Ч.Хүрэлбаатар: Шатахууны үнэ ирэх арванхоёрдугаар сараас буурна гэдэгт итгэлтэй байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх шатахууны үнийн асуудлаар жагсаал зохион байгуулсан иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэрээр "Залуучууд та бүхэн шатахууны үнийн асуудалд санаа зовж Засгийн газарт шаардлага тавьж ажиллаж байгааг би Ерөнхий сайдын хувьд зөв зүйтэй зүйл гэж хүлээж авч байгаа. Гэхдээ шатахууны үнэ биднээс хамаардаггүй гэдгийг ойлгож байгаа байх. Манай улс бол шатахуунаа 100 хувь импортоор авч байгаа. Нийт хэрэглээнийхээ 98 хувийг ОХУ-аас, хоёр хувийг нь БНХАУ, БНСУ-аас авдаг. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өссөнтэй холбоотойгоор импортлогч компаниуд үнээ өсгөдөг. Цаашдаа бид урд хормойгоо авч хойд хормойгоо нөхөн бус урт хугацаандаа ашигтай ажил хийх хэрэгтэй. Ардчилсан чөлөөт зах зээлтэй манай улсад бүх юмны үнийг барих боломжгүй. Ингэвэл олон зүйлд сөргөөр нөлөөлнө. Харин төр засгаас зохицуулалт, тодорхой хэмжээний хяналт шалгалт хийх хэрэгтэй гэж үздэг. Манай Засгийн газрын дэвшүүлсэн нэг том зорилт бол газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах явдал. Үйлдвэрээ ашиглалтад оруулснаар шатахууны үнийн өсөлт ингэж савлахаа болино. Үүний төлөө Засгийн газар ажиллаж байна" гэлээ.

Шатахууны үнийн асуудлаар жагсаал зохион байгуулсан иргэдийн төлөөлөл Ерөнхий сайд хүлээн авч уулзаж байгаад нь баяртай байгаагаа илэрхийлээд Ерөнхий сайдын шударга ёсны төлөөх тэмцлийг дэмжихээ илэрхийллээ. 

Ерөнхий сайдын иргэдтэй хийсэн уулзалтад оролцсон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар шатахууны үнэ арванхоёрдугаар сард буурна гэдгийг хэллээ. Тэрээр "Шатахууны үнэ дэлхийн зах зээл дээр тасралтгүй буурч байгаа. Одоо бол үнэ өндөр байх үед ОХУ-аас авсан шатахуун Монгол зарагдаж байгаа. Ирэх арванхоёрдугаар сарын гэрээгээ хийхдээ үнээ буулгаж байгаа юм билээ. Дээрээс нь ямар нэгэн татвар байхгүй учраас шатахуун импортлогч компаниуд удахгүй үнээ буулгана гэдэгт итгэлтэй байгаа" гэлээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ