Д.Эрдэнэбаатар:Нийт өвчлөлийн 70-80 хувь нь сэтгэл зүйн шалтгаантай

Дэд академич, сэтгэл засалч Д.Эрдэнэбаатартай ярилцлаа.

-Нийгмийн бухимдлаас болж стресс газар авлаа гэж ярьдаг. Үүнээс гадна гаж дон, зуршил ихэслээ, амиа хорлолтын тоо өслөө гэж мэдээлээд байна. Уг суурь шалтгаан нь юундаа байна?

-Нийгмийн бухимдлын суурь бол яах аргагүй стресс, төр засгийн удирдлагагүй толгойгүй байдал. Ерээд оноос хойш нийгмээрээ стресстэй байгаа. Социализмыг сайлах гэсэнгүй. Гэхдээ нэг давуу талыг нь нийгмийн сэтгэл зүйтэй холбож жишээлье. Хүний хувьд хамгийн хэцүү зүйл нь тодорхойгүй байдал, хүлээлт байдаг. Бүр хэцүү нь тодорхойгүй хүлээлт. Хуучин нийгмийн үед сургуульд орохоос тэтгэвэрт гарах хүртлээ яаж амьдрах нь тодорхой байлаа. Иргэн хүний хувьд стресстэхгүй амьдрах тогтолцоо. Бүх зүйл нь тодорхой байсан. Гэтэл зах зээл рүү ямар ч бэлтгэлгүй яваад орчихсон. Нэг нийгмийг нөгөө нийгмээр сольсон зорилго санаа нь зөв ч үнэн хэрэгтээ өнөөдөр зэрлэг капитализм ноёрхоод байна. Хэн хүчтэй, арын хаалгатай, бүлэглэлтэй нь бүхнийг өөртөө авчихдаг. Хамгийн тод жишээ нь одоо ид дэгдээд буй жижиг, дунд үйлдвэр тойрсон шуугиан. Ажлаа хийгээд явж байгаа 80 хувийн тухайд амьдрал амар биш байгаа. Орлого нэмэгдсэн гэж байгаа ч, хөгжөөд яваа мэт боловч тодорхойгүй байдал ард түмнийг залхааж эхэллээ л дээ. 28 жил яг ингээд явчихлаа. Яг нарийндаа дээр суугаа хэд маань яахаа мэдэж байгаа нь бас эргэлзээтэй. Сонгуулийн амлалт, амбицаараа л ажиллах гээд байдаг. Гэтэл бүх юм тав, арван жилийн алсыг харсан стратеги төлөвлөгөөгөөр явах ёстой. Удирдагчид маань эх орон, ард түмнээ гэсэн сэтгэлтэй байх учиртай. Гэтэл тийм сэтгэлтэн 76 дотор ховор харагддаг. Өөрийнхөө л эрх ашгаар асуудалд хандаад байна.

-Тодорхойгүй байдал нийгэмд стресс үүсгэдэг гэж та ярилаа. Хувь хүнд яг яаж илэрдэг вэ, ямар сөрөг нөлөөтэй, эцэстээ юунд хүргэх бол?

-Хүн бол нэг талаас амиа хорлогч амьтан. Нөгөө талаар хүн амины хэрэг үйлдэгч.

-Шууд утгаараа юу?

-Тийм, шууд утгаараа. Тухайн хүнийхээ зан төлөвөөс хамаарч стресст хандах хандлага янз бүр. Стрессийг даван туулах чадвар нь ч ялгаатай. Стресстлээ гэхэд хамгийн түрүүнд бөөрний дээд булчирхайнаас кортизол гэдэг даавар ялгардаг. Ингэж ялгарснаар судсыг агшаана. Зүрхний ачааллыг нэмэгдүүлнэ. Олон удаа стресстэх тусам судас агшиж тэлдэг. Судас олон удаа агшиж тэлвэл судасны дотоод хана гэмтдэг. Гэмтсэн хэсэгт нь фибрин гэж бодис очиж наалддаг. Бүдүүн тоймоор зураглавал судасны хана болхидуухан замаскдсан юм шиг болно. Тэрэн дээр нь цусны улаан эсүүд очиж сууна. Тэгээд судас бөглөрдөг. Хэзээ нэгэн цагт, амьдрах ёстой жамаасаа дор хаяж тав, арван жилийн наана шигдээс, цус харвалт болно гэсэн үг. Эсвэл сэтгэл зүйн шалтгаант бие махбодын өвчин тусна. Бид хэн нэгнийг стресстүүллээ гэхэд нөгөө хүнд яг тийм процесс явагдана. Харахад стресстээд өнгөрч буй мэт боловч цаанаа хүний амь явж байдаг.

-Стрессээс болж сэтгэцэд өөрчлөлт орох уу?

-Оролгүй яахав. Стрессийн шалтгаант сэтгэцийн өвчнүүд гэж бий.

-Энгийн хүмүүс эмнэлэгт хандахаас аргагүйд хүрсэн хүнийг л сэтгэцийн өвчтэй гэж бодоод байдаг. Гэтэл сэтгэцийн эмч нарын хэлж байгаа тоог сонсохоор нийгмийн дийлэнх нь ийм асуудалтай болчихсон ч юм шиг санагддаг. Сэтгэцийн өвчтэй гэж ямар хүнийг хэлээд байна вэ?

-Би сэтгэцийн эмч хүн. Стрессийн шалтгаантай сэтгэцийн завсрын эмгэгүүд гэж байна. Завсрынхыг нь тайлбарлая. Суурь нь мэдээж стресс. Стресс дээр айдас нэмэгддэг. 500 гаруй төрлийн айдас байдаг гэж үздэг. Өндрийн, усны, ганцаардлын, харанхуйн, аалзны айдас гээд тоочвол барагдахгүй. Шалтгаан нь тодорхойгүй бол түгээмэл түгших эмгэг гэж байна. СЭМҮТ-ийн гаргасан сүүлийн судалгаагаар нийт хүн амын 18.5 хувь нь амьдралдаа ямар нэгэн байдлаар түгших эмгэгээр өвдөж байна. Асар хэцүү өвчин.

-Түгших эмгэгтэй хүний хувьд ямар сөрөг тал, хөнөөл байна вэ?

-Амьдралын чанар нь алдагддаг. Ажил хийж, суралцаж, хүнтэй харилцаж чаддаггүй. Болж өгвөл ганцаараа байхыг илүүд үздэг. Ямар ч шалтгаангүйгээр үхэх гэж байгаа юм шиг мэдрэмж төрнө. Галзуурч солиорох гэж байгаа мэт айдаст автана. Эрүүл мэнд талаасаа даралт нь хэлбэлзэнэ, зүрх нь өвдөнө, энд тэнд нь зовиурлана. Хүмүүс элэг, зүрх өвдлөө гээд бие махбоддоо илүү анхаараад байдаг л даа. Яг нарийндаа биеийн өвчнөөс илүү хор хөнөөлтэй нь сэтгэцийн, стрессийн шалтгаантай өвчлөлүүд.Стрессийн шалтгаантай бас нэг эмгэг нь сэтгэл гутрал.

-Сэтгэл гутрал юунд хүргэдэг бол?

-Даамжрахаараа амиа хорлолтод хүргэнэ. Саяхан манай тэнхимийн нэг докторант амиа хорлолтоор докторын зэрэг хамгаалсан юм. Амиа хорлолт ерээд онтой харьцуулахад маш ихэссэн байна. Архидалт 40 дахин, сэтгэцийн өвчлөл 10 дахин ихэссэн гэсэн статистик бий.

-Архидалт сэтгэцийн нэг төрлийн өвчин мөн үү?

-Цэвэр утгаараа тийм. Архины донтолтоос гадна бүх төрлийн мансууруулах бодис Монголд ороод ирлээ. Хамгийн үнэтэй мөснөөс эхлээд бүгд байна. Нэг грамм нь сая төгрөг гэж байна шүү дээ.

-Таныг зориод ирэх хүмүүс дунд мансууруулах бодист донтсон хэсэг байна уу?

-Тийм хүмүүс ирдэг.

-Хэдий насныхан байх юм?

-Дандаа залуус. Залуухан хүмүүс олон төрлийн донтолттой болчихсон байна. Бүх түвшнийхэнд ийм донтолт ажиглагдаж байна.

-Гутрал, түгшилтэд ямар түвшний хүмүүс түлхүү ордог бол?

-Түвшин харгалзахгүй. Анзаарах нь ээ амьдралын боломжтой хүмүүс их байдаг. Баялгаа бүтээх гэж маш их стресстдэг. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас мөнгө зээлсэн нь мэдэгдсэн гишүүд гэхэд л өнөөдөр маш стресстэй яваа. Тэгэхээр амжилтын золиос нь яах аргагүй эрүүл мэнд байдаг.

-Стрессийн гаралтай өвчнүүдийн талаар та бид хоёр түрүүн цухас ярилаа. Яг ямар өвчлөлүүд стрессээс үүддэг талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Түгшилттэй хүмүүс зүрх, толгой гэх мэт эрхтэн нь өвдөхөөр эмнэлгээр явж эхэлдэг л дээ. Шинжилгээн дээр ямар ч өөрчлөлт гарахгүй бол стрессийн шалтгаант өвчин гэж ойлгох хэрэгтэй. Цаг алдалгүй сэтгэл засалчид хандах учиртай. Манай зарим эмч нар стрессийн шалтгаант өвчнийг мэддэггүй. Оношилж чаддаггүй. Шинж тэмдэг дарах эмчилгээ бичиж өгдөг. Түгшилтийн эсрэг эм гэхэд зөөлөн, үр дүн багатайг нь сонгохыг зөвлөдөг. Нийт өвчний 70-80 хувь нь сэтгэл зүйн шалтгаант өвчин байдаг. Ходоодны шарх, арьсны өвчнүүд, зүрхний шигдээс, цус харвалт, бүдүүн гэдэсний шархлаа гэх мэт олон өвчин стрессээс эхлэлтэй. Хорт хавдарт ч стрессийн шалтгаан бий. Стресстээд байхаар дархлаа сулардаг, дархлаа суларчихаар хүний цусны цагаан эсүүд хавдрын эсээ устгаж чадахаа больдог. Хавдар ингэж үүсдэг.

-Стресстэхгүй байхын тулд, стрессийг давахын тулд яах ёстой вэ?

-Стрессийг даван туулах чадавхыг аав, ээж, гэр бүлийн хүмүүжил төлөвшил олгодог. Аав ээж нь хайр халамжтай байсан айлын хүүхэд асуудалгүйгээр даваад гардаг. Хүүхдээ багад нь асуудлыг шийдэх чадвартай болгож, аливааг олон талаас нь харж сургасан аав, ээжүүдэд санаа зовох зүйл байхгүй. Харамсалтай нь эцэг, эхчүүд энэ талын боловсрол нимгэн, зарим тал дээр сөрөг хандлагатай, янз бүрийн шалтгааны улмаас сэтгэл зүйн цохилтод өртсөн байх нь бий. Ийм аав ээжүүд стресс ихтэй, тэр хэрээр стрессээ хүүхдүүддээ нялзаах хандлагатай байдаг. Тийм аав, ээжийн хүүхэд нь асуудалд яг өөрсөд шиг нь ханддаг болдог. Тэр стресс ач зээ нарт нь ч нөлөөлөх эрсдэл өндөр. Үгэнд орохгүй юм, пи си тоглолоо, хичээлээ хийсэнгүй гэсэн тайлбар хэлж хүүхдээ дагуулж ирдэг аав, ээж олон. Уг шалтгааныг нь ухахаар буруутай хүмүүс нь эцэг эхчүүд өөрсдөө байдаг. Дунд сургуульд сэтгэл зүйн хичээл орох гэж байх шиг байна. Дэвшилттэй шийдвэр. Гэхдээ үүнээс гадна сэтгэл судлалын янз бүрийн хичээл заах ёстой гэж боддог. Зөрчлийн сэтгэл судлал, харилцааны сэтгэл судлалыг багаас нь заагаад өгвөл харилцааны болон зөрчлийг шийдвэрлэх чадварыг эзэмшчихнэ. Ингэвэл Монголын ирээдүй асуудалд өөрөөр ханддаг болно. Өөрөөр хэлбэл бага стресстэнэ.

-Монголчуудын хичнээн хувь нь сэтгэцийн эмгэгтэй вэ, багцаа тоо гэж бий юу?

-Гурван хүний нэг нь амьдралдаа ямар нэгэн байдлаар сэтгэцийн тулгамдсан асуудалтай болдог гэсэн ойлголт байдаг л даа.

-Маш өндөр тоо байна. Сэтгэцийн эмгэг үүсгэдэг стресс нэгээс нөгөөд халддаг гэсэн ойлголтыг таны ярианаас авлаа. Тэгэхээр нийт нийгэмд үзүүлэх хор хөнөөл нь айхавтар болж таарах гээд байна....?

-Гамшиг гэчихэд хэтрүүлэг болохгүй. Шууд утгаараа хүн амын насжилт багасна. Амьдралын чанар муудна. Эндээс ургуулаад бодохоор ирээдүйн Монголын хөгжил бараан, бүрхэг харагдах гээд байгаа юм л даа. Гэхдээ хөгжлийг авч яваа цөөнхдөө найддаг. Шинийг хүссэн залуус олон бий. Тэднийг Монголоо хөгжүүлнэ гэдэгт итгэдэг.

-Стрессээс үүдсэн эмгэгтэй хүмүүс сэтгэл зүйч, сэтгэл засалчид хандах ёстой гэж ойлголоо.Гэхдээ монголчуудад сэтгэл зүйчид хандах сэтгэл зүйтэй нь цөөхөн байх шүү...?

-Зан төлөвийнхөө сул талыг өөрчлөх, айдас түгшилтээ шийдэх гэсэн хүсэлтэй хүмүүс ирдэг. Тэр бүхнийг нь бодитойгоор өөрчилдөг сэтгэл заслын техникүүд гэж бий. Мэс засалч хүн зүсээд эмчлээд оёдог шиг сэтгэл засалч хандаад ирсэн хүнийхээ сэтгэлийг нээгээд юу болохгүй байгааг нь оношилж, тохиргоог нь хийгээд буцаагаад хаачихдаг улс. Үр дүнд нь хандаж ирсэн хүмүүс нь аз жаргалтай болдог.

-Жишээ нь танд хандаж ирсэн хүмүүсийн хичнээн хувь нь асуудлаа шийдээд гарсан бэ?

-Нийтэд нь гэж яривал 70-80 хувь нь асуудлаа бүрэн шийдээд гардаг.

-Сэтгэл зүйч дээр ирдэг хандлага хэр болж байна?

-Миний хувьд жилд 1600 гаруй цаг сэтгэл засал хийдэг. Нэг хүнтэй өдөрт нэг цаг ярилцдаг. Дарааллаад тав хоног ярилцах нь ч бий.

-Хар тамхинд автсан хүмүүсийг эмчлэх ямар арга байна вэ?

-Нэг төрлийн донтолт л доо. Ярилцаад үзэхээр сэтгэл зүйн хувьд тогтвортой гэр бүлд өссөн хүүхдүүд татгалзаж чаддаг. Гэтэл эцэг эх нь хүүхдэдээ анхаарал тавилгүй өсгөсөн айлын хүүхэд сэтгэл зүйн хувьд сул байдаг. Ийм хүүхдүүд донтолтоосоо татгалзаж чадахгүй байх эрсдэл өндөр. Энэ төрлийн хүүхдүүд гурван янз. Нэг нь эрх хүүхдүүд. Хүлэмжийн хүмүүжил гэдэг. Аав, ээж нь бүхнийг урдуур нь орж хийгээд байдаг айлын хүүхдүүд. Тэд тэмцэгч биш болж өсдөг. Амьдрал гэдэг бол асуудлыг даван туулах буухиа уралдаан шүү дээ. Хоёр дахь нь хатуу гарын хүмүүжил. Аав ээж нь бие махбод, сэтгэл зүйн хувьд хүчирхийлэгч байсан бол тухайн хүүхэд томроод хүчирхийлэгч болдог. Хичнээн “Би хүүхдэдэээ аав, ээж шигээ зан гаргахгүй” гэж боддог ч амьдралын асуудлыг шийдэх ганцхан арга нь хүчирхийлэл юм байна гэсэн хандлагыг багаасаа мэдрээд өсчихдөг гэмтэй. Ийм шалтгаанаар стресстэнэ, гутарна, айдастай болно. Тэгээд л мансууруулах бодис хэрэглэх магадлалтай хэсэгт багтчихдаг. Гурав дахь хэв шинж нь харшилдсан хүмүүжил. Аав нь загнахаар ээж нь өмөөрдөг айл байдаг даа. Эсвэл ээж нь нэг загнаад, дараа нь загнасандаа гэмшээд бөхөлзөөд байвал энэ хэв шинжид багтана. Энэ тохиолдолд хүүхэд “Ийм нөхцөлд биеэ яаж авах ёстой юм бол” гээд дахиад тодорхойгүй байдалд орчихдог. Гэтэл аав, ээж нь буруу юм хийвэл зэмлэж, сайн үйл хийвэл магтдаг айлын хүүхэд бие даагаад зөв шийдвэр гаргаж сурдаг.

dnn.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ