Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн мөнгийг ДУР ЗОРГООРОО зарцуулсан барилгын компаниуд!
Төрийн мөнгө бол хэсэг бүлэг эрх мэдэлтнүүдэд зориулсан эд биш. Хэрэгцээ шаардлагатай хэсэгт зүй ёсоор хуваарилагдах ёстой мөнгө. Тиймээс ч Жижиг, дунд үйлдвэр /ЖДҮ/-ийн зээлийн зорилтот бүлэг “хувьсаж”, дээшээ ниссэн асуудал нийгмийг бухимдуулж байна. Угтаа бол ЖДҮ гэх сэдэв бугларсан идээ бээрийн өнгөц хэсэг. Төрийн нэрээр халхавчлан идэж уусан бүлэглэлүүдийн тоо, хэлбэр олон янз. Тухайлбал, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн жишээ баримтууд тэдгээрийн нэг хэсэг мөн юм.
Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр 408.4 тэрбум төгрөгийн алдагдал дагуулсан гэдгийг өмнө нь сануулан мэдээлсэн билээ. Тэгвэл энэ удаа Барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөртэй холбоотой мэдээлэлд анхаарал хандуулъя.
Монголбанкны Ерөнхийлөгч болон Барилга, Хот Байгуулалтын Сайдын 2013 оны хамтарсан тушаалаар энэ хөтөлбөр батлагдаж байв. Барилгын гол нэр төрлийн материалын үнийг тогтворжуулах хөтөлбөрт гол нэр төрлийн материал үйлдвэрлэгч, импортлогчдод эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл авч үйлдвэрлэлээ өргөтгөхөд зориулж 379 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг баталсан байдаг. Зардлыг задалж харвал:
Барилгын гол нэр төрлийн материалын дотоодын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад 64 тэрбум;
Зайлшгүй импортлох шаардлагатай барилгын материал (цемент, арматур)-ын улирлын шалтгаантай нийлүүлэлтийн хязгаарлалтыг арилгахад 265 тэрбум;
Дэвшилтэт технологи бүхий, байгаль орчинд ээлтэй барилгын материал үйлдвэрлэх төслүүдийг дэмжихэд 50 тэрбум төгрөг байхаар баталжээ.
Харин Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрийн санхүүжилтийн нийт дүн нь 800 тэрбум төгрөг байхаар дэд хөтөлбөрт тусгасан байна. Энэ хөтөлбөрийн хувьд Ипотекийн хоёрдогч захыг хөгжүүлэхийн тулд эхний үе шатанд санхүүгийн эх үүсвэрээр хангах, Ипотекийн хоёрдогч захад үйл ажиллагаа явуулах үндсэн санхүүгийн байгууллагыг бодлого зохицуулалтаар дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр заасан байдаг.
2015 онд хийгдсэн ШӨХТГ-ын Улсын байцаагчийн дүгнэлт болон 2016 онд гарсан аудитын тайланд “Барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд зарим ААН-үүд гэрээний үүргээ биелүүлээгүй, орон сууцны барилга, оффисын болон бусад зориулалтаар барилга барьсан, арилжааны зээл төлсөн, дотоодоос цемент, арматурын худалдан авалт хийсэн нь БХБЯ-тай байгуулсан төсөл хэрэгжүүлэх гэрээний 4.1.8, 4.4.9 дэх заалтуудыг зөрчсөн гэж тус тус тэмдэглэгджээ. Тухайлбал:
”Билгүүнтрейд” ХХК нь 5 тэрбум төгрөгөөр цемент оруулж ирээд борлуулалгүй эргэлтийн хөрөнгөнд ашигласан.
“Очирням” ХХК 2 тэрбум төгрөг хөтөлбөрийн хүрээнд авч, импортоор цемент оруулж ирээгүй, борлуулалт хийгээгүй.
“Монос констракшн” ХХК ГЕГ-ын мэдээнээс 1.3 тэрбум төгрөгөөр цемент оруулж ирсэн нь нотлогдоогүй.
“Суурь” ХХК 2 тэрбум төгрөг авсан хэрнээ цемент борлуулаагүй. Оруулж ирээд өөрийн эргэлтийн хөрөнгөнд ашигласан.
“Миротек” ХХК 1 тэрбум төгрөг авсан хэрнээ ГЕГ-ын мэдээнээс цемент оруулж ирсэн нь нотлогдоогүй.
“Төмөрттранс” ХХК 4 тэрбум төгрөг авч, эргэлтийн хөрөнгөнд ашигласан.
“Бүрд констракшн” ХХК 1.5 тэрбум төгрөг авч, эргэлтийн хөрөнгөнд ашигласан
“Ганрекс” ХХК 1.5 тэрбум төгрөгөөр дотоодоос худалдан авалт хийж, гэрээний үүргээ биелүүлээгүй.
“Пума” ХХК х төгрөгөөр орон сууц барьсан.
“Эрэл” ХХК өмнө нь авсан зээлээ төлсөн.
“Мост интернэшнл” ХХК, “Анимук” ХХК, “Мөнгөн балгиа” ХХК, “Энх дөлгөөн далай” ХХК, “Баялаг говь” ХХК, “БОСБД” ХХК, “БТТ инженеринг” ХХК зэрэг компаниуд Зээлийн гэрээний үүргээ зөрчиж, зээлийг зориулалтын бусаар зарцуулсан хяналт шалгалтаар тодорхой болсон байдаг.
Тэгэхээр дээрх нэр бүхий компаниудын хувьд хөтөлбөрийн хүрээнд авсан мөнгөө гэрээнд тусгагдаагүй, зориулалтын бусаар зарцуулсан байгаа юм.
Тодотгоход, Монголбанк 2012 оны арваннэгдүгээр сараас эхлэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд сонгогдсон аж ахуйн нэгж, байгууллагуудад арилжааны банкуудаар дамжуулан зээл олгосон. Харин зээлийн нөхцөл болон хугацааг Засгийн газар тодорхойлж байв. Оролцогч банкууд бие даан зээлийн нөхцлийг тодорхойлох боломжгүй. Түүнчлэн хөтөлбөрт хамрагдах аж ахуйн нэгж байгууллагуудыг Засгийн газар сонгон шалгаруулсан болохыг Монголбанкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн Ажлын хэсгийн зүгээс мэдэгдэж байв.
Хөтөлбөрийн мөнгийг зорилтот чиглэлээр нь бус хэсэг бүлгийн эрх ашигтаа зориулан ашигласан гэгдэх нэр бүхий компаниудын хувьд тухайн үеийн эрх баригчдын ивээлээр сонгогдсон компаниуд гэдэгтэй маргах хэрэггүй биз ээ.
Э.БОЛОР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ