод ороод ирэх юм шиг хүлээж суугаа. Ажил явдлын зураг харахаараа нас барсан гэж бодоод, бусдаар бол ороод ирэх байх л гэж хүлээж байгаа. Ээж нь өдөржин, шөнөжин зулыг нь сахиж байгаа шүү дээ. Надтай холбогдоод талийгаачийн өдрийн тэмдэглэлийг уншиж өгнө, авсан медаль, цом, шагналуудыг нь үзүүлнэ. Өөрийнх нь зурагтай уут дүүрэн сэтгүүл байдаг юм билээ. Түүнийг үзүүлнэ. Үнэхээр хүнд байгаа. Ээж нь одоо ганцаараа байгаа шүү дээ. Уг нь эгч маань их сэргэлэн цовоо хүн шүү дээ. Цаг хугацаа бага ч гэсэн эдгээх болов уу гэж найдаж сууна.

-Та баримт цуглуулж байгаа гэсэн. Энэ талаар жаахан дэлгэрүүлэхгүй юү?

-Хууль хяналтын байгууллагууд бүх шатандаа авлига авдаг, эсвэл хэн нэгний нөлөөнд автдаг. Тийм учраас би өөрөө хүн хөлсөлж баримт цуглуулж байгаа юм. Энэ хэрэг дээрээс тушаал авсан мэт хэт их нэг талыг барьж, шууд амиа хорлосон болгох гээд байгаа учраас сайн хянаж байна. Ээж нь аравдугаар сарын 29-ний өдөр ярилцлага өгсөн даруйд бүх хэвлэлээр амиа хорлосон гэж гаргасан. Тэр дундаа хамгийн их анхаарал татаж байгаа нь онцлог.мн гээд сайт дээр гарсан нийтлэлийн гарчиг нь хүртэл нэр хүндэд нь шууд халдсан. “MNTM” шоуны шүүгч Норагийн “Талийгаач бүх үнэнийг дэлгэлээ” гэх гарчигтай ярилцлагыг үзсэн, шоу өөрөө сэтгэл зүйчтэй хамтарч ажилладаг гэсэн байсан. Энэнээс сэтгэл зүйч гэдэг үг гарч ирж байгаа юм. Одоо тэр нийтлэл засагдсан. Тэр сайт нийтлэлээ засаад л байгаа харагдаж байна лээ. Би анх гаргасан болон одоо байгаа нийтлэл бүрийг бүгдийг нь баримтжуулаад хэвлэж гаргасан. Тэр сайт яг ээжийнх нь яриа өгсөн өдөртэй зэрэгцээд ийм аймаар нийтлэл гаргасан байсан. Гурван нийтлэл нэг өдрийн зайтай шүү дээ. Би шүүхэд өгнө. Бидэнд мөрдөн байцаалтын нууц гээд олигтой юм хэлэхгүй байсан хэрнээ онцлог.мн гэх сайтад хэргийн газарт байсан бүх юмных нь мэдээллийг өгсөн байсан. Хэргийг газраас iPhone утас авсан гэсэн байсан. Тэр бол худлаа. Сүүлд гэрээс нь ирж утсыг нь авсан шүү дээ. Талийгаач утсаа орхиод гарсан байсан.

-Хэргийн сэжүүр гарсан уу?

-Хэрэг үйлдсэн этгээд нэг биш, хамсаатнууд нь байгаа. Би 100% батална. Нэг биш гурван хүн бий. Мөн хэрэгт оролцогчид бас байгаа. Ер нь гэмт хэрэгтэн өөрөө гараад ирсэн шүү дээ.

-Та нэмж юу хэлэх вэ?

-Бас нэг коммент их сэжигтэй байгаа. Тэр алуурчин бараг цагдаагийнхны нүдэнд илт байна. Их аймаар коммент мэдээ болгоны доор болон постын доор бичээд байна билээ. Их бах таваа хангаж байгаа бололтой байсан. Тэр хүнийг шалгах хэрэгтэй шүү дээ. Ээж нь аравдугаар сарын 24-нд хэрэг гардаг өдөр цагдааг зураг үзүүлэхэд эхлээд таниагүй. Тэр дороо морг руу явж охиноо харахад харсантай нь яв цав таарч байгаа юм. Учир нь “Боловсрол” ТВ аравдугаар сарын 27-нд нас барсан тухай мэдэгдэл хийсэн. Яг энэ өдөр алуурчин өөрөө гараад ирсэн. Тэрний бичсэнийг сайн харвал эмэгтэй, насанд хүрээд удаагүй. ID хаягаараа баригдана гэж тооцоолоогүй. Монголын цагдаа нар цахим хэмт хэрэг илрүүлдэг болсон гэж дуулсан. Хаанаас бичсэн нь ID хаягаар гарч ирдэг. Мөн танай сайтад аравдугаар сарын 29-нд ярилцлага тавигдсан өдөр бас л бах таваа хангаж байсан шүү. Тэр байтугай ажил явдал нь болоогүй байхад амиа хорлосон хүнд газар бүү өг гэх зэрэг мэдээлэл хаанаас аваад байна вэ. Хэн нэгний нэр төрд халдах гээгүй бодит байдал дээр хэрэг яг л ийм байна. Эцэст нь хэлэхэд загварын салбар эрхээ хамгаалж мэдээлэл хийхгүй, хамтарч ажилладаг газрууд нь талийгаачийн талаар ямар ч юм дуугарахгүй байгаад гайхаж байна. Шударга үнэний төлөө хэрэг илрүүлэх залуус надтай нэгдэж болно шүү гэж хэлмээр байна.

/гэрэл зургуудийг ар гэрийн цуглуулсан баримтаас дэлгэв/

У.УРАНЦЭЦЭГ

medee.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ