Л.Гүндалай: У.Хүрэлсүх ЖДҮ гишүүдээ намаасаа хөөхгүй бол өөрөө чацга царайлна
Монгол Улсын иргэн Л.Гүндалайтай ярилцлаа.
-УИХ, Засгийн газрын гишүүд өөрийн компанидаа жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгодог 3 хувийн хүүтэй зээлийг авч, тэдгээр иргэдийн боломжийг хаасан. Иргэд эрх баригчдад зэвүүцэж, тэднийг эгүүлэн тат, хуулийнхнаар шалгуул, Засгийн газрыг огцруул гэж шаардаж байна. МАН үүнээс үүдэж дотооддоо хямралд орлоо. Улстөрд удаан явсан таны бодлыг шинжие гэж бодсон юм?
-Тэдний үйлдэл маргаангүй Эрүүгийн хуульд заасан “Албан тушаалын урвуулан ашигласан” гэх хуулийн заалт. Засгийн газрын тусгай сангууд, Чингис, Самурай бонд, АСЕМ гээд мөнгөний уутнууд бий. Энэ уутанд гараа дүрсэн улстөрчдөд шууд л хариуцлага тооцох хэрэгтэй. Сангаас хулгайлсан УИХ, Засгийн гишүүд өөрсдийгөө “уучлал гуйсан, зөв юманд зарцуулсан, өрөө төлсөн” гээд зөвтгөх гээд байна. Хулгайн мөнгийг зөв, буруу зарцуулна гэж байдаггүй юм. Өөр өчнөөн хүнд зориулсан зээлийн боломжийг ганцаараа авчихаад “Би ЖДҮДС-гаас зээл авсан нь үнэн. Гэхдээ зориулалтаар нь зарцуулсан” гэдэг бол уучлах зүйл биш. Тэд ёс зүйтэй л юм бол сайдаасаа, УИХ-ын гишүүнээсээ өөрсдийн саналаар татгалзах ёстой. Дараа нь өөрсдийгөө шалгуулъя гээд хуулийн байгууллагын хаалгыг саналаараа татах учиртай. Прокурор, шүүх тэдний асуудлыг шийдсэн хойно гэвэл 2 жилээс наашгүй бөгөөд хэдийнэ буруутай УИХ-ын гишүүдийн бүрэн эрх дуусчихна. Ёс зүйн хариуцлага бол шууд хүлээдэг хариуцлага шүү дээ. Ёс зүйн хариуцлагын дараа бусад хариуцлагаа хүлээдэг юм байгаа биз.
-Цаасан дээрх баримт нь ил болчихоод байхад тас гүрийж байгаа гишүүд ёс зүйн хариуцлага хүлээх үү. Энэ нөхцөлд ёс зүйн хариуцлагыг нь хэн хүлээлгэх ёстой юм?
-За ёстой, тэд тэгж байвал ялсан намын дарга У.Хүрэлсүх хүлээлгэх ёстой. Тэгж чадна. Тэр эрх мэдэл нь У.Хүрэлсүхэд байгаа.
-Байхгүй юм биш үү. Өөрийгөө “шүдгүй арслан” гэж өрөвдүүлэх гэж оролдсоныг нь сая бид харлаа.
-У.Хүрэлсүхийн шүдгүй арслан гэж худлаа л байхгүй юу. Зүгээр л иргэдийг доромжилж байхгүй юу. Ялсан намын дарга хүн биз дээ. Хамгийн түрүүнд тэднийг намаасаа хөө. Дараа нь “Та нар МАН-ын нэрээр УИХ-ын гишүүн болсон. Одоо УИХ-ын гишүүнээсээ татгалзахыг хүсч байна” гэж Ерөнхий сайдын хувиар шаардах ёстой. У.Хүрэлсүхэд эрх мэдэл нь байхад өөрөө л хүсэхгүй байна. Хүсэхгүй гэдэг чинь чадахгүй гэсэн үг. Хүсвэл энэ шиг амархан юм байхгүй. Хэрвээ би У.Хүрэлсүхийн оронд МАН-ын дарга байсан бол ЖДҮ зээл авсан УИХ-ын гишүүдийг намаасаа хөөчихсөн байгаа. Бүр “УИХ-ын гишүүнээсээ татгалзвал намаасаа хөөхгүй” гээд болзол тулгасан байгаа. Эсвэл УИХ-ын гишүүнээсээ татгалзах өргөдлөө өгөхийг Ерөнхий сайдын хувиар хүсчихсан байх байсан.
-Хуулийн байгууллагаар нотлогдтол нь хүлээнэ гэвэл тэртэй тэргүй иргэд ЖДҮ гишүүдэд сонголтоороо дүнгээ тавьж, дараагийн УИХ-ын гишүүд тангараг өргөчихнө биз.
-Тэгнэ. У.Хүрэлсүхэд хуулийнхныг хүлээх хугацаа үлдээгүй. У.Хүрэлсүхэд намын даргын ч, Ерөнхий сайдын ч эрх мэдэл байна.
-У.Хүрэлсүх Ерөнхий сайд болохдоо Монгол даяар “Надаас болон манай Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй. Би амиа алдахаас айхгүй. Иргэдийнхээ итгэлийг алдахаас л айж байна” гэж сүрданзан мэдэгдэл хийсэн. Сайд нараа хянаж чадаагүй нь энэ хүний алдаа боллоо гэж харж байна.
-Танхимаа бүрдүүлээд жил гаруй ажиллалаа. Түүнд дэг журам, сахилга хариуцлага тогтоох хугацаа У.Хүрэлсүхэд хангалттай байсан. Анх МАН-ын дарга болоод л “Манай намын нэрээр албан тушаалд ажиллаж байгаа хүмүүс төсөв хөрөнгө завшиж, сангуудын зээлд гар дүрж болохгүй. Улсын мөнгөнөөс хол бай. Тийм явдал гаргаж намын нэр хүндэд сэв суулгаж болохгүй. Би шалгана” гэж хатуу анхааруулах ёстой байсан. Засгийн газрын тэргүүн болоод сайд нартаа “Гишүүдэд битгий юм өгөөрэй. Манай дарга нар битгий аваарай. Энэ зээл зорилтот бүлэгтээ л шударгаар очих ёстой. Тэрийг би өөрөө хянана, шалгуулна” гэх ёстой байсан. Тэгтэл У.Хүрэлсүх тэгж ажиллаж чадсангүй. Хий хоосон сүртэй хашгирах биш хийх л ёстой байлаа. Сүржин мэдэгдлийн оронд ажил хийх ёстой байв. Хуцдаг нохой зуудаггүй гэдэг ардын үг байдаг даа. Мань хүнийг ер нь хэн алах гээд байсан юм. “Амиа алдахаас айхгүй байна” гэж сүржин мэдэгдэл хийхийн оронд Монгол Улсын Ерөнхий сайд юм бол хамгаалалтаа л нэмэгдүүлнэ биз дээ. Үхэхээс ч айхгүй байна гэхэд нь худлаа залдаг нөхөр байна даа ойлгосон. Монгол тайван орон шүү дээ.
-МАН-ыг 60 тэрбумынхан ба Жижиг дундынхан гэж хоёр хувааж байна. “Гишүүн сугалбал Засгийн газрыг чинь огцруулна” гэсэн улс төрийн хайчин галд орсон байхыг ч бас үгүйсгэхгүй.
-МАН 64 гишүүнтэй. Жижиг дундтай холбогдсон 14 гишүүн сугалчихад цаана нь 50 гишүүн үлдэнэ. Олонхи хэвээрээ л байж, төр засгаа удирдаад л явна. Үнэхээр намаа боддог дарга юм бол танай, манай тал гэж хамгаалаад байх зүйлгүй. Энэ дээр л миний түрүүн хэлдгээр хариуцлага тооцож чадахгүй юм бол У.Хүрэлсүх, МАН хоёр жорлонд уначихлаа. Нэгэнт жорлонд унасан намаас өмхий нь гарахгүй. Баасаа шалавхан арчвал МАН-д сургамж болж үлдэнэ.
-Энэ байдлаараа МАН 2020 оны сонгуульд ялагдаж, итгэл суларсан, ичсэн намын анхан шатны гишүүд нь намынхаа 100 жилийн ойг сэтгэл гундуухан л ёслох нь дээ.
-Ер нь бол ЖДҮ бол бага улс төр. Өнөөдрийг хүртэл юу ч хийхгүй байгаа нь У.Хүрэлсүхийн огцрох үндэслэл. Би У.Хүрэлсүхийг гурван үндэслэлээр огцрох ёстой гэж хэлнэ.
Нэгт, өөрийнх нь Засгийн газрын гишүүд, намынх нь гишүүд ийм зүйлд оролцсон нь Ерөнхий сайдаасаа огцрох шалтгаан.
Хоёрт, уучлал гуйсан УИХ-ын гишүүдийг 2020 онд дахин нэр дэвшүүлнэ гэж хэлсэн нь огцрох шалтгаан.
Гуравт, “Би ямар ч хүчгүй. Шүдгүй арслан шиг байна” гэж хэлсэн нь огцрох шалтгаан. Засаг барьж байгаа намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд болсон хүн өөрийгөө хүчгүй, чадамжгүй гэдгээ хүлээж байхад цаашид ажиллуулж яах юм. Би яагаад үүнийг хэлээд байгаа гээч.
-За.
-Би УИХ-д 12 жил гишүүнээр ажилласан. Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд байсан. Ардчилсан намын дэд дарга хийж байсан хүн. Нам, улс төр, төрийн институцид Үндсэн хуулиар олгогдсон ямар эрх мэдэл байдгийг би хамгийн сайн мэдэх хүний нэг. Чадах ёстой, өөрт нь байдаг эрх мэдлийг хэрэгжүүлж чадахгүй яваа учраас сануулж шүүмжилж байгаа юм.
Би улс төрөөс холдоод хувийн бизнесээ хийж байгаа хүн. Миний Батсарай компани ХААН банкнаас жилийн 26 хувийн хүүтэй 750 сая төгрөгийн бизнесийн зээл аваад, үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Голомт банкнаас 21 хувийн хүүтэй зээл аваад бас л бизнес хийж байна. Бизнесийнхэн, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бичиг сачиг цуглуулаад, зээлээ хөөцөлдөөд бүтдэггүй. Би тэдний л нэг учраас банкнаас шударгаар зээл аваад явж байгаа. Харин тэд яаж байна.
-Намдаа өгсөн хандив, дэмжлэгээ сайд болоод төсвөөс буцааж авдаг. Сангийн хөрөнгөөр хамаатнуудаа тэжээдэг явдал таныг Эрүүл мэндийн сайд байхад ийм зүйл ажиглагдаж байв уу?
-Эрдэнэт болон улсын үйлдвэрүүд, ганц нэг сангаас мөнгө иддэг нөхөд зөндөө байсан. Тэр хүмүүс хэвлэлээр бичигдээд, хариуцлагаа хүлээсэн.
-Төрийн албыг үнэлэн зардаг. Албан тушаалд хүн томилсныхоо хариуд мөнгө авдаг явдал байна аа. Төлөвлөгөөгөө гадагшаа алдсан нь л МАН болохоос бусад намууд ч ялгаагүй ийм гэдэг. Таныг сайд байхад ийм зүйл байв уу?
-Байсан байх аа. Ардчилсан нам бол фракцаараа албан тушаалуудаа хувааж авдаг. Фракцийн дарга нар нь фракцийн гишүүддээ мөнгө гаргаж өгдөг хүмүүс. Мөнгө өгсөн хүмүүс нь өгсөн аргаараа мөнгөө буцааж авдаг байлгүй дээ, бодвол. Намайг 2006 онд Эрүүл мэндийн сайд болоход Засгийн газарт ийм олон сан байхгүй, улс ч мөнгөгүй байсан.
-Сайд нар нь концесс авсан, намын удирдлагууд нь төрийн албаа дамлачихсан, жижиг дундынхны зээлийг гишүүд нь булаасан ийм олонхитой УИХ Үндсэн хуулийг өөрчлөх ёс суртахууны эрхтэй юу?
-Ямар нүүрээрээ хэлэлцэх вэ. Ер нь бол Үндсэн хуулийг өөрчилснөөр хамаг асуудал шийдэгдээд, ард түмний амьдрал сайжирна гэдэг худлаа шүү. Ерөнхийлөгч УИХ-ыг тар гэхээр эд нар тарахгүй ээ. Хэчнээн муу, өмхий байсан ч эд нар тарахгүй. Харин Засгийн газар огцрох ёстой. “У.Хүрэлсүхтэй 2020 оныг хүргэвэл би УИХ-ын гишүүнээр сонгогдож чадахгүй юм байна. Энэ хүн ажил хийхгүй. Нам амлалтаа биелүүлэхгүй. Тийм учраас арай гайгүй хүнээр солиод тавьчихъя” гэсэн амин хувийн бодлоор энэ гишүүд чинь У.Хүрэлсүхээ унагаах гээд цаас бариад гүйцгээж эхэлчихлээ. У.Хүрэлсүх нь үнэхээр сайн ажиллаад ард түмэнд хонгилын үзүүрт гэрэл харуулсан бол өөр шүү дээ. “Таньтайгаа явбал дахин дахин сонгогдоод байх юм байна” гээд бусад нь дагана биз дээ. Бүлгүүд нь задарна биз дээ. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд болоод бас л ажил хийлгүй хий дэмий жил гаруй суусан. Тэр хүнтэй зам нийлээд цааш явбал бүтэхгүй гэдгийг МАН-ын УИХ-ын гишүүд мэдэрсэн учраас өөрсдийнхөө цаашдын карьерыг бодож унагаасан л байхгүй юу. Арай гайгүй гэж бодоод У.Хүрэлсүхийг тавьтал яасан, одоо бид харж байна.
-У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаас нь унагаавал шинэ цэвэрлэх байгууламж баригдахгүй, нефть боловсруулах үйлдвэр зогсоно, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ашиглалтад орохгүй, Тавантолгой, Оюутолгой гацна гэсэн бичвэрүүд сошиалд төлбөртэй явуулж байсан. Нэг албан тушаалтны сандал суудлаас болоод төрийн бодлого, улсын ажил зогсоно гэж байх уу?
-Яалаа гэж дээ, төрийн ажил явдгаараа явна. Ийм чухал ажлыг оронд нь гарч ирээд зогсоодог тэнэг гэж байхгүй. Наадах чинь У.Хүрэлсүхийн арга явахдаа хийсэн, эсрэг PR шүү дээ. Тэрэнд итгэх хүн байхгүй байх аа, арай ч дээ.
Би олон хүнтэй уулзахдаа, нэг зүйлийг хэлдэг. Монголд лидер хэрэгтэй. Лидер л энэ улсыг авч гарна, ажил хийнэ. Эдийн засгийн тогтолцоонд найдалтгүй. Жинхэнэ эдийн засгийн тогтолцоо Герман, Япон, Америк зэрэг баян оронд байдаг юм. Ядуу Монголд ямар ч нөхөр төрд гарсан хэвшсэн тогтолцоо нь ажлаа нураалгүй үргэлжлүүлдэг, тэр нөхрөөс хамгаалдаг тогтолцоо байхгүй. Хэн ч гарч ирсэн Мерседес зардгаа л зарж байдаг, жижиг дундынхан нь зээлээ шударгаар авч байдаг эдийн засгийн тогтолцоо нь баян Германд л байна. Жижиг дунд үйлдвэр, том бизнес нь улсаа авч явдаг Герман шиг эдийн засагтай улсад л хэн ч гарч ирсэн тогтолцоогоо нурааж чаддаггүй юм. Монголд эдийн засгийн бат бэх тогтолцоо байхгүй. Тийм учраас эдийн засгийн тогтолцоогоо эрүүл болгож чадахгүй бол Үндсэн хуулиа, засаглалаа өөрчлөөд нэмэргүй. У.Хүрэлсүх лидер байж чадсангүй. Дахиад хэлье, Монгол Улсыг одоогоор зоригтой лидер л хөгжүүлнэ. Энэ лидер шударгаар ажиллаж байгаа хүмүүсээ тайван байлгаад, боломжийг нь олгоод, шударга байдлыг бүрдүүлээд өгөх ёстой. “Шударга байна” гэж сонгогдчихоод шударга яваа хүмүүсийнхээ боломжийг шударгаар булааж идээд байвал Монголын амьдрал сайжрахгүй.
-Гишүүд ёс зүйн хариуцлага хүлээхгүй, ажил хийдэггүй засаг огцрохгүй бол яах ёстой вэ. Иргэд гудамжинд гараад үзэл бодлоо илэрхийлбэл цагдаа баривчлаад явчихаж байна. Ингээд фейсбүүк дээрээ шүүмжээ бичээд байвал буруутай албан тушаалтнууд хариуцлага хүлээнэ гэж байх уу. Түрүүн таны бичлэгийг үзлээ, “Гудамжиндаа гарч шаардахгүй бол чацга царайлаад дарлуулаад байж бай” гэж байна лээ. Жагсаад асуудал шийдэгдэх үү?
-10 мянган хүн гудамжинд гарч жагсаад шаардахад энэ ордонгийн хүмүүс буугаад л өгнө. Засгийн газар огцорно. Монголчууд энэ байдлаараа өөрсдийнхөө төлөө тэмцдэггүй, зориггүй байдлаараа байвал өлбийгөөд, чацга царайлцгаагаад явна. Угаасаа тэгж явж байгаа. Үнэндээ монголчуудын 80-90 хувь нь чацга царайлчихсан яваа. Нүүрээр нь дүүрэн чацга наалдаад, өмхий утаатайгаа холилдоод явж байна. Яагаад гэвэл, бүгд ядуу, залхуу, бизнесгүй. Бүгдийнх нь боломжийг хэдхэн хүн хувааж идээд, баялгийг нь өөр улсууд авчихсан. Өмчгүй, бизнесгүй хүнд эрх чөлөө байдаггүй юм. Эрх чөлөө чинь эдийн засгийн эрх чөлөөний ургадаг юм. Хүмүүс жагсахгүй байгаагийн учир нь, бүгд мөнгөгүй, ядруу, зориггүй, боловсролгүй, мэдээлэлгүй, даргаас айдгаас болж байна. Юу болж байгааг ойлгохгүй, юу болох гээд байгааг ч ойлгохгүй, яах ёстойгоо ч мэдэхгүй. Энэ янзаараа өөдлөхгүй. Гашуун ч гэсэн үнэн тэр. Хүлцэнгүй дарлуулаад байвал чацга царайлаад л дуусна.
newpress.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ